МОНГОЛЧУУДЫГ МОЛИГОДОХ АРГА БУЮУ БУДИЛСАН ШОШГО

2014 оны 11 сарын 28

“Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд “5000 төгрөгт гурвыг өгнө шүү. Дулаахан даавуун, ноосон оймсоо аваарай” гэх наймаачидтай таарна. Үүний зэрэгцээ гадуур гар дээрээс ийм оймс борлуулах нь түгээмэл. Хүйтэн сэрүүний улиралд ноос, ноолууран оймс хамгийн эрэлттэй бараа. Тэр тусмаа манай үндэсний үйлдвэрүүдийн брэнд бүтээгдэх үүн гадаад зах зээлд хэдийнэ танил болсон. Гэтэл “Монголд үйлдвэрлэв” шошготой хятад оймснууд манайд бөөн бөөнөөрөө “айлчилдаг” болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гаднаас нь харахад ялгаагүй. Загвар, өнгө яг ижил. Бүр монгол бичгээр манай улсын үйлдвэрүүдийн нэрийг бичсэн байх жишээтэй. Ганц ялгаа нь чанар. Барьж үзэхэд л дуураймал нь хөвсгөр, дотрыг нь эргүүлж харахад утас нь тасарч, хөвөрдөг бол жинхэнэ монгол оймс ингэж хөвөрч, бөөсөрч, чийг татдаггүй. Импортын бараа орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр багагүй ажил хэрэгжүүлсний үр дүнд бид хаана ч “Миний Монголынх” гээд ам бардам хэлж чадах брэнд бүтээгдэхүүнүүдтэй болж эхэлсэн. Дуслыг хураавал далай гэдэг.

Үндэсний бүтээгдэхүүний нэгэн дусал болсон монгол оймсны талаар хөндөх нь жижиг асуудал мэт боловч оймс өмсдөг хүн бүрт хамаатайг хэлэхэд илүүдэхгүй биз. Энэ тухай ярихад анхны монгол оймс үйлдвэрлэгч “Янмал” ХХК-ийг дурдахгүй өнгөрч болохгүй. 10 жилийн өмнө гурван ажилтан, оймсны хоёр машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн уг үйлдвэр өнөөдөр оймс сүлжих 51 машин, 60 гаруй ажилчинтай, сард 10.000 гаруй хос оймс үйлдвэрлэж байна. Тус компани импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх, эх орондоо үйлдвэрлэсэн чанартай оймсны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Монгол оймс”, “Тод оймс”, “Сор оймс” гэсэн салбар гурван үйлдвэртэй болжээ. Монголчуудын оймсны хэрэглээний 50 хувийг дотоодын үйлдвэр хангаж байна.

Ийнхүү монголчууд өөрсдийнхөө оймсыг өргөн хэрэглэж буйг анзаарсан хятадууд энэ орон зайд тоглолт хийж, Хятад улсад үйлдвэрлэсэн хэрнээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой дуураймал оймснуудыг хилээр ихээр оруулан ирж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр байна. Монголын зах зээлээр зогсохгүй, хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Казахстан, Улаан-Үд, Сибирь зэрэг монгол ноосон оймсны эрэлт ихтэй байдаг нутгуудад ч хуурамч оймс хүрэх болжээ. Хятадууд “Монголд юу хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Бүгдийг нь дуурайлгаад хийгээд өгье” гэж ил цагаан хэлдэг гэнэ. Үүнд монголчууд бид өөрсдөө буруутай. Манайхан үндэсний үйлдвэрээ дэмжихийн оронд ийм загвараар хийгээрэй хэмээн хятадуудад жинхэнийг нь аваачин өгч, дуураймлуудыг нь авчран эх орныхоо зах зээлд нийлүүлж байгаа нь ичгүүр сонжуураа алдсан явдал биш гэж үү.

“Янмал” үйлдвэрээс шинэ хийц загвартай оймс “мэндлээд” зах зээлд бараг нийлүүлж амжаагүй байхад хар захуудад “хогоороо” байх болжээ. Эх оронч бус сэтгэлгээтэй, хэдэн халтар төгрөгийн төлөө улсаа худалдахаас ч сийхгүй хүмүүсийн ийм болчимгүй явдал үндэсний үйлдвэрийн нэр хүндийг унагаж, шударга өрсөлдөх боломжийг хааж байгаа юм. “Танайх оймсоо үйлдвэрлэж чадахгүй болоо юу. Чанаргүй, амархан цоорч байна” гэсэн гомдол тасралтгүй ирж буйг “Янмал” компанийн ерөнхий менежер В.Отгонболд хэлсэн. Хятадаас оруулж ирсэн хуурамч оймснуудыг хямд үнээр борлуулснаас компанийн нэр хүнд, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдэхээр ҮХААЯ, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ, ШӨХТГ-т хандсан ч “Янмал”- ынхан үр дүнд хүрээгүй аж. Дотоодын зах зээл дэх хуурамч бараануудыг шахаж чадаагүй байж, гадаадад зарагдаж байгаа Монголын нэрийг барьсан хуурамч бараа, бүтээгдэхүүнтэй хэрхэн тэмцэх учраа мэдэхгүй буйгаа тус үйлдвэрийнхэн учирласан.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатараас хуурамч бараа бүтээгдэхүүнээс болж, иргэд хэрхэн хохирч байгаа талаар тодруулахад:

-Урд хөршид үйлдвэрлэсэн бараагаа “Монголд үйлдвэрлэв” гээд зарвал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хаяг шошгожилт буюу хэрэглэгчийг төөрөлдүүлсэн гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээдэг. Үүний дагуу тухайн хуурамч бараа, бүтээгдэхүүнийг хурааж устган, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлж торгодог. Ялангуяа шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баяр, үзэсгэлэн худалдааны үеэр Хятадад үйлдвэрлэсэн тэмээний ноосон оймс борлуулах нь нэмэгддэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард их хэмжээний хуурамч оймс хураасан. Мөн “Газар шим” компанийнхан Хятадад үйлдвэрлэсэн хэрнээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой даршилсан ногоо, салат борлуулж байсныг илрүүлж, бүх барааг нь хураан авсан. Үүний дараа “Хятадад үйлдвэрлэв” гэсэн хаяг шошготой болгосон байсан.

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш хуурамч оймстой холбоотой гомдол танайд ирээгүй юм уу?

-Оймс үйлдвэрлэдэг компаниуд манайд ханддаг. Зах зээлд хуурамч оймс борлуулснаас болж ашгаа олж чадахгүй байна гэдэг. Гадуур зарж байгаа хуурамч оймснууд үйлдвэрийн оймсноос 2-3 дахин хямд учраас хүмүүс авах нь их. Энэ нь шударга бус өрсөлдөөн бий болгож байна. Тиймээс манай байгууллагад хандах хэрэгтэй.

-Ер нь оймсноос өөр ямар хуурамч бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол танайд ирдэг вэ?

-Сурагчийн дүрэмт хувцас, өндөг, “Гоё” тараг, архи хуурамчаар оруулж ирлээ гэдэг. Гэхдээ үүнийг яг Хятадад үйлдвэрлэсэн болохыг баталж чадаагүй. Татвараа төлөөд оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг хуурамч эсэхийг нь тогтооход хэцүү гэв. БНХАУ-ын Шинжаан мужийн Зужи хотын Датанг дүүргийг оймсны хот хэмээн нэрлэдэг. Энэ хотынхон жилд найман тэрбум хос оймс үйлдвэрлэдэг аж. Харин манай улс гурван сая хүрэхгүй иргэнийхээ оймсны хэрэглээг 100 хувь хангаж чаддаг болоход 30-40 жил шаардлагатай гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний нэг нь оймс боловч бусад хувцас хэрэглэлийн дагалдах бараа болсоор иржээ. Гэхдээ оймсны загвар дизайн, чанар маш чухал байдаг аж. Хүний биеийн хамгийн их хөлс ялгаруулдаг эрхтэнүүдийн нэг нь хөл.

Өдөрт 0.75 литр хөлс ялгаруулдаг. Харин оймс хөлсийг өөртөө шингээхийн зэрэгцээ хөлийг даарахаас сэргийлнэ. Тиймээс өөрийгөө бодвол Монголдоо үйлдвэрлэсэн илүү чанартай оймс сонгох хэрэгтэй. Хятадад хуурамч оймс үйлдвэрлэхээс гадна монголБ чууд ч нэг нэгнийхээ нэрийг барин хуурамч оймс гаргасан байна. Тухайлбал, “Янмал” нэрээр хуурамч оймс борлуулж байсныг тус үйлдвэрийнхэн ШӨХТГ-т мэдэгджээ. Гэвч энэ байдлыг зогсоож чадаагүй аж. Тодруулбал, нэгэн компани Хятад болон Монголд үйлдвэрлэсэн оймснууд борлуулдаг байж. Сүүлдээ Хятадаас оруулж ирсэн оймснууддаа “Янмал”- ын шошго зүүдэг болсон байна. Оймс сүлждэг 4-5-хан машинтай хэрнээ 100 гаруй машинтай үйлдвэрээс илүү их хэмжээний оймс зах зээлд нийлүүлж байсан нь тэднийг хардахад хүргэсэн байна.

ШӨХТГ-аас өнгөрсөн жил “Янмал” үйлдвэрийнхэнд “Тэмээний 100 хувь ноосон гэж зарж байгаа эдгээр оймсонд хонины ноосны хольц оржээ. Тиймээс хаяг шошгоо өөрчил” гэсэн шаардлага хүргүүлсэн байна. Үүний дагуу тэд “тэмээний” гэх тодотголыг нь сольж “Ноосон оймс” гэж өөрчилжээ. Энэ мэт алдааг засаж залруулж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй нь сайн хэдий ч улсын нэр барьж, иргэдийг хууран мэхэлж буй энэ байдлыг хэн, хэзээ, хэрхэн зогсоох вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Дэлхийн ихэнх оймсны үйлдвэр түүхий эдээ гадаадаас авдаг. Манай улсын оймсны үйлдвэрүүд ч мөн адил гадаадаас утсаа импортолдог. Гэхдээ хөвөн даавуун утаснаас бусдыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Монголын томоохон үйлдвэрийн нэг “Гоёо”– гийн ээрмэлийн үйлдвэр жилд 10-20 тонн утас үйлдвэрлээд үлдсэн хугацаанд нь хийх ажилгүй сул зогсдог байна.

Харин “Янмал” үйлдвэр л гэхэд жилд 100 тонн утас хэрэглэдэг. Энэ мэт ээрмэлийн үйлдвэрүүдээс ноосон утас авах гэхээр БНСУаас оруулж ирснээс өндөр үнэтэй байгаа аж. Монгол оймсны үйлдвэрүүд “Хятадад үйлдвэрлэсэн хуурамч оймсыг хэрэглэж үзсэн хүмүүс дахиж авахгүй байх. Гэхдээ тэд дандаа ийм чанар муутай хийхгүй шүү дээ. Одоо суралцаж байна, цаашид бидний чанарт улам илүү ойртож ирэхийг үгүйсгэхгүй” гэж байлаа.

Ч.БОЛОРТУЯА

Хятадад үйлдвэрлэсэн "Монгол" янмал

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.87.112.80 Гадагшаа явахдаа үйлдвэрийн нэрийн бараанаас нь баахан оймс авч ирсэн. Одоо ч өмсөөд л сууж бна. Гадаадынхаас хямд, чанартай, дулаахан гоё оймснууд бдаг
202.131.235.2 хил гааль нь хориочээ эх орны үйлдвэрээ дэмжихийн тжлд тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг биздээ