Т.ЖАДАМБАA: ХУУЛЬЧ НОЦТОЙ АЛДАА ГАРГАВАЛ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

2014 оны 12 сарын 02

  Эгнээндээ 4671 хуульчийг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбоо үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байна. Хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, нэр хүнд, хариуцлагын тогтолцоог тойрсон асуудлаар тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны шинжээч, гавьяат хуульч Т.Жадамбаатай ярилцлаа.

-Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, хуульчдын хариуцлагын тогтолцоо жинхэнэ утгаар бүрдээд байна. Ажлаа юунаас эхлэв? -Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-наас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хуульчдыг нэгтгэсэн холбоо байгуулах эрх зүйн үндэс болсон. Нөгөө талаар хуульчийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалт, эрх зүйн орчныг энэ хуулиар зохицуулж байна. Хуульчдын холбоо нь хэд хэдэн хороотой, тэдний нэг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороо. Энэ хорооны үүрэг нь хуульчдын үйл ажиллагаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хуулийг дагаж гарсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ зөрчсөн эсэхийг хянах юм.

-Прокурор болон шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд нөлөөлөх эрх хэн нэгэнд байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, дүрэм нь энэ эрх рүү халдсан байх вий. Үүнийг хэрхэн зохицуулсан юм бэ?

-Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба аравдугаар сарын 25-нд ажлаа эхэллээ. Ажлын албаны мөрдөх журам арваннэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон. Төрийн болон шүүх, прокурорын байгууллагын чиг үүрэгтэй холбоотой асуудал энэ дүрэмд хамаарахгүй. Шүүхийн байгууллага албан хаагчдынхаа ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг Шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулж, прокурорын байгууллага Мэргэжлийн зөвлөл, Ёс зүйн зөвлөлөөр шийддэг. Харин Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо тухайн хуульч ямар алдаа дутагдал гаргасан бэ гэдгийг хянах үүрэг хүлээж байгаа. Ийм тодорхой хязгаарлалт бий. Аливаа юмыг засаж сайжруулж болдог. Ийм саналууд ирвэл Хуульчдын холбоо зохих шатанд нь шийдвэрлэх байх.

-Зарим хуульч авлига авах, шударга бус хандах зэргээр алдаа гаргадаг. Нөгөө талаар хуулийн байгууллагаар маргаан шийдүүлж буй хоёр талын нэг нь сэтгэл дундуур үлддэг. Үүнээс ажихад Мэргэжлийн хариуцлагын хороонд ирэх гомдол зарга нэмэгдэх байх. Энэ хороо ингэхэд хаанаас, хэнээс өргөдөл гомдол хүлээж авах ёстой вэ?

-Энд прокурор, өмгөөлөгч, шүүгч буюу цэвэр шүүх ажиллагаанд оролцдог албан хаагчдын өргөдөл, гомдлыг авна. Мөн иргэдээс зөвхөн өөрт нь үйлчилсэн өмгөөлөгчийн талаарх гомдлыг авна. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайн прокурор зөвхөн шүүгч, өмгөөлөгчийн талаар л гомдол гаргана. Хэрвээ хэн нэгэн прокурор, шүүгч, өмгөөлөгч ажил мэргэжлийн хувьд алдаа гаргасан, тэр тухай өргөдөл гомдол өгнө гэвэл тухайн шүүгч эхлээд Ерөнхий шүүгчдээ, прокурор мөн дээд шатандаа, өмгөөлөгчид Өмгөөлөгчдийн хороонд хандах учиртай. Энэ асуудлыг дээд шатны байгууллага нь шийдэх боломжгүй. Тэд эдгээр гомдлыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд нэгтгэж ирүүлэх юм. Энд хуульчийн үйл ажиллагаанд баримтлах зарчмын асуудал хөндөгдөж байгаа учраас үүнийг аль нэг байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс орж байна гэх талаас нь харах ёсгүй. Өмгөөлөгч, шүүгч, прокурорууд шүүх хуралдааны товыг мэдсэн хэрнээ хуралд оролцоогүй, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандах, зүй бус авирлах, өмгөөлөгчид эсрэг талын өмг өөлөгчийн хууль ёсны үйл ажиллагаанд санаатай саад учруулах, нууц задруулах гэх мэт хуульчийн ёс зүй зөрчсөн олон асуудал энд багтана.

-Өнөөдрийн байдлаар холбоонд ирсэн өргөдөл, гомдол хэдээр тоологдож байх юм?

-Хуульчдын холбоонд 150-160 орчим өргөдөл, гомдол ирээд байна. Энэ бол нэг жилийн дотор цугларсан тоо. Нийт өргөдлийн 70 орчим хувь нь өөрийн, эсвэл эсрэг талын өмгөөлөгчдийн талаар гаргасан гомдол. Өмгөөллийн үйл ажиллагаа тодорхой төлбөртэй. Миний мөнгийг авсан хэрнээ олигтой ажилласангүй гэсэн гомдол их байдаг юм байна. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан, зан харьцааны хувьд доголдолтой хуульчдын тухай, прокурор болон шүүгчтэй холбоотой, шийдвэр буруу гарсан, буруу шүүсэн гэх гомдол ирсэн байгаа. Ажиглаж байхад хөндлөнгийн этгээд, иргэд, албан байгууллагууд ханддаг юм байна. Одоогоор Үндсэн хуульд заасан өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх тухай заалт, Өргөдөл гомдол хянан шийдвэрлэх ерөнхий хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа. Цаашид иргэд, аж ахуйн нэгж үүд өргөдөл гомдлоо тогтсон дарааллаар өгч хэвших байх.

-Хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагад хуулийн дагуу хяналт тавьж байгаа учраас алдаа гаргасан хуульчид ямар нэгэн хариуцлага ногдуулах асуудал хөндөгдөж таарна. Хуульчдын холбоо хариуцлагын ямар механизм хэрэгж үүлдэг юм бэ?

-Хуульд хариуцлагын хэд хэдэн төрөл тусгасан. Хуульч зөрчил гаргасан нь тогтоогдвол хаалттай болон нээлттэй сануулна. Мэргэжлийн хариуцлагын хорооноос гарсан хаалттай сануулах шийтгэлийг хуульч хүлээн зөвшөөрвөл нийтэд мэдээлэхгүй. Гэхдээ зөрчлийн талаарх статистик мэдээллийг цахим хуудсандаа байршуулна. Мөн хуульчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлнэ. Тодруулбал, өмгөөлөл хийх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, шүүх, прокурорын байгууллагад ажиллах эрхийг түдгэлзүүлнэ гэсэн үг. Гэхдээ гаргасан зөрчлөөс хамаарч хугацаатай болон хугацаагүй ногдуулах юм. Энэ бол хамгийн хүнд шийтгэл. Үүнийг бас эцсийн шийдвэр гэж ойлгож болохгүй. Дээрх шийтгэлийг авсан хуульч энэ талаарх гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргах эрх нь нээлттэй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр эцсийнх байх юм.

-Хуульчдын мэргэжлийн хариуцлагыг хянах, хэлэлцэх эрх хэний гарт байна вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна?

-Хуульчидтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ тэнцвэртэй байх, аль аль талын эрх ашгийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор Мэргэжлийн хариуцлагын хороо гэдэг бүтцийг бий болгосон. Харин Ажлын албаны шинжээч ирсэн гомдлыг маргаан үүсгэх, эсвэл маргаан үүсгэхээс татгалзах, эсвэл харьяаллын дагуу шилж үүлэх үүрэгтэй. Маргаан үүссэн тохиолдолд эрх мэдэл шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороонд очно. Энэ хорооны төлөөлөлд 18 шүүгч, зургаан прокурор, зургаан өмгөөлөгч багтдаг. Маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг учраас шүүгчдийг давуу тоотой оруулсан шиг байгаа юм. Гэхдээ гурван шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч буюу тав таван хүнээс бүрдсэн дэд бүрэлдэхүүн асуудлыг шийддэг. Ашиг сонирхлын зөрчил гаргахгүй, шударга байх талаас нь авч үзэж, сугалаа сугалах зарчмаар 30 хүнээ зургаан бүрэлдэхүүн болгож хуваасан. Тэд маргааныг дарааллаар нь авч хэлэлцэнэ. Эндээс гарсан шийдвэртэй санал нийлэхгүй бол тухайн хуульч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, маргаанаа таслуулах замаар шийдэх юм.

-Та бол прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн. Өнөөдөр хуульчид бие даасан хууль, дүрэмтэй боллоо. Энэ шийдэл нь цагаа олсон болов уу?

-Нийтийн эрх зүйг чухалчилж буй цаг үе, нийгэмд энэ хууль, дүрэм байх ёстой. Хуулийг зөв голдирлоор явуулбал асуудал аятайхан шийдэгдэнэ. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд өнгөрсөн жил хуульчдын төл өөлөл болох 500 хүн хуралдаж, зөвлөлөө сонгож, дүрэм журмаа баталсан. Хуульчид сайн мэдээлэлтэй байгаа. Харин шинэ тутам учраас иргэд ойлголт муутай байх шиг байна

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД