С.БАЯРЦОГТ Засгийн газрын ХЭГ-ын дарга, А.БАКЕЙ ҮХАА-н сайдад нэр дэвшинэ

2014 оны 11 сарын 26

  Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хэрхэн байгуулах талаарх зөвшилцөл үргэлжилж байна. Энэ асуудлыг УИХ-д суудалтай нам бүр дотроо хэлэлцэхээр тус тусдаа Ажлын хэсэг байгуулжээ. АН-ын Ажлын хэсгийг гишүүн М.Батчимэг ахалж байгаа гэнэ. МАН-ынхан Зөвлөхүүдийн танхимаа өчигдөр хуралдуулж, мөн л уг сэдвээр ярилцав. Тэд эцсийн шийдвэрийг ирэх баасан гаригт болох Бага хурлаараа гаргах юм. Албан ёсны шийдвэр нь гараагүй ч МАНынхан дотор Засгийн газарт орох хүсэлтэй хэсэг давамгайлж байгаа сурагтай. Ц.Нямдорж тэргүүтэй хэдхэн эрхэм л гэдийж буй юм байх. Энэ зуур АН-ынхан МАН-тай, МАН-гүй гэсэн хоёр хувилбар гаргаад сайдын квотоо хувааж, фракцуудаас нэр дэвших хүсэлтэй горилогчид хэдийнэ тодорсон байна. Сөрөг хүчнийг Засгийн газарт оруулбал “бялуу”-г илүү олон хуваах хэрэгтэй болох нь мэдээж. Тиймээс Н.Алтанхуягийн танхим анх байгуулахад байсан “данхар” бүтцийг дэмжиж мэдэх нь. Ингэвэл АН-д ес, МАН-д Шадар сайд дээр нэмээд таван яам, “Шударга ёс” эвсэлд хоёр, ИЗНН-д нэг суудал олгох хуваарь гаргасан гэх. Мэдээж эвслийнхэн МАН-аас даруй хоёр дахин бага квот авч, “бэлгэдлийн” чанартай ажиллахыг хүсэхгүй. Ийм хуваарилалт хийнэ гэдгийг тэд мэдэж буй учраас МАН-тай хамтрахыг эсэргүүцэж байгаа юм.

Харин МАН-гүй байна гэвэл эвсэлд ногдох квот, дагах эрх мэдэл нэмэгдэнэ. Гэтэл АН-ынхан сөрөг хүчнийг “жийж”, Н.Алтанхуягийн алдааг давтахыг хүсэхгүй байдаг. ИЗНН-ынхны хувьд аль ч хувилбарт нэг л квот авах учраас татгалзах хариу өгөхгүй болов уу. Тиймээс одоо АН-ын Ажлын хэсэг намуудын Ажлын хэсгийнхэнтэй тусгайлан уулзаж, “хамтдаа бол хүчтэй” гэдгийг ухуулж эхэлжээ. Үлдсэн нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллая гэвэл УИХ-д суудалтай бүх нам хамтрахаас өөр сонголт үгүй байгаа юм. Юутай ч АН-ын “Алтангадас” фракцаас цөөнхийн төлөөлөл А.Бакейг Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Ерөнхий сайдын дотнын анд, мөн мэдлэг, туршлагаараа хэнд ч гологдохгүй учраас С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудалд өрсөлдүүлж байгаа гэнэ. Энэ бол магадлал өндөртэй хувилбар. Гэвч өрсөлдөгч мундахгүй нь.

Хэрэг эрхлэх газрын даргын албыг “Алтангадас”-ын Г.Батхүү, МҮДН-ын Д.Зоригт нар сонирхож байна. Мөн “Шонхор”-ын Г.Баярсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог хэл амгүй даргалж ирсэн туршлагаараа энэ салбартаа хүч үзэх хүсэлтэй байгаа гэнэ. Эмч мэргэжилтэй учраас түүнд Эрүүл мэндийн яамыг өгвөл бас л дуртай зөвшөөрөх бололтой. Тус фракцаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнийг улираахаар ярьж буй юм. Гэвч Н.Алтанхуягийн танхимыг унагахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг учраас түүнийг Ч.Сайханбилэг тэргүүтэй “Алтангадас”-ынхан дэмжих магадлал муу. МАН-ын шийдвэрийг хүлээнгээ фракцууд сайдын төлөөх марафон өрнүүлж байх зуур Төрийн тэргүүн энэ Засгийн газрыг “дан дээлтэй” хүмүүсээр бүрдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих сураг гарав. Гэхдээ өмнө нь ийм агуулгатай төслийг УИХ-аар сар гаруйн турш хэлэлцээд унагасан түүх бий.

Ямартай ч Ерөнхийлөгч энэ байр суурийнхаа дагуу Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Хууль зүйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээ Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатарыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад санал болгож буй сурагтай. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногт багтаан сайд нарынхаа нэрсийг өргөн барих хуультай. Энэ хооронд намуудын зөвшилцөл, фракцуудын тохиролцоо яаж ч өөрчлөгдөж мэднэ.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.47 2013 оны хаваржингээ Европын том сонингууд офшорын хахуульчдийг нийтлээд Баярцогтыг Монголын шилдэг хахуульчаар тодруулж мандуулсан. Европ барууных нь монголын улс төрчид шиг ингээд ичих нүүрэндээ элэг наагаад гэмт хэрэгтэнг дахин дахин албанд томилдоггүй. АН-ы удирдлага гэж нэг ялзарсан хогын гахайнууд байнаа улс орны эдийн засгийг 2 жилд бүрэн нураасан гахайнууд.