ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ, КИНОНЫ 50-70 ХУВИЙГ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ҮНЭЛНЭ”

2014 оны 11 сарын 28

  УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжив. Соёлын өрсөлдөөн дунд аль нэгийнх нь дарангуйлалд өртөлгүй уламжлалт зан заншил, соёлоо хамгаалахын тулд телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харьлцааг бий болгох шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж буй. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй телевизийн нэвтрүүлгүүдийн дийлэнх нь гадаад контент байдаг. Иймээс дээрх сувгаар дамжуулж буй уран сайхны нэвтрүүлэг, тэр дундаа хүүхдэд зориулсан бүтээлийн дийлэнхийг эх орондоо бүтээсэн, монгол агуулгатай байх шаардлагыг энэхүү хуулийн төсөлд тусгажээ.

Тодруулбал, Монголын зан заншил, түүх, соёлыг сурталчилсан уран бүтээлүүдийг дэмжих зорилгоор таван тэрбум төгрөгийг арилжааны телевизүүдэд хувааж өгөхөөр төсөвлөөд буй аж. Хариуд нь арилжааны телевизүүд нэвтрүүлэг, киноныхоо 50-70 хувьд үндэсний зан, заншлыг сурталчилсан бүтээл гаргах үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлэхгүй бол телевизийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Түүхийг гуйвуулсан, улстөржсөн агуулгатай нэвтрүүлэг бэлтгэсэн тохиолдолд яах вэ гэдгийг төсөлд хангалттай тусгаагүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Арилжааны телевизүүд өөрсдийгөө аваад явж байна. Ийм байхад таван тэрбум төгрөгийн авлигын уралдаан зарлах хэрэг юу байна. Телевизийн хөтөлбөрт дэлхийн сонгодог урлаг, бүтээлүүдийн талаар заавал оруулна гэвэл дэмжинэ. Түүнээс биш төр нь “Зоогийн газруудын цэсний 60 хувийг монгол хоол болгоё” гэж ярих утгагүй. Үүний оронд Буриадаас орж ирж буй жуулчдыг татах ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Бид дэлхийд монгол соёлоо сурталчлан гран при хүртсэн хүмүүсээ яаж дэмжсэн юм бэ. Дээр нь казиногийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлого оруулж ир. Энэ хуулийн төслийг дэмжихгүй” хэмээн шүүмжилсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Монголд үйл ажиллагаа явуулж буй 142 телевизээс 50 нь л үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг. Тэдэнтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллага нь хэд билээ. Гэтэл эдгээр телевиз 1990 оноос өмнө хийсэн монгол киногоо сар тойруулж гаргаад л дуусаж байна шүү дээ. Энэ хуулийг өөрчлөх шаардлага байлаа ч ингэж зохицуулах нь буруу. Яаман дээр лообий хүчтэй явах нь гарцаагүй. Тэгээд таван тэрбум төгрөгийг бүх телевиздээ хуваахаар аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. Үүний оронд салбар нь бодлогоо гаргах хэрэгтэй. Төр кино, нэвтрүүлэгт оролцох хэрэггүй. Төрийн хийсэн ажио нохой шиншлэх аргагүй байдаг. Ингэж хандвал социализм руугаа буцаж байгаа хэрэг” гэж байлаа.

Төслийг санаачлагч Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлийн хэлснээр шинжлэх ухаан, танин мэдэхүй, спортын чиглэлийн гадаад нэвтрүүлгүүдийг ямар нэг байдлаар хязгаарлахгүй аж. Түүнчлэн гадаадын телевизүүдэд бэлтгэсэн уран сайхны нэвтрүүлгийн зохиогч, найруулагчийн аль нэг нь монгол, зураг авалтыг Монголд хийсэн тохиолдолд монгол контентэд тооцох гэнэ. Нэвтрүүлгийн агуулгад төр оролцохгүй, үзэгчдээр нь үнэлүүлж, чанарыг сайжруулахыг зорьж буй гэв. Мөн энэ өдөр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2-5 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь, нийслэлд гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй аж.

Б.НОМИН