Ш.ТУЯА: ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛАХ ГЭСЭН ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН БАЙ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛДОГ

2014 оны 11 сарын 28

“Би ном унших дуртай, бас онол их сонирхдог учраас харьцуулсан уран зохиолын чиглэлээр Америкт магистрын зэрэг хамгаалсан. Манайхны тэр бүр ярьдаггүй харьцуулсан уран зохиолыг сонгон гадаадад суралцсан анхны монгол хүн би байх аа” гээд инээмсэглэх энэ бүсгүйг Шагдарын Туяа гэдэг. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн багш, докторант тэрбээр ирээдүйд манайд харьцуулсан уран зохиолын анги нээгдэнэ гэдэгт итгэдэг.

-Нийгэм соёл, хүн судлалын шинжлэх ухааныг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?

-Би энэ мэргэжлийг эзэмшинэ гэж анхнаасаа зорьж, төлөвлөж байгаагүй. Ээж минь насаараа нийгэм судлалын чиглэлээр ажилласан хүн. Одоо ч гадаадад энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. Ээжийгээ харахаар их л уйтгартай ажил хийдэг хүн шиг санагддаг байсан. Олон төрлийн ном уншиж өдрийг өнгөрүүлдэг байсан миний сонирхлыг аравдугаар ангид орсон хойно нийгэм судлалын хичээл л татаж билээ. Гэхдээ бас нийгэм судлаач болъё гэж бодоогүй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хаана, ямар хуваарь байна, түүнийг нь шууд сонгодог жишгээр би ч бас өөрт ногдсон хуваарь болох МУИС-ийн япон хэлний ангид элсэж байлаа. МУИС-ийг төгсөж, Америкийн нэгэн судалгааны байгууллагыг удирдаж байхад минь их сургуулиас “Манай Нийгэм, соёлын антропологийн тэнхимд энэ чиглэлээр мэргэшсэн онолын мэдлэгтэй хүн ховор байдаг. Манайд ирж багшилна уу” гэж урьсан. Мөн Соросын сан, дэлхийн антропологийн шинжлэх ухааныг дэмждэг Венер Гренийн сан зэрэг олон улсын байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжийг нээж өгсөн учраас энд багшлах саналыг хүлээж аваад гурван жил гаруй болж байна. Монголын боловсролын тогтолцоо ч, аав ээжүүд ч мэргэжлээ өөрсдөө сонгох боломжийг нь хүүхдүүддээ олгодоггүй гэж би боддог. Энэ их харамсалтай. Харин энэ жилээс эхлээд манай сургууль бүтцийн өөрчлөлт хийж, нэгдүгээр курсээ төгссөний дараа ямар мэргэжлээр суралцахаа сонгох боломж нээгдсэнд баяртай байгаа.

-Нэгдүгээр курсээ төгссөний дараа мэргэжлээ сонговол арай илүү бодитой гэж үү?

-Дэлхийн сонгомол их сургуулиудад яаж оюутан элс үүлдэг, элсүүлснийхээ дараа тэднийг өөрсдийнх нь боломж бололцоонд тулгуурлан хэрхэн хөгжүүлэх арга замыг заадаг энэ чиг хандлагыг МУИС-д нэвтрүүлсэн нь нэг дэвшил. Улсын томоохон сургуульд орж л байвал болоо гээд ямар ч хамаагүй мэргэжил сонгочихдог тогтолцоо одооноос арай өөрчлөгдөх болов уу гэж найддаг. Одоо МУИС-д элсэх хүүхдүүд хоёр босго давна гэсэн үг. Элсэлтийн шалгалт өгөөд их сургуульд орсныхоо дараа нэгдүгээр курсээ онц, сайн төгссөн тохиолдолд мэргэжлийн чиглэлээ сонгох боломж нь илүү нээлттэй болох юм.

-Их сургуульд харьцуулсан уран зохиолын ангийг шинээр нээснээрээ манайд ямар хэрэгтэй болохыг хэлж өгнө үү. Энэ ажил яагаад нам гүм болчихов оо?

-МУИС-ийн ректорыг томилохдоо ямагт улс төрийн намаас хамааралтай байсаар ирсэн. Ингэснээр өмнөх удирдлагуудын санаачилсан ажлыг дараа дараагийн хүмүүс нь үргэлжлүүлэхийн оронд үгүйсгэдэг. Харьцуулсан уран зохиолын анги шинээр нээх гэж байсан проректорын маань шийдвэр ийм байдлаас болоод хэрэгжсэнг үй. Намайг оюутнуудад харьцуулсан уран зохиолын хичээл заагаарай гэхээр нь дотроо баярлаж байсан чинь одоо бүх зүйл бахь байдгаараа, нөгөө л лекцээ уншиж байна. Харьцуулсан уран зохиолын анги нээснээр монголчууд өөрсдийгөө гадаадынхантай харьцуулж харах боломжтой болно. Монголын уран зохиолын хөгжлийг хаахна явааг мэдэхийн тулд бусад орны зохиолчид юу сэтгэж, хаашаа зорьж чиглэж байгааг харьцуулж судлах хэрэгтэй. Гэхдээ үнэндээ манайд утга зохиолын чанартай сайн шүүмж бичдэг хүн тун цөөн. Тухайн зохиолын гүнд нэвтэрч, агуулгыг нь бүрэн гаргаж шүүмжилж чадах хүн бол манай МУИСийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн ганц, хоёр багш л байгаа. Жишээлбэл, энгийн хүмүүс таашаал авах гэж Харүки Мүракамигийн зохиолуудыг уншдаг. Түүний зохиолуудыг уншихад үнэхээр сайхан. Харин тэр бүхний цаана Мүраками бидний өдөр тутмын амьдралын хоосрол, утга учиргүй зүйлүүдийг харуулдгийг харьцуулсан уран зохиолын судалгаа хийдэг хүмүүс л олж хардаг.

-Та одоо ямар сэдвээр докторын зэрэг горилж байна вэ?

-“Бэлчээрийн мал аж ахуй” гэсэн сэдвээр судалгаа хийж байна. Малчдын ирээдүйн төлөвлөгөө, тэдний амьжиргаа, ахуй амьдрал ямар байгааг судална. Бэлчээрийн мал аж ахуй гэхээр манайхан байгаль орчин, мал сүрэг, ан амьтан, хөрс шороог нь судлаад байдаг. Гэтэл тэр бэлчээрийн мал аж ахуйг авч яваа малчин хүний талаар төдийлэн мэддэггүй. Яагаад тэр хүн малаа өсгөе гэж бодоод байгаа юм, малчид өнөөдөр юунд хөрөнгө оруулж байна вэ, яагаад хотод орон сууц худалдаж авах болов, тэд амьдралаа хэрхэн зохион байгуулдаг вэ, арван жилийн дараах ирээдүйгээ ямраар төсөөлж байгаа зэргийг нь би судалж байна гэх үү дээ. Малчдын өдөр тутмын амьдралын хэмнэл, хэрэгцээ, хүсэл зорилгыг нь ойлгоогүй хэрнээ “Эрчимжсэн мал аж ахуй байгуул. Малынхаа тоо толгойг цөөлж, чанарыг нь сайжруул” гээд дүрэмдээд байхаар бодлого, бодит амьдрал хоёр зөрөөд байна. Ямаагаа өсгөж бэлчээр сүйтгэлээ гэж малчдыг буруутган, бэлчээрийг нь хаших уу, газрыг нь хувьчилж өгөх үү гээд энд маргаад байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр тэд биднээс хамааралтай, хамааралгүй энэ шийдвэрүүдийг өөрсдөө өдөр тутам гаргаад амьдралаа авч явдаг шүү дээ.

-Орчин үеийн докторуудын зарим нь өөрсдөө ч ойлгохгүй байж том том сэдэв “барьж аваад” байдаг. Энэ судалгааныхаа үр дүнг бодлого, шийдвэр гаргах хүмүүст нь хүргэх талаар төлөвлөсөн зүйл танд бий юү?

-Миний судалгааны ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл санхүүжүүлж байгаа. Монголд доктор хамгаалах гэж буй хүмүүсийн судалгааны ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр тун бага. Антропологич хүн тухайн нийгмээ судлахын тулд адаглаад хөдөө очиж, малчдынхаа дунд амьдарч, ажиглалт дүгнэлт хийх шаардлага тулгардаг. Харин манайд ийм зүйл дээр санхүүжилт үнэхээр гачигдалтай учраас олон хүн судалгааны ажлынхаа эцсийг нь үзэлгүй орхидог болов уу. Миний докторын ажлыг санхүүжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлаг бэлчээрийн мал аж ахуйн чиглэлээр Монголын төрийн байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг тул яваандаа манай багийнхны судалгаа шийдвэр гаргах түвшнийхэнд хүрч, тусгалаа олох юм.

-Хүн, хүний нийгмийг судлаад ирэхээр танд ямар мэдрэмж төрдөг вэ. Хүн гэдэг амьтан хайр хүрмээр юм байна уу, эсрэгээрээ бүр зэвүүцэл төрүүлмээр нэгэн юм уу?

-Геноцид, холокост гэхчилэн (хүмүүсийг хоморголон хядах ажиллагаа) хүний нийгмийн түүхэнд тохиолдсон сэтгэл эмзэглэм, аймшигт зүйл үүд байдаг л даа. Бас үүний хажуугаар хүнд хайр, энэрэнгүй ёс, зориг гэсэн сайхан зүйл үүд байна. Зориг гэдэг юм тухайлбал амьтанд байдаггүй. Үүгээрээ хүний амьдрал илүү сонирхолтой, бас давуу талтай гэж боддог. Яагаад яагаад гэдэг асуулт намайг үргэлж эрэл хайгуулд хөтөлдөг.

-Дээр үеийнх шиг тийм айхтар харгислал, дайн дажин багассан атлаа өнөөдөр хүмүүс золгүй байдлаар амиа алдах нь улам бүр нэмэгдэж байна. Яагаад тэр юм бол?

-Манай дэлхийд паур буюу хүчний тоглолт байнга явагдаж байдаг. Хүчтэй нь хүчг үйгээ дарлан эзэрхийлж байдаг энэ “тоглолт” өнөөгийн ХXI зуунд капитал буюу хөрөнгөний төлөөх тэмцлээр илэрч байна. Хөрөнгийг тойрсон хүчний тоглолтын цаана бүтцийн хүчирхийлэл гэж айхтар юм байдаг. Бүтцийн хүчирхийлэл явагдаж байгаа учраас өнөөдөр Африк ядуу хэвээрээ, Латин Америкийн орнууд хөгждөггүй, Ирак үргэлж дайн дажинтай байсаар байна. Өнөөдөр Монголд зээл авахад хүү нь яагаад тийм их өндөр байдаг юм бэ, гадаадын хөрөнгө оруулагчид гараад явахаар яагаад манайд инфляц огцом өсдөг вэ гэдэг чинь бүгд бүтцийн хүчирхийллийн үр дагавар. Үүнийг л ойлгож харах хэрэгтэй юм.

-Бас үүнийг олон хүнд ойлгуулах хэрэгтэй байх. Тэгж байж бүтцийн хүчирхийлэл гэдэг юмнаас жаахан холдох болов уу?

-Мэдээж. Боловсролын түвшин өндөр, ялангуяа нийгмийн ухааны мэдлэг сайтай ард түмэнтэй улс оронд аливаа хүчирхийлэл гарах нь харьцангуй бага. Боловсролтой хүн цаад үр дагаврыг нь мэдэж байгаа учраас улс төрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх зэрэг нийгмийн гажуу үзэгдлийг эсэргүүцэх чадвартай байдаг. Тэгэхээр энэ нь эргээд ардчилсан нийгэмтэй маш нягт холбогддог. Ардчилсан нийгмийг нэг нам цогцлоодоггүй юм. Энэ нийгэмд хүн бүр өдөр тутам эдлэх эрхийнхээ төлөө тэмцэхийн тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Наад зах нь нийгмийнхээ тогтолцоог ойлгож, хууль журам нь хэрхэн үйлчилдгийг мэдэх ёстой. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хавар, зун яагаад нэмэгддэгийг хүмүүс тайлбарлахдаа орой үдшийн цагаар богинохон банзалтай явсан өөрсдийнх нь буруу ухааны юм ярьдаг. Гэтэл энэ нь бас л нөгөө бүтцийн хүчирхийлэлтэй холбоотой гэдгийг ойлгодоггүй. Тухайн улс оронд гадаадынхан хөрөнгө оруулахын хэрээр үндсэрхэг үзэл хүчээ авдаг. Үндсэрхэг үзэл хүчээ авах тусам, газар нутагтай холбоотой маргаан үүсэх тоолонд эмэгтэй хүний биеийг хяналтдаа байлгах хүсэл эрмэлзэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эх орон, газар шороогоо хамгаалах гэсэн үндсэрхэг үзлийн бай нь эмэгтэйчүүд болж хувирдаг. “Эмс охид ариун бол төр ариун” гэдэг үгийг манайхан сүүлийн үед их хэрэглэдэг болсон нь ийм учиртай.

-Хүн, нийгмийг судлахад сургалтын ямар бааз суурь хэрэгтэй вэ?

-МУИС өнөөдөр дэлхийн томоохон их сургуулиудын дата баазад нэвтрэх эрхгүй байна. Энэ бол их том хоцрогдол. Дэлхий даяар нэг салбар шинжлэх ухаанд гэхэд л өдөр бүр 5000-10000 нийтлэл шинээр нийтлэгдэж байдаг. Нийтлэл бүр тухайн салбарт ямар шинэ нээлтүүд хийгдсэнийг мэдэж болох бэлэн өгөгдөл. Гэтэл тэр том баазууд руу манай оюутнууд орох эрхгүй байгаа нь эмгэнэлтэй. Улирлын эцсийн шалгалт болохоор манайхан эсээгээ бичих гээд шинэ ном, шинэ санаа, шинэ зүйл хайгаад л байдаг. Тэгэхээр наад зах нь их сургуулийн номын сангийн фондыг өдөр тутам шинэчилдэг технологи хүртэл нэвтр үүлмээр санагддаг.

-Хүнийг хүн байлгадаг гол зүйл нь таныхаар юу вэ. Түрүүн та зориг гэж онцолсон. Зориг тийм чухал гэж үү?

-Зориг гэдэг зүйл дотроо их олон юм агуулдаг л даа. Зоригтой байхын тулд нэгдүгээрт хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийгөө төгөлдөржүүлэхийн тулд маш их хяналт хэрэгтэй. “Би мэдлэгийн оргилд хүрнэ” гэсэн зорилтыг өөртөө зоригтойгоор тавьж чадсан бол чи эхний алхмаа амжилттай хийлээ гэж би оюутнууддаа хэлдэг. Одоо харин түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Өглөө 06 цагт босоод заавал нэг нийтлэл уншина, өдөр хичээлээ тараад номын санд нэг цаг сууна, орой унтахаасаа өмнө бас нэг нийтлэл уншина гэдэг зорилго тавиад түүндээ хүрч чадвал тэр жинхэнэ зориг. Түүнээс биш шалдан зоригоор юуг ч даван туулахгүй.

Хүний нийгмийн элдэв асуудлыг олон талаас нь эргэцүүлж, аймшигт түүхэн үйл явдлын тухай ном уншихаараа хааяа сэтгэлийн гүн хямралд ордог нь түүний мэргэжлийн онцлог. Харин түүнийгээ сэтгэлийн хатуужил, зоригоороо, бас уран зохиолын ном уншиж даван туулдаг нь мөн л түүний мэргэжлийн давуу тал гэлтэй.

Л.ГАНЧИМЭГ