УДИРДАГЧААР УНДААССАН МОНГОЛ

2014 оны 11 сарын 26

Шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид лидерийн хомсдолд ороогүй. Харин шийдвэр гаргах чадавхийн хомсдолд л ороод байна” гээд ийм чадвар бүхий бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахаа зарласан. Үүнийг нь бид өлгөж аваад Засгийн газраа бүрд үүлээгүй байхад нь “Шийдлийн” гээд тодотгочихсон. Гэвч түүнийг эрх барих үед шийдэл хүлээж олон жил гацсан асуудлууд урагшилна гэдэг эргэлзээтэй. Учир нь тэр стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хямрал, хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулийн өөрчлөлт гэхчилэн гацаж, мухардсан асуудлуудыг шийдэх арга замаа бусдаас гойд ялгарах зүйлгүйгээр тодорхойлсон. Тэгээд ч тэр анхаарал татсан, хуваагдаж талцсан сэдвүүдийн хүрээнд үндэслэлтэй, хүчтэй, хамгийн гол нь өөрийн гэсэн байр суурь илэрхийлж, түүндээ тууштай байж, басхүү дэмжигчид дагуулж байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, түүний ярьсан, хэлснээс барууны, либерал үзэл санаа үе үе үнэртдэгээс бус, ядаж л Г.Уянга гишүүн шиг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй гэж алхам тутамдаа дуугарч, аливаа сайн, муу асуудлын алинд ч “автор”-ын хэмжээнд явж чадаагүй.

Үндсэндээ Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн ордуудаа түшиглэсэн төслүүдээ хөдөлгөх төдийд л сэргээд ирэх, аравхан тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол Улсад нүүрлээд буй хямралаас “Ойлголцол, шийдэл, зүтгэл гурваар л гарч чадна” гэсэн ерөнхий санааг давтчихсан хэрэг. Яагаад гэвэл, улс төрийн намууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс ойлголцож чадахгүйгээс огт шийдэлд хүрэхгүй байгаа талаар олон жил ярьж ирсэн. Тэгэхээр түүний Засгийн газраас тэгтлээ их зүйл хүлээгээд ч хэрэггүй юм шиг. Гэвч энд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайн, мууг зөгнөх гэсэнгүй. Монгол Улсын хөгжил, манай улс төр нэг л болохгүй байгаагийн шалтгааныг шийдвэр гаргалтын бус, лидерийн хомсдолынх гэж тайлбарлахыг зорив. Өөрөөр хэлбэл, Монгол төрд лидер нүдний гэм болсноос болж нийгэм бүхлээрээ шийдэлд хүрч чадахгүй байна.

Одоогоор хүн төрөлхтний хувьд засаглалын байж болох хамгийн зөв хувилбар ардчиллын замаар ороод 25 жилийн нүүр үзэж буй Монголын нийгэмд эрх мэдэл, байр суурь, нэр хүнд, олон нийтийн сонголтоор гарч ирсэн зэрэг давуу талаараа жин дарахуйц нөлөө үзүүлж чадах удирдагчдын орон зай үгүйлэгдэж байна. Лидер (leader) гэх англи үгийг монгол хэлнээ удирдагч, манлайлагч, тэргүүлэгч, хошуучлагч гэхчилэн янз бүрээр хэрэглэдэг. Манай наймаачид байхгүй бараагаа “тасарсан” гэж цайруулдаг шиг Монголд лидер (удирдагч)-ийн нөөц нэг л өдөр шавхагдчихаагүй нь тодорхой. Сая засаг төр бужигнаж, дараагийн Засгийн газрын тэргүүнд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат тэргүүтэй хүмүүсийн нэр хөвр өхөөс өмнө ч эл сэдэв хөндөгдөж байсан. Тухайлбал, өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг МАН-аас нэр дэвшүүлэхэд “Үүнээс өөр сонголт үгүй гэж үү” гэх аятай хандагсад олон таарсан. Намын нөхөд нь ч ялагдахаа мэдэж байсан юм шиг аваргын “зулгаасан” 40 гаруй хувийн саналыг “Санасныг бодоход сайн” гэж үнэлж суух вэ дээ. Нөгөө талаас энэ нь лидерийн хомсдолд орсноо хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд улс төрөөс ангид салбараас нэр дэвшүүлж, сонгогчдын сэтгэл зүйгээр тоглолт хийх гэсэн ядмаг сонголт байв.

Эрүүл мэндээсээ болж Ерөнхий сайд, намын даргын албаа өгсөн С.Баяр, хүндэтгэн үзэх шалтгаанаар гишүүн ба генсекийн суудлаас сайн дураараа татгалзсан У.Хүрэлсүх нарын нүүдэл, суудлын дараа ч Ардын намыг толгойлох удирдагчийн эрэлт гарч байсан. Үнэхээр ч тухайн үед тус намын дараагийн удирдлагаар ажиллах магадлалтай хүмүүсээс сонголт хийхэд ярвигтай нөхцөл байдалтай тулгарсан юм. Энэ нь олон сайнаас бус олон муугаас сонгохын зовлон байсан юм. Гэвч удирдагчийг ус, агаар мэт үгүйлэхийн учир чухам юу гэж. Аливаа нийгмийг сайн, муугаар өөрчлөн, хөгжүүлэхэд удирдагч, хувь хүний хүчин зүйл чухлыг нотлох албагүй. Үнэнийг түүх гэрчилнэ. Хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн өдрийнх нь түүхт ойг тэмдэглэсэн Их эзэн Чингис хаан ч аугаа удирдагчийнхаа хувиар дэлхийн түүхнээ дархлагдсан. Гэхдээ үүгээр хэн нэгэн хувь хүнээс хэт хараат, ганц хүний засаглалыг хүсэмжилсэнгүй. Бас бөх барилддаг хүн Төрийн тэргүүн байхыг үгүйсгэсэнгүй.

Хүйтэн дайны үед коммунизмтай хэл амаа ололцож чадсан АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган жүжигчин байсан шүү дээ. Тэгэхээр гагцхүү удирдагч олон нийтэд нөлөөлж, хүлээн зөвшөөрөгдөж, бодлого шийдвэрээ дэмжүүлж, хэлбэрэлтгүй шийдэлд хүрч чаддаг байхад хувь хүний шинж чанар нь чухал юм. Энэ талаар манлайллын хувийн шинж чанарын онолд “Шилдэг удирдагч бүхэн хувийн нийтлэг шинж чанартай байдаг” хэмээн тодорхойлсон байдаг. Тус онол ёсоор улс төрийн удирдагчид байх шинж чанарууд нь хурц ухаан, өөрийн санааг тууштай хамгаалах, биеэ авч яваа байдал болон зохион байгуулах, зорилгодоо хүрэхэд шаргуу тэмцэх, хүмүүст таалагдах, хариуцлага хүлээх, илтгэх чадвар аж. Дуу хоолойны өнгө хүртэл чухал юм гэнэ лээ.

Харин судалгааны мэргэжлийн байгууллага болох “New Era” төвөөс хийсэн энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгаанд шилдэг 10 улстөрчийн рейтинг тогтооход хамгийн өндөр нь ердөө 12.3, хамгийн бага нь дөнгөж 2.3 хувийн санал авсан нь Монгол удирдагчаар ундаасаж буйг илтгэх үзүүлэлт гэж болно. Эдгээр улстөрчийн жагсаалтад 10-аас дээш хувийн санал авсан хүн ердөө хоёрхон байсан нь харамсалтай. Олон нийтэд нөлөөлж, нийгмээр нь дагуулах учиртай удирдагч ядаж л тавин хувь руу дөхөх хэмжээний дэмжлэг хүлээх ёстой баймаар. Нөгөө “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг”-ийн үлгэрээр энэ мэт дульхан дэмжлэгтэй удирдагчид дүлэгнэсэн, тодорхойгүй шийдвэр гаргаж, шийдлийг мухарлаж буй гэлтэй. Нөгөө талаас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр ямар нэг байдлаар албан тушаалд очиж, эрх мэдлийн үзүүрээс зуурч, мөнгөний үнэр үнэртсэн манай зарим дарга өөрийгөө удирдагч гээд итгэчихдэг.

Мөн улс төрийн ганц удаагийн үйл явцад оролцож, “од” болсноо удирдагч мэт сэтгэж эндүүрдэг. Удирдана гэдэг бол захирах, захирагдах ёс. Бас үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс зүй, зан чанар, мэдлэг чадвар юм. Тэгвэл Монгол хэзээ, хэрхэн удирдагчтай болох вэ. Цаг үе нь удирдагчаа угтдаг гэдэг. Хямрал болон зарим үйл явдал нь хэн нэгний жинхэнэ удирдагчийн шинж чанарыг нь товойлгодог жишиг ч бий. Гэхдээ яавч телевизийн реалити шоугаар тодруулдаггүй л байх. Энэ утгаар нь авч үзвэл эдийн засгийн өнөөгийн хямрал, уул уурхай, орд газрын ашиглалт, авлига, Үндсэн хууль, сонгуулийн асуудал гэхчилэн ардчилалд суралцах явцад гажуудсан хийгээд мухардсан олон зүйлийг сайн удирдагчдын тусламжтайгаар шийдэх цаг үе нь одоо биш гэж үү.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.44.46 jinxene Lider chini l zuw shiidwer tsag aldalgui gargana. tegd ter shiidwer n ard tumniixee tusiin tuld uls ex orniixee erx ashigt niizsen bx estoi. mongold tm lider bxgui l bna sh de. xudlaa uursdiigee lider gex ged bgaa ymuu? xulgai xiigchdiinxee dund l lider bx da
209.117.62.227 Иш юу ч мэдэхгүй байж, буруу л бичиж. Сайханбилэгийн зөв, бид лидерийн бус, шийдвэр гаргалтын хомсдолд байгаа.
27.123.214.108 Burhan urshuug
27.123.214.108 Burhan urshuug
27.123.214.108 Burhan urshuug
27.123.214.2 Leader = Shiidver! uuniig sanaj yav gey daa
36.2.140.44 Mongol uls bolovsroltoi ajilsag hunleg irgedeer dutan ulaisaj baina. Yamarch bolovsrolgui baij ulstorjih durtai haraaj yoroohoos oor yum medehgui hooson tolgoitnuudaar duurchihsen. Teriig ni duriin durak ni tarhiig ni ugaagaad baina.