М.Энхболд: Нөхцөл байдлыг тал талаас нь үнэлж шийдвэр гаргана

2014 оны 11 сарын 26

Шинэ Засгийн газарт хамтран ажиллах талаар улс төрийн намуудад тавьсан АН-ын хүсэлтийг хэлэлцэхээр өчигдөр МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим хаалттай хуралдав. Энэ танхимд 2012 оноос өмнө МАН-аас томилогдож, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж асан хүмүүс багтдаг бөгөөд тэд үе үе нийгэм, улс төрд үүссэн тодорхой асуудлаар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгдөг аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.

-МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим шинэ Засгийн газарт хамтарч ажиллах, эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Зөвлөхүүд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Зөвлөхүүдийн танхим АН болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс тавьсан албан тоотын дагуу тодорхой асуудлыг хэлэлцэж байна. Зөвлөл шийдвэр гаргадаг байгууллага биш. Зөвлөлд МАН болон улс орныг удирдаж явсан ҮАБЗ-ийн гишүүд багтдаг. Ийм хүндтэй хүмүүс багтдаг учраас МАН цаг үе, үүссэн нөхцөл байдлын талаар тэднийхээ саналыг зайлшгүй сонсдог. МАН улс орны өнөөгийн нөхцөл, бодит байдлыг мэдэх, үнэлэлт дүгнэлт гаргах, нийгэм, олон нийтийн байр суурь ямар байгааг тодорхойлох баг ажиллуулж байна. Хоёр өдрийн өмнөөс хөдөө орон нутаг болон нийслэлд судалгааны ажил эхлүүлсэн. Нөгөө талаар намын анхан болон дунд шатны байгууллагуудынхны бодол санал ямар байгааг сонсох, байр суурийг тодруулах зорилгоор мэдээлэл авч байна. МАНын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд “Улс орны болон эдийн засгийн нөхцөл байдлыг тал талаас нь үнэл. Үүний дараа эцсийн шийдвэрээ гарга” гэсэн байр суурьтай байгаа. Энэ сарын 28- нд МАН бага хурлаа хуралдуулна. Энэ хурлаар АН болон Ерөнхий сайдын ирүүлсэн бичигт эцсийн хариу өгнө. Одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.

Д.ЦАЦРАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД