Хориотой СЭДЭВ

2014 оны 11 сарын 28

- Муу нуухаар, сайн илчил -

 Шинэ засгийн томилгооны ард гарч, Ч.Сайханбилэгийн танхимыг бүтэн болгох хүртэл УИХ цөөнгүй өдрийг зарцуулах бололтой. Нийгэм, эдийн засгийг хямраахад хүргэсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ба түүний командтай хариуцлага тооцох нэрийн дор үргэлжилж буй албан тушаалын дахин хуваарилалт, “бялуу” түгээлт УИХ-ын нэгдсэн чуулганы цагаас хэр удаан “хумслах”-ыг хэлэхэд эрт байна. Улс төрийн энэ үйл явцтай зэрэгцэн УИХ хэлэлцэх ёстой цөөнгүй асуудлаа хойш тавиад байгаа. Парламентад суудалтай улс төрийн намууд нийгэм, эдийн засагт үүсэж буй хүндрэлээс гарах гарцыг хамтран хайж, эвсэх боломж эрэлхийлж буй. Үүнтэй харьцуулахад УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим чухал асуудлыг хойшлуулахад болохгүй юмгүй. Ийн эергээр харж болох ч үүний цаана улс төрийн намуудыг дахин зөрчилдүүлж мэдэх цөөн биш асуудлыг УИХ хэлэлцэхээс зайлсхийж байгаа юм.

Тодруулбал, эдийн засгийг хямралд хүргэсэн зарим шийдвэр, түүний хэрэгжилтэд хийсэн УИХ-ын Байнгын хорооны дүгнэлтүүд, улс төрийн нам, ашиг сонирхол, бүлэглэлийн эрх ашиг нуугдсан зарим хуулийн төслийг УИХ хэлэлцэх асуудлын дарааллаас сэм татаж, битүүмжилдэг жишиг хэдийнэ тогтоод байгаа. Ийн хорионд орсон асуудлын нэгд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрд өх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл багтана. Өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газар дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж байв. “Урт нэртэй” хууль хэрэгжсэнээс хойш Засгийн газар лицензээ хүчингүйд тооцуулсан иргэн, аж ахуйн нэгжид 680 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгөх ёстой болсон. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгөхөөр зэхсэн.

Төсөл боловсруулагчид “Хууль хэрэгжих боломжгүй” хэмээн тайлбарлаж байлаа. Засгийн газар “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө лообийдож байх тэр үед эдийн засгийн хямрал хэдийнэ дохиогоо өгч байв. Үүнтэй зэрэгцэн хуулийн төсөл УИХ-д маргаан тарьж, Төрийн ордны гадна “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс дуулиан дэгдээсэн. Гэвч тун удалгүй өнөө хуулийн сураг алдарч, төсөл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын шүүгээнд дарагдсан юм. Засгийн газар энэхүү хуулийн төслийг батлахаас сэм татгалзаж, оронд нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад авсан. Ингэхдээ “Монголын улс төр, эрх зүйн орчны тогтворгүй байдлаас болж үргэсэн гэдгээ нуудаггүй хөрөнгө оруулагчдын нүүдлийг сааруулж, эдийн засагт амь тариа хийнэ” гэж тооцсон Ашигт малтмалын тухай хуульд “Урт нэртэй” хуулиар хорионд орж, дөрвөн жил “хав дарагдсан” хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох саналаа шигтгээд “баригдсан” юм. Энэ заалт батлагдсан бол “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтээс болж лицензээ хүчингүйд тооцуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд төрөөс нэхэж буй 680 тэрбум төгрөгөө авна.

Харин энэ хэмжээний хөрөнгө гаргах чадвар Засгийн газарт байгаа юу” гэдэг асуудал хөндөгдөх байв. Нэг талдаа байгаль, экологид учрах хохирлыг багасгах, нөгөө талдаа олон аж ахуйн нэгжийн алдагдлыг нөхөн олгож, Засгийн газрын санхүүгийн чадварыг шалгах учиртай энэхүү хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ. Гэвч УИХ-ын сонгууль ойртож буй үед энэхүү хуулийн төслөөр зарим гиш үүн “популизм” хийж магадгүй байгаа нь дээрх хууль дахин гацаж, хорионд орохыг үгүйсгэх аргагүй нөхцөл хэдийнэ үүсээд буй юм. УИХ-ын даргын хэлэлцүүлэхээс татгалзаж буй асуудалд өөрийнх нь захирамжаар тодорхой албан газрыг шалгахаар томилсон УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт багтана. Тэдний нэг нь УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа өөрчлөгдсөн төрийн албаны бүтцэд хяналт тавих, шалгах Ажлын хэсгийн дүгнэлт. Энэхүү Ажлын хэсэг 2013 оны аравдугаар сард шалгалтаа эхэлж, энэ оны дөрөвд үгээр сард дуусгажээ. Дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сард хэлэлцэхээр зарласан ч битүүмжлээд өнөөг хүргэв.

Дүгнэлтэд “Төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газар солигдох тоолонд хэлмэгддэг төрийн албаны чадварыг сульдаадаг тогтолцоог халах зорилгоор 2012 оноос өмнө хэрэгжүүлсэн ажил, зарчмууд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрэн алдагдсан” гэсэн мөрүүд бий. Үүнээс гадна төрийн албыг УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний найз, хань хамсаатан, ах дүү, амраг садныг шингээсэн “агуулах” болж хувирсан гэх шүүмжлэлийг нотлох баримтуудыг дэлгэсэн байгаа. Тухайлбал, 2012 оны эхний хагас жилд 124 мянга байсан төрийн албан хаагчийн орон тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 220 мянга давсан. Яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, хуучин албан хаагчдыг ажлаас нь хоморголж халсны улмаас нотолгоо, судалгаатай бодлого боловсруулж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай мэргэжилтний хомсдолтой нүүр тулж, төрийн шийдвэр гаргах тогтолцоо нурж, засаглалын чадвар сулрах аюул угтаж байгаа. Ажлаас гарсан олон мянган хүн хуулийн дагуу тэтгэлэг авч, төрийн байгууллагын чадавх муудаж, төсвийг үр дүнгүй зарцуулахад хувь нэмэр оруулсан тухай баримтууд бий. Гэвч энэх үү дүгнэлтийг эрх баригч АН олонд нээлттэй зарлахаас татгалзаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт битүүмжлэгдээд удаж буй.

Энэхүү Ажлын хэсэг нэг жилийн өмнө байгуулагдсан түүхтэй. Эдийн засагт хямрал дохиолж байхтай зэрэгцэн байгуулагдсан Ажлын хэсэг зорилгоо “Уул уурхай, импортоос хамааралтайгаар эдийн засагт орж ирэх валютын хэмжээ багасаж байна. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэл буурч, гадаад ертөнц өд хөрөнгө оруулалтын орчин тогтворг үй, эрсдэлтэй гэсэн нэр зүүж эхэллээ. Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд шалгалт хийж, Засгийн газарт цаашид хийх ажлын талаар чиглэл өгөх” гэдгээр тодорхойлж байв. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгээс сайн, муу ямар нэгэн мэдээ дуулдаагүй. Харин улс оронд эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэн, УИХ Засгийн газраа огцруулж нэг хүнд ачаанаасаа салав. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга бас нэг дүгнэлтийг “хорионд” байлгаж байгаа. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн. 2014 оны тавдугаар сард шалгалт эхлүүлсэн Ажлын хэсэг аравдугаар сард дүгнэлтээ гарган Байнгын хороо, цаашлаад УИХ-ын чуулганд танилцуулах байв. Гэвч Байнгын хороо дүгнэлтийг албан ёсоор хэлэлцэхээс татгалзсан тул баримтыг УИХ дахь сөрөг хүчний гишүүд задлаад авсан.

Дэлхийд дээгүүр эрэмбэтэй Тавантолгой орд ашиггүй ажилладаг. Гэсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга сард зургаан сая төгрөг, ТУЗ-ийн гишүүд 1.8 сая төгрөгийн цалин авдаг. Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь повер” компани ашиг сонирхлын зөрчил үүсгэж авсан 17 тэрбум төгр өгийн ажлын гэрээгээ цуцлуулсан ч 4.8 тэрбум төгрөг гаргуулж чадсан тухай баримт энэ үеэр нийтэд ил болж, Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох явцад том нөлөө үзүүлсэн нь үнэн. Үүнээс гадна УИХ-д Монгол Улс болон АНУ-ын худалдааны ил тод байдлын гэрээ, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон асуудал “хоригдож” буй. Хорионд орсон хуулийн төсөл, дүгнэлтийг УИХ сайн илчилсэн бол төрийн ажлыг эрүүлжүүлж, алдаа дутагдлаас салгах учиртай. Гэвч муухан нуусан баримт улс төрийн бүлэглэл, фракцынхны гарт орж, тэдний нэг нь нөгөөгөө унагаах хөзөр болгон ашиглаж байгаа нь таагүй.

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД