ТАЛЦАХ УЧИРГҮЙ үндэсний баяр

2014 оны 11 сарын 26

  Их Монгол Улсыг байгуулсан найман зууны түүхтэй Монгол Улс дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан тунхагласны их ойн баяр өнөөдөр тохиож байна. Аливаа улс орны хувьд үндэсний хэмжээний хамгийн том бахархалт баяр нь Тусгаар тогтнолын өдөр байдаг. Үндэсний эв нэгдлийг батлан илэрхийлэх ёстой энэ өдрийг монголчууд бид албан ёсны баяраар хуульчилж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор 11 жилийг үджээ. Гэвч Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртөлсөн хэн бүхний бахархал, омогшлийг төрүүлэх баярын хэмжээнд ач холбогдол өгч байсангүй. Төр засгийн тэргүүн нар, улс төрийн намын удирдлагууд Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөхөөс хэтрэлгүйгээр тэмдэглэж ирсэн нь төрийн, эсвэл аль нэг улс төрийн намын “баяр” мэт ойлголтыг төрүүлэх болсон юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр, 1921 оны Ардын хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтносон гэх маргаан улстөрчид, түүхчдийн дунд өнөөг хүртэл өрнөсөөр байгаа ч Тусгаар тогтнолын өдөр нь хэн нэгний өмчлөлөөс үл хамаарч монгол үндэстний оршиж буйн илэрхийлэл байх учиртай. Тэр тусмаа 1921 онд ардын журамт цэргүүдийн цус, хөлсөөр алдагдсан тусгаар тогтнолоо сэргээж, 1924 онд Бүгд Найрамдах засгаа анх удаа тунхагласнаараа Монгол Улсын тусгаар тогтнол бол Ази тивдээ анхдагч, үлгэр жишээ болсоор ирсэн.

XVIII зуунаас XXI зуун хүртэлх хэдэн зууны түүхийн нугачааг туулсан ч өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр буй улс, үндэстэн цөөнгүй. Гэтэл бид тусгаар тогтносон олон арван жилийн түүхтэй атал энэ баяраа Үндэсний баярын хэмжээнд үнэлж, цэгнэж чадахг үй, улс төрийн “хүрээнд” тэмдэглэж буй нь жаргалдаа ташуурсан улсын тод жишээ юм. Дэлхийн түүхийг сөхвөл, Тусгаар тогтнолын өдрөө үндэсний хэмжээний бахархлын баяр болгон тэмдэглэдэг 80 гаруй улс орон байдаг аж. Тухайлбал, АНУ тусгаар тогтносон өдөр болох долдугаар сарын 4-нийг Үндэсний өдөр хэмээн тунхаглаж, бүх нийтээрээ тэмдэглэж ирэв. Ёслолын буудлага, хүндэтгэлийн жагсаал, аялал зугаалга, концерт, бэйсболын тэмцээн, гэр бүлийн уулзалт, улс төрийн илтгэл тавих зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг.

Мөн БНСУ жил бүрийн аравдугаар сарын 3-ныг албан ёсны амралтын өдөр болгож, төрийн далбаагаа мандуулдаг бол япончууд хоёрдугаар сарын 11-нийг улс байгуулагдсан өдрөө санаж, эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Энэ мэтчилэн Тусгаар тогтнолын өдөр нь олон оронд үндэсний хэмжээний бахархалт баяр болж тэмдэглэгдэн иржээ. Тиймээс Их Монгол Улсын олон зуун жилийн түүхийн нугачаанд өвөг дээсийн минь унаж босож, алдаж онож, цус, хөлсөөрөө бидэнд үлдээсэн Тусгаар тогтнолын өдөр бол дэлгэсэн тэрлэг шиг эх орондоо эрх дураараа амьдарч буй монгол хүн бүрийн бахархал, омогшлын баяр байх учиртай. Тусгаар тогтнол бол эрх чөлөө юм. Энэ том эрх чөлөөг бидэнд эдлүүлж, энэ үеийнхний оршихуйн баталгааг бий болгосон нь үндэсний ач холбогдолтой.

Ийм үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлж, үлдээх нь аль нэг нам, эрх баригчдын биш, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн хэн бүхний үүрэг билээ. Энэ бол “ардын” гэх тодотголтой хувьсгалаар бидэнд олдсон ч ганц “Ардын нам”-ын баяр биш. Тусгаар тогтнолын гэх ордонтойгоороо тэдний баяр бүүр ч биш. Харин цагаан сар, шинэ жилээс ч илүү үнэ цэнэтэй, үндэсний бахархал юм. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг талцаж биш нэгдэж тэмдэглэдэг болцгооё.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД