Залуу судлаачдад 48 САЯ ТӨГРӨГ ОЛГОВ

2014 оны 11 сарын 26

БШУЯ, Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран жил бүр “Хүрэлтогоот” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Хуралд залуу судлаачид нийгэм хүмүүнлэг, геологи, газар зүй, байгалийн ухаан, техник технологи, биологи, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэсэн зургаан чиглэлээр илтгэл тавьж, салбар бүрээс шилдэг хоёр хүнийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хуралд 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бүтээлээрээ оролцсоноос шилдэг 12 залуу судлаачийг шалгаруулан, БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгр өгийн судалгааны грантыг өчигдөр олголоо. Судлаачид энэ мөнгөө судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнгээ бататгах, судалгааныхаа чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлахад ашигладаг юм. Энэ үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөр “Эдгээр залуусыг шалгаруулахад би болон манай яам оролцдоггүй. Монголын залуу эрдэмтдийн холбоо тэднийг шалгаруулдаг. Эд бол сайн залуусын төлөөлөл. Судалгаагаа үр дүнд хүргэхийн төлөө хичээж ажиллаарай” гэв. “Хүрэлтогоот” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос БШУЯ дэмжин зохион байгуулж, сайдын нэрэмжит залуу судлаачийн грантыг 100 гаруй шилдэг залуу судлаачид олгосон байна. Эдгээр грантын эздийн 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хамгаалж, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа аж. БШУ-ы сайдын нэрэмжит грант хүртсэн залуу эрдэмтдийн заримаас судалгааны ажлынх нь талаар тодрууллаа.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн докторант Х.Булгаа: -Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээний сүлжээний байдал, автобусны чиглэл болон багтаамж ихтэй тээврийн төрөл болох метро, автобусыг тусгай замаар явуулах боломж бий юү, автобус иргэдийн хэрэгцээг хангаж чадаж байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж үзлээ. Цаашид Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээнд автобусны тусгай зам, метрог зайлшгүй нэвтрүүлэх, автобусны чиглэлийн зохион байгуулалтыг сайжруулж, боловсронгуй болгох шаардлагатай байна.

Ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл: -Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны цаг агаарын байдал ч өөрчлөгдөж, сүүлийн 10 жилд хоёр градусаар дулаарсан. Энэ нь ган, цөлжилт үүсэх нөхцөл болдог. Монгол хүний хүнсний хэрэгцээг гурилгүйгээр төсөөлөхийн аргаг үй. Гангаас болж буудайн ургац муудан, зарим тохиолдолд ургацаа бүрм өсөн алддаг. Иймээс ганд тэсвэртэй буудайн селекцийн эх материалыг судаллаа. Ганд тэсвэртэй үрийн аж ахуй байгуулна гэж төлөвлөж байна. Уламжлалт селекцийн аргаар ганд тэсвэртэй сорт бий болгоход 12-15 жил шаардлагатай. Генийн түвшинд судалснаар энэ хугацааг 3-5 жилээр богиносгох боломж бий.

Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Одбаяр: -Газрын ховор элемент нь компьютер, гар утас, дэлгэц гэх мэт өнд өр технологийн бүтээгдэхүүний түүхий эд юм. Дэлхий дахинд өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа. Иймээс энэ төрлийн ашигт малтмалын судалгааг Монгол Улсын хэмжээнд хийсэн. Газрын ховор 17 элемент бий. Монгол оронд тархалтын цар хүрээ их ч судалгаа бараг хийгээгүй. Манайд нөөц нь батлагдсан гурван орд, 70 гаруй илрэл, 280 орчим эрдэсжсэн цэг бүртгэгдсэн.

Э.ЭРДЭНЭ