ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЗӨВЛӨЛДӨВ

2014 оны 11 сарын 26

  Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилготой уг үйл ажиллагааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)- ынхан санаачлан зохион байгуулжээ. Цэвэр, бохир усны шугам, цонхны хуванцар бэлдэц, резин эдлэл үйлдвэрлэдэг үндэсний 60 гаруй аж ахуйн нэгж зөвлөгөөнд оролцож, тулгамдаж буй асуудлынхаа талаар санал солилцлоо. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид санхүүгийн бэрхшээл хамгийн хүнд байгааг энэ үеэр онцолж байв. Барилгын материалын үндсэн бүтээгдэх үүний нэг болох плитаны, хөөсөнцрийн цавуу, хар замаск үйлдвэрлэж эхэлсэн “Монгол ташуур” компанийн захирал Б.Батмөнх “Манай компани барилгын хуурай, нунтаг бодис үйлдвэрлэдэг. Хүндрэлтэй байгаа асуудлын нэг нь борлуулалт.

Үйлдвэрийнхээ хүчин чадлын 30 хүртэлх хувийг ашиглаж буй нь үүний нотолгоо. Бидэнд итгэл үзүүлэх хэрэгтэй байна. Үйлдвэрлэгч нь дотоодод байна гэдэг нь барилгын компаниудад хамгийн том баталгаа болно. Үүнээс гадна үнэ нь импортын бүтээгдэхүүнтэй адил мөртлөө тээврийн зардал байхгүй зэрэг давуу тал олон” гэлээ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд цаашид ямар дэмжлэг хэрэгтэй талаар “Шинээр байгуулах Засгийн газар цаашид хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн. Энэ тохиолдолд Засгийн газрын 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар тусгуулахын тулд санал бодлыг сонсох гэсэн юм.

Ирэх сарын эхээр уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзана. Аж ахуйн нэгжүүдийг зөвхөн импортыг орлох бус цаашид бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг болгохын тулд Засгийн газар, арилжааны банкууд бодлогын арга хэмжээ авмаар байна. Санхүү, бодлогын хувьд дэмжиж байж л хувийн хэвшлийнхэн амжилттай ажиллана” гэж УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ярилаа.

Ч.МӨНХ