ЭЗЭНГҮЙДЭЛ: Барьж чаддаггүй юм гэхэд байгаагаа ашигламаар байна

2014 оны 11 сарын 26

(Цуврал № 5)

  Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан боловч хувийн эзэмшилд шилжсэн, ингэхдээ ямар замаар хэрхэн бусдынх болсон нь тодорхойгүй цэцэрлэг нийслэлд 10 байгааг нийслэлийн Боловсролын газар тогтоосон. Эдгээр барилгыг эмнэлэг, хувийн цэцэрлэг, нарийн боовны цех, хоолны газар, оёдлын газар, агуулах гээд эсэн бусын зориулалтаар ашиглаж буй. Бид өмнөх дугаартаа тэдгээр цэцэрлэгийн байршил болон хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлсэн. Гэвч хувьчлагдсан цэцэрлэгийн барилга 10-аар зогсохгүй нь. Нийслэлийн Боловсролын газрын гаргасан дээрх судалгааны гадуур өнгөрсөн, зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэг нэлээд бий аж. Бид энэ удаа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу зориулалт нь өөрчлөгдсөн зургаан цэцэрлэгийг онцоллоо. Орчин үед хүмүүс бүх зүйлээ төлөвлөх болсон. Бүр хэзээ гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болохоо хүртэл төлөвл өж байна. Харин манай төр засаг олуулаа болохыг уриалахаас олон хүнд хэрхэн боловсрол эзэмш үүлэхээ төлөвлөдөггүй.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд хувь, хувьсгалын нийлсэн 494 цэцэрлэгт 81.483 хүүхэд хүмүүжиж байна. Гэтэл цэцэрлэгт хамрагдвал зохих 2-5 насны 106.560 хүүхэд бий. Өөрөөр хэлбэл, энэ жил дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 25 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй, цоожтой хаалганы цаана үлдэх юм уу, эмээ, өвөө, ах, эгчийнхээ гараар хүмүүжиж буй. Энэ бол байгаа хэдэн цэцэрлэгтээ чинээнд нь тултал хүүхд үүдээ “чихээд”, багтахгүй үлдсэн багачуудын тоо. Уг нь БСШУ-ы сайдын 2005 онд баталсан Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн 2.3-т “Цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 20, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг 25, холимог бүлгийг 20 хүүхэдтэйгээр зохион байгуулна” гэж заасан. Гэтэл нийслэлийн цэцэрлэгүүдийн нэг ангид дунджаар 34 хүүхэд сурдаг. Хувь, хувьсгалаар нь ангилбал, төрийн өмчийн цэцэрлэгт 44, хувийн цэцэрлэгт 20 хүүхэд сурч байгааг нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгаа харуулна. Нэг ёсондоо улсын цэцэрлэгүүд хоёр дахин олон хүүхэд авч, үлгэрчилсэн дүрмээ хээвнэг зөрчиж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, актлагдсан найман цэцэрлэг, цэцэрлэггүй 18 хороо байгаа нь үлгэрчилсэн дүрмээ зөрчихөөс ч аргагүй нөхцөлийг бүрдүүлсэн. Өдгөө нийслэлд 240 ортой цэцэрлэгийг дунджаар 1.6, 120 ортой цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр барьж буй. Өөрөөр хэлбэл, тус бүр нь 120 хүүхдийн хүчин чадалтай 16 цэцэрлэг барихад багадаа 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг. Зориулалт нь өөрчл өгдс өн бүх цэцэрлэгийг биш юм аа гэхэд 10-ыг нь л зориулалтаар нь ашиглахад 10 тэрбум төгрөг хэмнэнэ. Хувьчлагдсан дээрх цэцэрлэг үүдийн үнийг нь төлөөд, буцаан авах боломж Монголын төр, засаг, нийслэлийн удирдлагуудад бий.

1. “Баянгол” рестораны хойд талд 1990-ээд он хүртэл хүүхдийн сувиллын хоёр давхар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байв. Харин одоо энд 16 давхар, залгаа хоёр барилга баригдаж байна. Учрыг тодруулах нь ээ “Болор мэлмий” эмнэлгийнхэн цэцэрлэгийг хувьчилж аван, үйл ажиллагаа явуулж байгаад, 2-3 жилийн өмнө “Макс-Өргөө” компанитай гэрээ байгуулж, газраа заран барилга боссоны дараа I давхарт нь эмнэлэг ажиллуулахаар болсон гэнэ. Анх 12-14 давхар барилга барихаар зураг төслөө гаргасан ч, үүнийгээ өөрчилж, 16 давхар болгосон аж. Энд барилга барих нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж эхэлсэн тул Сүхбаатар дүүргийн I, II хорооныхон иргэний бүлэг байгуулж, барилга барихын эсрэг тэмцсэн ч үр дүнгээ өгөөгүй байна.

Авлигатай тэмцэх газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад “Шаардлага тавьсан” гэдэг ч барилгын ажил үргэлжилсээр өдий хүрснийг иргэд ярилаа. Сүхбаатар дүүргийн II хороо цэцэрлэггүй 18 хорооны нэг. Дүүргийнхээ Засаг дарга, Боловсролын хэлтэст хандсанаар ойролцоох 54, 143, 163 дугаар цэцэрлэгийг гуйж, 2-5 насны 292 хүүхдийнхээ 132-ыг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулж буй. Тус хорооны Засаг дарга М.Энхмаа “Энэ цэцэрлэгийн газар I хорооны нутагт хамаардаг ч манай хорооны хүүхдүүд тус цэцэрлэгт явдаг байсан. Цэцэрлэгт явах хүүхдүүд цөөрснөөр хаалгыг нь барьсан гэдэг ч үнэн хэрэгтээ өмч хувьчлалыг далимдуулан, цэцэрлэгийн барилгыг хувьчилж авсан байх” гэв.

2. Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төв байрлаж байгаа байр цэцэрлэгийн зориулалттай барилга гэсэн мэдээллийг Баянгол дүүргийн иргэн бидэнд ирүүлсэн. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Барилгын зураг төслийг анх цэцэрлэгийн зориулалтаар хийсэн ч тухайн үед цэцэрлэг хангалттай хэмжээнд байсан учраас Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төв болгосон” гэлээ.

3. 120 хүүхдийн хүчин чадал бүхий II цэцэрлэгт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдийн хүүхдүүд сурдаг байжээ. Энэ цэцэрлэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд харьяалагддаг бөгөөд одоо тэнд “Like” караоке үйл ажиллагаа явуулдаг. 10 жилийн өмнө мэргэжлийн хяналтын байгууллага “Цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болохгүй, эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гаргаснаар зориулалтаар нь ашиглахаа больсон гэнэ. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн цалин болон барилгын цахилгаан, дулааны мөнгийг төлөхийн тулд бусдад түрээсл үүлснээр караоке ажиллах эх үндэс тавигдсан аж. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Түрээслэгч компанид караоке ажиллуулахаа болих шаардлага тавьсан. Ирэх дөрөвдүгээр сараас барилгыг нурааж, 150 хүүхдийн ортой, сургалт судалгааны төв бүхий цэцэрлэг барина. Ингэхэд хөрөнгө дутагдалтай байгаа тул цэцэрлэгийн газарт өөр барилга бариулахаар төлөвлөсөн” гэлээ.

4. Баянзүрх дүүргийн XI хороо буюу эмэгтэйчүүдийн хорих ангийн зүүн талд байрлах цэцэрлэгт ногооны зоорины ажилчдын хүүхдүүд сурдаг байжээ. Харин одоо “Ногоон хотхон” хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө энд 28 хүүхэд явдаг аж. Цэцэрлэгийн зориулалттай энэ байранд 90 дүгээр сургууль хичээллэж байсан бөгөөд 2000 онд Даваажав гэх хүн дуудлага худалдаагаар хувьчилж авчээ.

5. “Баянзүрх” цогцолбор сургуулийн зүүн урд талд байрлах 36 айлын орон сууц мөн л цэцэрлэгийн зориулалттай барилга. Цэцэрлэг барьж эхэлсэн ч хөрөнгөгүйн улмаас ажил нь зогссон байсныг Батлан хамгаалах яамнаас хөрөнгө гарган гүйцээж, орон сууц болгосон байна.

6. Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн бага сургууль нь 260 ор бүхий цэцэрлэгийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Боловсролын хэлтсээс өгсөн мэдээллээр уг барилгыг 1994 онд хувьчилж, хожим сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарснаар тус сургууль үйл ажиллагаа явуулах болсон гэсэн. Харин 79 дүгээр сургуулийн захирлын хэлж буйгаар барилгыг цэцэрлэгийн зориулалттай барьсан ч анхнаас нь сургууль хичээллэж байжээ. Учир нь Баянзүрх дүүргийн IX, XVII хороонд ганцхан 79 дүгээр сургууль үйл ажиллагаа явуулдаг. Нийт 2300 хүүхэдтэй. Бага ангийн 40 бүлэгтэй. Цэцэрлэгийн зориулалттай учраас анги болгон дотроо ариун цэврийн өрөөтэй байдаг нь харин ч бага ангийнханд илүү тохиромжтой гэнэ. Жил ирэх бүр сургуулийн хүүхдийн тоо нэмэгддэг бөгөөд ирэх жил I ангийн 10 бүлэг хичээллэх магадлалтай байгаа аж. Тус барилгад сургууль хичээллэдэг нь цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж буйгаас ялгаагүй юм.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ