Бүгдээрээ бүсээ чангалах жил

2014 оны 12 сарын 02

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын төсвийг батална гэдэг босон, суун хийчихдэг хялбар ажил биш учраас өнөө жилээс эхлэн хоёр удаагийн хэлэлцүүлэг өрн үүлж байхаар шийдсэн. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах эхний хэлэлцүүлэг өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Нөгөөдөр хоёр дахь хэлэлцүүлгээ хийж төсөв баталснаар улаанбаатарчууд ирэх онд ямаршуухан өнгө төрхтэй аж төрөх дүр зураг тодорхой болох юм. “2015 оны нэгдсэн төсвийг энэ хэвээр нь баталбал Улаанбаатар хот дампуурна” хэмээн Э.Бат-Үүл дарга үстэй толгойгоо зулгаах нь холгүй бухимдаж байсан цаг саяхан. Улс орны эдийн засгийн байдал муужрах тийшээ хандангуут Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар нийслэлийнхэнд хамаг ачаагаа үүрүүлж, тэднийг улсын төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүл гэж тулгасан нь хотын мээрийг тийнхүү бачимдахад хүргэсэн юм. Харин эцэстээ аргагүй үнэнд гүйцэгдэн нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэснээр асуудал арай намжжээ. Гэхдээ л Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих зардал болох 53.1 тэрбумыг нийслэл хариуцахаар болсон нь өмнөх жилүүдэд улсад төвлөрүүлдэг байсан орлогоос 12 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ мөнгийг хаанаасаа олох вэ гэж нийслэлийн удирдлагууд бас л толгойгоо гашилгаж суугаа аж.

Ирэх онд нийслэлийн төсөвт 575.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бол зарлага нь 323 тэрбум байхаар төлөвлөжээ. Тухайлбал, хот тохижилтод 66.4, халамжийн санд 95, нийтийн тээврийн татааст 51.3, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 5.6 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Урсгал зардлуудаа хотойтол танаж, эд хогшил худалдан авах мөнгийг долоо дахин, биеийн тамирын уралдаан тэмцээнийхийг 12.5 дахин бууруулсан гээд ирэх оны төсвийн төслөөс харахад нийслэл “бүсээ чангалж”, ихээхэн арвилан хэмнэлт хийсэн нь анзаарагдав. “Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг үндсэн гурван бодлогын чиглэлийг баримталж боловсрууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримталж байна. Мөн УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд урсгал зардлыг 57 тэрбум төгрөгөөр бууруулж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуультай холбогдуулан 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцсон” хэмээн Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа төсвийн төслийг танилцуулахдаа онцлов. Цомхтголд орох удирдах албан тушаалтан гэдэг нь нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн орлогч дарга нарыг хэлж байгаа бөгөөд үүнээс гадна ажлын чиг үүргийн давхардалтай гэж үзэж буй зарим агентлагийг нэгтгэх, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх санал оруулж буй гэнэ.

“Авдрын ёроолыг уудалж атга гурил олов” гэгчээр энэ мэтчилэн хэмнэж танаж болох бүхий л арга чарга, нөөц боломжоо сүвэгчлэн төсөв бүрдүүлэх хүндхэн үүрэг хотын удирдлагуудад ногдоод буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн улирал тутам авдаг урамшууллын мөнгө болох 20 сая төгрөгийг олгохгүй байхаар уг төслийн төсөвт тооцсон байна. Үүнийг төлөөлөгчид ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд урамшууллын мөнгийг минь байхгүй болгочихвол сонгогдсон дүүрэг, хороондоо ямар ч ажил хийх боломжгүй болно шүү хэмээн “айлгасан” сурагтай. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч улирал тутам 10 сая төгрөгийн урамшуулал авдаг байснаа өнг өрсөн жил хоёр дахин нэмүүлсэн юм байна. Тэглээ гээд төлөөлдөг дүүрэг, хорооддоо хоёр дахин их ажил хийсэн үү гэвэл эргэлзээтэй. Нэг хүн жилд 80 сая төгрөгийн урамшуулал авдаг гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийлээд 3.6 тэрбумыг хааш нь ч юм үрэн таран хийдэг гэсэн үг. Тиймээс ядаж энэ жил, Монгол Улсын, нийслэл хотын маань сангийн авдар дулимагхан байгаа энэ үед иргэдийн төлөөлөгчид болсон та нар минь иргэний зориг гаргаад тэр 3.6 тэрбум төгрөгөө төсөвт хандивлачихаач. Юунд зарцуулах саналаа хэлэх эрх нь харин та нарт байгаа шүү дээ.

Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар бол шинэ бүтээн байгуулалтын ажилд 117 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон ч тэнд хүүхдийн эмнэлэг, амаржих газар барих тухай нэг үг, өгүүлбэр ч байхгүйг та нар мэдэж байгаа. “Ирэх онд хүүхэд залуучуудын хөгжилд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван сургууль, есөн цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулна, одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг өргөтгөж, “Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон” болгохоор төсвийн төсөлд тусгалаа” хэмээсэн нь сайхан сонсогдох ч нэг л зүйл дутуу байгаа нь эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн яамны хийх ажил гээд хойш тавьж болохгүй зүйл бол хүүхдийн эрүүл мэнд шүү дээ. Өнөөдөр хувь, хувьсгалын хүүхдийн бүх эмнэлэг ачааллаа дийлэхгүй, өвчтэй нялхас эмнэлгийн шалан дээр хэвтэж байгааг олон нийтийн хэрэгслээс харж, сонссон л байх. Магадгүй нэг өдөр таны хүүхэд ч тэгээд хэвтэж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл танд хэчнээн их мөнгө, эрх мэдэл байгаад тэр чинь үйлчлэхээсээ өнгөрсөн ганц зүйл бол хүүхдийн эмнэлэг болчихоод байна. Тиймээс нөгөөдөр батлах төсвийн хэлэлцүүлэгт ядаж ганц төлөөлөгчийн амнаас хүүхдийн эмнэлэг байгуулъя гэдэг үг унана гэж найдъя. Түүнийг нь дэмжээд гараа өргөх халуун сэтгэл, “хатан зоригтой” аав, ээжүүд төлөөлөгчдийн дунд байгаа гэж залбиръя.

Л.ГАНЧИМЭГ