Оросын эсрэг Украин гомдол гаргажээ

2014 оны 11 сарын 28

Украин улс Европын хүний эрхийн шүүхэд Оросын эсрэг хоёр гомдол гаргаад байгаа гэнэ. Оросын буруугаас Украины нутаг дэвсгэр дээр үлэмж тооны цэргийн алба хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан, энгийн иргэн хохирол амссан гэж эхний өргөдөлд өгүүлсэн байна. Мөн Крымийн татаруудыг ялгаварлан гадуурхсан, Украины иргэдийг Оросын иргэншилтэй болохыг албадсан гэж буруутгажээ. Өргөдөл гаргагчдын үзэж буйгаар бол Оросын тал хүний эрхийн тухай Европын конвенцийн амьд явах, хувийн эрх чөлөө, халдашгүй байдал, шашин шүтэх, үг хэлэх, шүүхээр асуудлаа шударгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой эрх зэрэг 11 заалтыг зөрчсөн гэнэ.

Хоёр дахь гомдолд Дорнод Украинд хүүхэд хулгайлж Орос руу гаргасан гэх асуудлыг хөндсөн байна. 2014 оны зургаагаас наймдугаар сард Орост шилжин ирсэн гурван бүлэг хүүхдийн тухай ярьж буй нь энэ. Эдгээр өргөдлийг ОХУ-ын Хууль зүйн яам хүлээн авчээ. Страсбургэд байдаг Европын хүний эрхийн шүүхэд Орос, Украин иргэдээс ирсэн 160 гаруй гомдол байдаг гэнэ. Тэдний 20-иод нь Крымийг Украинаас салгасантай холбоотой, бусад нь Украины зүүн нутагт болж буй үйл явдлаас үүдэлтэй аж.