Аавын хүүгийн хатуужил, агт морьдын шандсыг сорьсон 188 ХОНОГ

2014 оны 11 сарын 24

  Монголчууд бид найман зууны тэртээ морьтойгоо дэлхийн талыг эзэлж явсан агуу түүхтэй ард түмэн. Тиймдээ ч монгол харчуул маань морьтойгоо эх орноо нар зөв, бүтэн тойроод ирлээ. Монгол хөвүүний бяр тэнхээ, тэсвэр хатуужил, монгол морины шандас, туулах чадварын гайхамшгийг түүхэнд тодоор бичих чухал үйл явдал өнгөрсөн бямба гаригт “Хаадын хаан” цогцолборт боллоо. Улаанбаатар хотоос өнгөрсөн тавдугаар сарын 9-нд хөтөлгөө 13 морьтой таван залуу Монгол орныхоо хилийн амар амгалан, хүн ардынхаа ахуй амьдралыг “шалгахаар” холын аянд мордож, Өмнөговь аймгийн Овоотын отрядаас аяллаа эхэлсэн юм. Тэд хавар, зун, намар, өвлийн хатуу бэрхийг үл ажран морьтойгоо эх орныхоо торгон хилийг бүтэн тойрч, 10394 км зам туулан зорьсон хэргээ бүтээгээд эсэн мэнд ирлээ. Энх уулзахын ерөөл өргөн, баруун хацрыг нь үнсэж, цацал өргөн үлдсэн ижий нь цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн угтав.

“Хаадын хаан” цогцолборт тэднийг хүлээсэн хүмүүс, морьтон монголчуудын эцэг эх, хамаатан садан, ангийн нөхөд, анд найзууд нь хуран цуглаж, халуун сэтгэлээр угтан авлаа. Морьтой залуус монгол төрийнх өө соёмбот тугаа мандуулсаар уул даван орж ирэхэд тэнд хуран цугласан хүмүүс нэгэн зэрэг уухайлахад өөрийн эрхгүй тэднээр бахархаж, бас омогших сэтгэл төрж байв. “Морьтон монгол залуус” ТББ-аас “Морьтон монгол” төсөл хэрэгжүүлж, монгол хүний тэсвэр хатуужил, морины туулах чадварыг сорих, хилийн дагуу аяллын шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах сэтгэлгээ төлөвшүүлэх, морин аяллыг олон нийтэд сурталчлах, зарим үзмэрийг хаягжуулах, морио дээдлэх уламжлалт ухааныг сэргээх, үеийн залууст үлгэр дуурайл үзүүлэх зорилго өвөртөлж явсныг МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн газарзүй-аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар ажил хэрэг болгож, “ETV” телевизийн зураглаач Д.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар урт аянд дөрөө харшуулсан юм. Тэд Монгол Улсынхаа хил дагуух 15 аймгийн 88 сумаар 188 хоног явж, аянд анх мордсон цэг болох Овоотын отрядад дөрөө мулталжээ.

М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Д.Нацагдоо, Ч.Ганболд нар аяллын турш Монголын морин спорт, уяачдын холбоо болон орон нутгийн уяач иргэд, зон олныхоо дэмжлэгээр морьдоо сэлгэн унаж явжээ. Нийт 88 морь сэлгэсэн бол нэг л шандаст хүлэг эздийнхээ хамт Монгол орноо бүтэн тойрч, эх нутгаа алтан туурайгаараа тамгалаад иржээ. Монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг нотолсон энэ хүлгийг уг арга хэмжээний үеэр “Өгөөдэй хааны хүлэг” хэмээх нэр хайрлав. Морины эзэн нь ажнай хүлгээ Монгол буурал хэмээн нэрийддэг юм билээ. Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Евромикс” компанийн захирал Ж.Энхболд залууст таван морь бэлэглэсний нэг нь Монгол буурал аж. Морь нь урт аянаас эсэн мэнд ирсэнд Ж.Энхбаяр бахархаж байв. Тэрбээр “Үнэхээр сайхан байна. Бахдал, омогшил төрж байна. Таван залууг эх орноо тойрно гэхэд хүн бүр чадлынхаа хэрээр тус дэм болж байсан. Буурал морио аяллын замыг бүгдийг нь туулаад ирнэ гэж бодоогүй. Шандаст монгол хүлэг аргагүй гайхамшигтай юм байна. Буурал морио шүдлэн үрээ байхад нь Төв аймгийн Сэргэлэн сумаас худалдаж авсан. Моринд хорхойтой жирийн л монгол хүн дээ, би. Морин дэл дээр хийсэж, эх орноо нар зөв тойрон, урт аянаас дөрөө мулталсан морьтон залуусаараа өөрийн эрхгүй бахархаж байна” гэж ярилаа.

“ETV” телевизийн зураглаач Д.Нацагдоо аяллын туршид залуусыг ахалж явжээ. Түүнээс аяллын сонин сайхан сонсов. Тэрбээр ирүүтээ морин дээрээсээ ч буулгүй охиноо шүүрэн авч үнсэн, тэвэрсээр...“Аяллын явцад ямар нэгэн эрсдэл гарсангүй, морь мал ч эсэн мэнд, сайхан явж ирлээ. Охиноо л маш их саналаа. Намайг явахад долоон сартай байсан юм. Зөнд өө том болчихож. Сайхан байна аа. Бид монгол мориороо эх орноо нар зөв тойрч, Монгол орны баруун захын цэг Монгол Алтайн нуруу, зүүн цэг Соёлз уулын Модот хамар, хойшоогоо Их Саяны нурууны Монгол шарын даваа, өмнөд цэг Орвог гашууны Бор толгойдоо хүрээд ирлээ. Хүний хөл хүрээгүй газраар ч явсан. Багаасаа л хурдан морь унаж өссөн болохоор бэрхшээл гарсанг үй. Бид зорилготой байсан болохоор шантрах зүйл байгаагүй. Хилчид бидэнд хамгийн их тус болсон. Монгол орныхоо өнцөг булан бүрт эх орныхоо хилийг нүд цавчилгүй манаж суугаа тэд биднийг халуун дотноор угтан авч, тусалж дэмжиж байв. Хил дагуух бүх отрядаар орлоо. Заримд нь хонож үзлээ. Одоо ч тэдний цуйванг үгүйлж байна. Заримдаа өдөржин хоол ундгүй явахаар хилчдийнхээ хийдэг цуйванг санана шүү дээ. “Одоо ч сайхан цуйван хийчихсэн байгаа даа” гэж хоорондоо ярилцдаг. Хүмүүс, гадаадаар аялна л гэдэг. Тэдэнд хандаж “Монгол орныхоо сайхныг үзчихээд яв” гэж хэлмээр санагдсан. Монгол орон үнэхээр агуу. Эх орноороо маш их бахархаж байна” гэж ярив.

Ц.Даваахүү “Морьтон монголчуудаа дэлхийд зарлан тунхаглаад, залуу насандаа эх орноо танин мэдэж, судлан, монгол уламжлал, ёс заншлаа дээдэлж яваад ирлээ, бид. Өмнийн шаргал говь, өндөр цэнхэр хангай, дорнын уудам тал гээд байгалийн бүхий л бүс, бүслүүрээр явлаа. Улсынхаа бүх ястантай уулзаж, нутаг нутгийн салхиар амьсгалж үзлээ. Үнэхээр сайхан байна” гэсэн бол М.Батчулуун “Юуны өмнө энэ үйлийг эхлүүлж байхад хүлээн авч уулзан, дэмжсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгад маш их баярлалаа. Энэ хүн биднийг дэмжээгүй бол бид ийм том амжилт гаргахгүй байсан ч байж магад. Манай өвөг дээдэс эрт үеэс нүүдлийн соёл иргэншилтэй, өдөр нь морин дээрээ явж, орой борцоо идээд өглөө мордоод аяндаа гардаг байсан гэлцдэг. Бид ч ингэж явлаа. Хээр хонохдоо борцтой шөлөө ууж, эмээлээ дэрлэн унтаад, өглөө морио эмээллээд л морддог байлаа” гэв.

Харин Н.Ганзориг “Сэтгэл өндөр байна. Хэчнээн хол явсан ч ядардаггүй юм байна. Бороонд хээр хонож байсан ч бидний хэнийх нь ч хоолой өвдөж, ханиад хүрээгүй. Харин ч нэг хүн дунджаар 5-10 кг жин нэмсэн. Сонин байгаа биз. Тэгэхээр монгол хүний биеийн онцлог, морин дээр хол зам туулах чадвар ямар вэ гэдэг нь эндээс харагдаж байна” гэж ярьсан юм. Гэрэл зурагчин Ч.Ганболд “Бид тайгад хэд хоног хоолгүй, төөрч ч явлаа. Гэхдээ энэ бүхэн шантрах шалтаг байгаагүй. Бэрхшээл, саад тохиолдоход үүнийг яаж давах вэ гэж бодон эв, эеэ нэгтгэж, нөхцөл бололцоогоо ашиглан, шийдвэрлэж байв. Эх орныхоо онгон, дагшин байгалийг үзэн, цэвэр агаар амьсгалж, цэнгэг ус уун, борцоо идээд явахад монгол хүн эрүүл, саруул байдаг юм байна. Түүхт ойгоо тэмдэглэж буй сумд замд тааралдаж байсан. Завхан аймгийн Тэс сумын наадамд манай залуус тус бүр гурав давсан. Баян-Өлгий аймгийн нэгэн суманд үзүүр түрүүнд үлдсэн. Увс аймагт хоёр давцгаасан. Улсын цолтнуудтай хүртэл барилдсан шүү (инээв). Аяллын хамгийн хэцүү газар нь Монгол шарын даваа байсан. Тайгад зөвх өн морь л явах жимтэй. Битүү бургасан ой, гол, булаг, чулуу ихтэй. Энэ аялал аавын хүүгийн хатуужил, агт морьдын шандсыг сорилоо. Аль, аль нь зорьсондоо хүрсэн” гэлээ.

“Морьтон монгол залуус” ТББ-ын тэргүүн Ч.Ганбат, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, ССАЖЯны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уяач Д.Даваахүү, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ч.Отгонбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхболд тэднийг угтан авч, хүндэтгэл үзүүлэн байгууллагынхаа бэлэг, шагнал урамшууллыг гардуулав. Түүн дотроос ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл морьтон залуусыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Х.Бакытжан уламжилсан бол ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл залууст “Цагаан шонхор” үнэмлэх гардуулав. Тэднийг эх орноо тойроход Х.Баттулга гишүүн 60 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД