Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ЦАХИРМАА ЦЭЦГИЙН ХҮЛЭМЖТЭЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

2014 оны 11 сарын 24

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өрөөнд ороход цэцгийн таатай үнэр угтав. Цонхны тавцан өрсөн болон ширээн дээрх ваартай цэцэгс ийнхүү үнэрээрээ угтах аж. Цэцэг, ургамлын талаар “А”-гүй би цэцэгний тухай асууж, яриагаа эхэллээ

-Гишүүн ээ, энэ ямар цэцэг вэ?

-Ромашка буюу балжингарав. Монголд төрөл төрлөөрөө ургадаг. Манайхан хамба шарилж гэж нэрлэх нь бий. Мөн алтан товч ч гэж нэрлэдэг. Манайд ургадаг энэ төрлийн цэцэгний ихэнх нь эмийн ургамал байдаг. Манайхан алтан товч нэрээр эмэнд хэрэглэх нь элбэг. Camo-mile гэсэн бичигтэй цай байдгийг анзаарсан уу. Тэр цай энэ цэцэгнийх. Өвөл ийм цай ууж хэвшвэл ханиаднаас урьдчилан сэргийлж чадна. Бас хүүхдийн биеийн тосны хайрцаг дээр энэ цэцгийн зураг байдаг. Арьсны үрэвслийг дарж, тайвшруулдаг учраас нялх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд хэрэглэдэг юм. Ер нь үрэвсэл дарах үйлчилгээтэй. Маш тэвчээртэй. Таслаад усанд хийхэд бараг арав гаруй хонодог.

-Таны өрөөнөөс цэцэг тасрахгүй биз. Учир нь таныг цэцэгчин гэх юм билээ.

-Шинэ долоо хоног эхлэнгүүт шинэ цэцэг авчирдаг. Манайх цэцгийн хүлэмжтэй. Тэндээсээ авчирдаг юм.

-Та цэцэгчин болоод хэр удаж байна вэ?

-Манайхан гэр бүлээрээ цэцгэнд дуртай. Ээж, аав маань маш их тарьдаг байсан. Хүүхэд байхаас л манайх цэцгээр дүүрэн айл байлаа. Хоёр хөгшин маань тэтгэвэрт гарсныхаа дараа ч хашаа худалдаж аваад төрөл бүрийн цэцэг, хүнсний ногоо, жимс тарьсан. Маш гоё хашаа Биокомбинатад бий. Тэрийгээ надад өвлүүлсэн юм. Мөн бид эмийн ургамлын талбайтай. Монголд ургаж байгаа бүх төрлийн эмийн ургамлыг нутагшуулах ажлыг сүүлийн 10 гаруй жилийн турш хийж байна. Дээр нь гадаадаас нэлээд олон төрлийн эмийн ургамал авчирч нутагшуулсан. Жишээ нь, элэгний эмэнд ордог силимарин гэдэг бодисыг гаргаж авдаг толбот силибум гэдэг ургамлыг авчирч, манайд маш сайн идээшиж байгаа. Манайхан тэрүүгээрээ эм хийх гээд ажиллаж байна. Мэргэжил маань ч ургамалтай холбогддог. Хообийндоо хөтлөгдөж өвлийн хүлэмж барьсан. Тэнд өвлийн турш цэцэг ургуулдаг. Манай эгч хүлэмжээ ажиллуулдаг. Энэ мэтээр миний амьдралын алхам тутам цэцэгтэй холбоотой. Стресстэй үед ч цэцгээ харахаар л баясчихдаг. Хүлэмжиндээ очиж, цэцэг навч арчлахаар сэтгэл сэргээд ирдэг.

-Төрийн их ажлын хажуугаар цэцэгсээ хайр халамжаар дутаахгүй байж чадаж байна уу?

-Жаахан дутаагаад байгаа. Ялангуяа гэрийнхээ цэцгийг хайр халамжаар дутаасан дутагдалтай. Гэхдээ амралтын аль нэг өдрийг цэцэгстээ заавал зориулдаг.

-Цэцэгчний хувьд таниас хамгийн их хүч чармайлт шаарддаг цэцэг юу вэ?

-Ургуулж чаддаггүй цэцэг гэж бий. Тухайлбал, цахирмаа ургуулах маш хэцүү. Ер нь цахирмаа ургуулаад сурчихвал бусад нь түвэггүй юм шиг санагддаг. Би энэ цэцгийг ургуулах гэж олон удаа оролдсон ч чадаагүй л байна. Тийм болоод тэр үү олон төрлийн цахирмаатай жижигхэн хүлэмжтэй болохыг мөрөөддөг.

-Та ямар мэргэжилтэй вэ. Эм зүйч үү?

-Би биологич мэргэжилтэй. Удам зүй судлаач гэх үү дээ. Хамгийн том ах маань эм зүйч. Би аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Аав маань Биокомбинатад микробиологич, Вакцин цехийн даргаар ажилладаг байсан юм. Миний аав малын өвчний эсрэг вакцин гаргаж авсан хүн. Аавыгаа дагаж ажилд нь байнга очдог байсан. Лабораторид нь хулгана, туулай тарихыг харж, микроскопоор элдэв нян, бичил биет сонирхдог байлаа. Ингэж л биологич мэргэжилд дурласан. Би Болгарын Софигийн их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн. Тэнд монгол хайнагийн цитогенетикийн судалгаагаар зэрэг хамгаалсан. Төгсөж ирээд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр жил ажилласан. Гэхдээ эм зүйч, биологич зарим талаараа их ойрхон л доо. Тиймээс ч ахтайгаа хамтран бизнест хөл тавьсан. Биологич хүний хувьд эмийн ургамал судалсан. Ингээд 2005 онд салимоны найрлагад ордог шинэсэрхүү бударгана гэх ургамлын тэжээллэг чанарын талаар биологийн ухааны доктор зэрэг хамгаалсан.

-Та хамгийн сүүлд хэнийг баярлуулсан бэ?

-Миний ээж 85 настай. Ээжийгээ аль болох ойр ойрхон баярлуулахыг хүсдэг болчихож. Өдий болтол бид өөрсдөө л зулгааж ирснээс биш тэр болгон баярлуулж байсангүй. Аавыгаа ч олигтой баярлуулж амжаагүй байтал бурхан болсон. Ойрын үед ээж маань баяртай байгаа. Өнгөрсөн есдүгээр сард ээжтэйгээ Японд очиж сүмо үзэхэд сэтгэл санаа нь үнэхээр өөдрөг болсон. Манай ээж сүмод  үнэхээр дуртай. Арав гаруй жил башё бүрийг алгасалгүй хөтөлсөн дэвтэртэй. Анх аав ээж хоёр хамтдаа суугаад хөтөлдөг байсан юм. Бүх бөхийг япон нэрээр нь мэддэг. Ээж сүмогийн ордонд бүр босчихсон дэмжиж байсан шүү дээ. Сүмогийн ордноос гарч яваад телевизийн сурвалжлагчид Ичиножёогийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа нөгөө дэвтрээ харуулаад л. Баярлаж байгаа нь илт байсан. Ээждээ бага болов ч нас нэмэхээр баярлуулсан хамгийн ойрын тохиолдол юм уу даа.

-Ээж тань ёстой л магнайгаа хагартал баярласан бололтой. Хүн ер нь сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ.

-Тийм шүү. Ямар сайндаа л 90 хүрнэ гэж амлах вэ дээ.

-Та их адтай охин байсан байх аа. Санаачилсан хуулиа хэлэлцүүлгийн явцад хамгаалж байгаа байдал, үйл хөдлөл, хоолойны өнгө тань хүртэл ийм дүгнэлтэд хүргэлээ. Бага насныхаа нандин дурсамжаас хуваалцаач.

-Би Сонгинохайрхан уулынхаа бэлд Сонгино тосгонд төрсөн. Айлын зургаан хүүхдийн хамгийн бага нь. Аав, ээж “хөлөө хучуулна” гэж хэзээ хойно төрүүлсэн хүүхэд. Айлын бага хүүхэд ямар байдаг тэр жишгээр л өссөн. Манай Биокомбинат үнэхээр гоё байсан. Одоо л өмхий ус урсаад хэцүү болчихсон болохоос биш. “Монос” гэдэг нэр ч төрж, өссөн энэ л газартай холбоотой. Биокомбинатад моносын шугуй байлаа шүү дээ. Хавар нь монос битүү цэцэглэж, намаржингаа мойл түүнэ. Мойлоо дарж бараашиг эсгэнэ. Аав маань жаахан халамцчихсан. Бид мойлыг нь хулгайлж идээд, бас жаахан халамцуу (инээв). Аав маань ан хийнэ, загас барина. Тэр үед Туул гол тултай байлаа. Аавтайгаа шөнө голын эрэг дээр суугаад тул барьдаг байснаа тодхон санаж байна. Тэгээд аав барьсан тулаа надтай чацуулаад “Манай охинтой чацуу юм байна” гэж байсан сан. Шинэхэн цасан дээрх мөр дагаж аавтайгаа хамт үнэг, ятуу, сойр хөөдөг байсан. Зундаа тарваганд их явна. Би майхан сахиж, тогоо барих үүрэгтэй. Ерөнхийдөө аавын охин байсан. Ээж гэж жигтэйхэн спортлог эмэгтэй байв. Волейболын зэрэгтэй тамирчин. Их сургуулийн анхны эмэгтэй багийн ахлагч. Улсын аварга болж явсан үе бий. Ширээний теннисээр бас зэрэгтэй. Одоо хүртэл теннис тоглодог. Ээжийг дагаж спортоор хичээллэдэг байсан. Багадаа Туул голд л сэлж өнждөг байлаа. Гэр маань Туулын эрэгт юм хойно аав, ээж хоёр биднийг гол уснаас хол бай гэж хэлэх аргагүй байсан биз. Тэгэхээр хамгийн түрүүнд сэлж сурах хэрэгтэй гэдэг байсан. Одоо ч гэсэн бассейнд сэлнэ шүү. Ийм л сайхан дурсамж минийх дээ.

-Таны зөв бие галбирын нууц усан спорт байх нь.

-Мэдээж, спорт чухал. Мөн хоолны дэглэмдээ зайлшгүй анхаарах ёстой. Би сүүлийн 15 жилийн турш тогтмол дэглэм барьж байгаа. Үдээс өмнө болон өдрийн хоолоо сайн идчихээд оройн цагаар тэгтлээ их зүйл идэх хэрэггүй. Миний хувьд суудлын ажил хийсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд таргалах гээд байгаа шүү. Ер нь хүн бүр спортоор тогтмол хичээллэх шаардлагатай. Сүүлийн үед газрын теннисээр хичээллэж байна. Цанаар гулгана. Болгарт байхдаа уулын цанаар хичээллэдэг байсан. Өнгөрсөн зун сур харваж сурсан. Улсын наадамд харвасан. Анх “Эх орон” телевизээс санал тавьсан юм. Тэгээд наадам хүртэл гурван сар бэлтгэл хийсэн. Ирэх жил дахин харвана. Бүтэн сайн өдөр гэр бүлээрээ заавал бассейнд сэлдэг. Харин бүтэн сайны өглөө найзуудтайгаа уул руу алхдаг.

-Хэр амжилттай харвасан бэ?

- Муу муу. 40-өөс арав гаруй л оносон. Гэхдээ багш маань оролдлоготой, сайн гэж урамшуулсан. Тийм учраас хаях бодолгүй байгаа.

- Үндэсний сураас чухам юу нь танд хамгийн их таалагдсан бэ?

-Бид үндэснийхээ спортыг сонирхохдоо тааруу юм. Бөх, морийг хүмүүс бас ч гэж сонирхоод байх шиг. Өөрөөр хэлбэл, сур харваа орхигдоод байна. Гэтэл сурыг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй харваж болдог онцлогтой. Ерөөсөө хүн бүр хичээллэж болох маш том спорт юм. Бид нэр хүндийг нь дээшлүүлэх ̧стой. Гадаадын жуулчдыг татах зүйл нь эрийн гурван наадам байх учиртай. Тэр дундаас харвааг жуулчдад зориулан үзүүлбэр хэлбэрээр хөгжүүлэх боломжтой. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулъя гэсэн юм. Магадгүй УИХ-ын гишүүн харваж байна гэвэл 20 хүн илүү сонирхох байх гэж бодсон юм л даа. Манай хүүхдүүд ч сонирхож байгаа. Хүү маань наадмаар хамт харвасан. Охиндоо нум хийлгэх санаатай байна. Өнгөрсөн зун хөдөө явахдаа байнга нумаа авч явсан. Хойтон жил хэд хэдэн сумын наадамд харвана гэж бодож байгаа шүү (инээв).

-Танд ямар ч их ажилтай байсан заавал амжуулж хэвшсэн зүйл байна уу?

-Би долоо хоногийн гурван өдөр 07.30 цагаас англи хэл заалгадаг. Бизнес эрхэлж байхдаа гадаад гэрээ хэлэлцээрээ гардаж хийдэг байсан л даа. Бизнесийн англи хэлний түвшин гайгүй гэж боддог. Одоо надад улс төрийн англи хэл хэрэгтэй байгаа юм. Би ер нь болжмор шиг хүн. Өглөө сэргэлэн, үдээс хойш бүтээмж эрс мууддаг. Эрт унтдаг. Тийм учраас өдөр бүр өглөө эрт англи хэл бага ч болов үзэж ирсэн. Магадгүй хамгийн олон жил тасралтгүй хийсэн зүйл маань энэ байх.

-Та эрч хүчийг хаанаас авдаг вэ?

-Хүн амьдралынхаа алхам бүрээс эрч хүч авч, түүнийгээ мэдэрч чаддаг байх ̧ёстой. Ялангуяа улс төрийн ажил хэрүүл тэмцэл ихтэй ч гарах үр дүн болгоноос эрч хүч авч чаддаг байх нь чухал.

-Та хэр гомдомхой вэ. 2008 оны сонгуулиар Сүхбаатар аймагт өрсөлдөөд унахдаа гомдсон уу?

-Эмэгтэйчүүд ер нь гомдомхой шүү дээ. Амархан гомдоно. Өдөрт хэд хэдэн удаа гомдож, баярлаж ч магадгүй. Сонгуулийн тухайд бүхэл бүтэн аймгийн ард түмэнд гомдоно гэж байхгүй шүү дээ. Харин ч би ялагдчихаад гутраагүй. Хамт ажилласан хүмүүс маань асар их гомдолтой байсан. Зарим нь бүр уйлж байсан. Хүн ер нь тулж ирсэн бэрхшээлийг тайван хүлээж авдаг юм шиг ээ. Сүхбаатарчууд 2012 оны сонгуульд ялахад минь тусалсан. Сүхбаатар аймгийн бүх сумаас Сонгинохайрхан дүүрэгт байдаг бүх ах дүү, хамаатан садан руугаа намайг дэмжээрэй гэж ярьж байсан. Эсрэг намынхан нь хүртэл ярьж байсан. Тэр нутгаас миний сэтгэл холддоггүй. Уг нь би Сүхбаатарынх биш шүү дээ.

-Та Ховдынх бил үү?

-Ээж Ховдынх. Аав Булганых. Сүхбаатар аймаг төрсөн нутгаас ялгаагүй. Бид тэнд томоохон бүтээн байгуулалт хийж байгаа.

-Олны танил хүмүүсийг үндэслэлтэй, үндэслэлгүйгээр шүүмжилдэг. Тэр бүхэнд Та хэрхэн ханддаг вэ?

-Эмзэглэх үе гаралгүй яах вэ. Улс төрд орсны дараа дайралт бүр ч их ирэх болсон. Хэр баргийн хүн давж гарамгүй мэт санагдах үе ч байсан. Гэхдээ дасдаг юм билээ. Олон жил сонгогдсон эмэгтэй гишүүдээсээ бас суралцаж байна. Ихэнх нь худлаа мэдээлэл байдаг. Тэр болгонд хариу өгнө гэвэл хайран цаг хугацаа биш гэж үү.

-Таныг олон нийтийн цахим сүлжээгээр машинаа гайхууллаа гэж баахан шүүмжилсэн дээ. Тэр машин байгаа юу?

-Би олонх эмэгтэй хүний сонирхдог үнэт эдлэл, гоёл чимэглэлд тэгтлээ шунадаггүй. Харин машин илүү сонирхоно. 20 гаруй жил бизнес эрхэлсэн хүн мөрөөдлийнхөө машиныг авч унаж яагаад болохгүй гэж. “Бенз” шинэ загвараа долоон жилд нэг удаа гаргадаг юм билээ. 2006 оны сүүлчээс дараагийн загвар болох “S class 500” загварыг төгс болгох бүх технологийг долоон жилийн турш хийж байгаа юм. Надад технологи нь үнэхээр гайхалтай санагдсан. Магадгүй тэрийг эрэгтэй хүн бичсэн бол хэн ч тэгж дайрахгүй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа л энэ. Дараа нь их аварга Д.Дагвадорж “Бенз”-ийн талаар бичихэд “Гайхуулж байна” гэж хэн ч хэлээгүй шүү дээ. ̄Үүнийг сөрж амьдрахаас өөр аргагүй.

-Та сэтгэлийн тэнхээтэй хүн мөн үү?

-Би сэтгэлийн тэнхээтэй гэж боддог. Сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг нь юуг зовлон гэж бодохоос л шалтгаална. Зовлонг ч боломж гэж харахад хамаг учир бий.

-Уран зураг сонирхдог гэж сонссон.

-Би монгол хатдын зураг цуглуулдаг. 20 гаруй зурагтай. Оюутан байхаасаа л сонирхсон. Гадаадад очихоороо уран зургийн үзэсгэлэн үзэх дуртай.

-Өнөөдөр Монгол бахархалын өдөр тохиож байна. Таны хувьд монгол бахархал гэж юу вэ?

-Залуу байхад Монголоороо бахархахдаа маруухан байсан юм уу гэж бодох болсон. Хамгийн гол нь одоо бид үр хүүхдүүддээ монгол бахархалтай үлдээх ёстой. Ядаж л үндэсний спорт, хувцсаараа гоёж чаддаг байх учиртай.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.208 khen jnbish
104.58.121.161 Та юу гэж бодож байна ...surhii yum aa