ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ЦАГДААГИЙН ОФИЦЕР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХ УУ

2014 оны 11 сарын 24

Төрийн албыг мөнгө олох хэрэгсэл, эрх мэдэлд хүрэх зам гэж хардаг хүмүүс янз бүрийн арга замаар албан тушаалд очих болсон. Тэдний зарим нь өөр мэргэжилтэй, эсвэл мэргэжлийн зэрэггүй атлаа төрийн албанд хуурамч диплом ашиглан шургалдаг. Бид 2014 оны есдүгээр сарын 16-ны дугаартаа “Төрийн албанд хуурамч дипломтнууд шургалсаар байна” гэсэн нийтлэл гаргасан. Үүний дагуу олон ч хүн бидэнд хандаж, хуурамч дипломтнууд төрийн албаны нэрийг унагаж байгаа талаар баримттай мэдээлэх болсон юм.

АТГ, ШЕЗ-ИЙНХӨН ХУУРАМЧ ДИПЛОМТНУУДАА АЖЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

Тэр дундаа АТГ-т хуурамч диплом ашигласан хэргээр шалгуулж байсан Б.Содбаяр гэдэг хүн тус газрын Мөрдөн шалгах хэлтэст нь ажиллаж байгаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж буй хүний гадаадад суралцаж төгссөн гэх эрдмийн зэрэг нь хуурамч байж болзошгүй талаар бид дээрх нийтлэлдээ онцолсон билээ. Үүний дагуу ШЕЗ болон АТГ-ынхан ямар арга хэмжээ авсныг лавлахад дээрх хүмүүс өөрсдийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг нь албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж байсан сурагтай. Харин хуурамч дипломтнуудад цалин олгож байсан улс хохироод үлдэх бололтой. Төрийн албанд шургалсан хуурамч дипломтнуудаасаа зарим байгууллага ямар нэг байдлаар салж чадаж байна. Харамсалтай нь цагдаагийн байгууллага хуурамч дипломтой болон тухайн байгууллагын нэр төрийг сэвтүүлсэн алба хаагчдаасаа салж чадахгүй, хаацайлж, албан тушаалд томилж буй гэнэ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн Цагдаагийн газрын хэд хэдэн албан тушаалтан алт угаасан дуулианд холбогдож, долоон хүнд хариуцлага тооцсон аж. Тэдний нэг болох ахмад Д.Жанчивдорж Зүүнхараагийн Цагдаагийн тасгийн дэд даргаар томилогдож очоод удалгүй албан тушаал буурчээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагч болсон тэрбээр өдгөө хошууч цолтой хэмээн өөрийгөө танилцуулж байгаа юм байх. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт энэ мэт завхрал байгаа төдийг үй эрх бүхий албан тушаалтан нь хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшиж, түүнийгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байхад ЦЕГ-ын удирдлага түүнд ямар ч арга хэмжээ авалгүй таг дуугүй өнгөрч байгаа нь хачирхалтай. Магадгүй ЦЕГ-ын дарга нь өөрийнхөө “гарын” хүмүүсийг тэнд томилоод хариуцлага тооцож ч чадахгүй толгойг нь илээд сууж байж ч болох юм. Зөвхөн Д.Жанчивдоржоор тогтохгүй “хөрөнгөлөг” гэгдэх хурандаа нарын тоонд орж, АТГ-аас ажлаас чөлөөлөх албан мэдэгдэл авсан хүмүүсийн нэг болох дэд хурандаа цолтой эрхэм өдгөө ЦЕГ-т эрх бүхий албан тушаал хашаад явж байгаагаас үзвэл цагдаагийн байгууллагын нэрийг сэвтүүлэгчдийг хаацайлж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз.

ХУУРАМЧ ДИПЛОМТОНДОО ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛ

АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн боловсролын хуурамч бичиг баримт ашигласан хүмүүсээ өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна. Харин цагдаагийн байгууллагынхан хуурамч дипломтондоо хэрхэн хариуцлага тооцохыг иргэд харж байгаа нь ойлгомжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010 онд цагдаагийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн боловсролын баримт бичгийг шалгасан аж. 60-аад хүний бичиг баримт сэжигтэй байсныг МХЕГ-ынхан дахин нягталж үзжээ. Тэдний заримынх нь овог нэр зөрүүтэй, дипломынх нь дугаар бүртгэлийн санд байхгүй (хуурамч)-г тухайн сургуулиудаас албан тоотоор МХЕГ-т мэдэгдсэн байгаа юм. Тэдний дотор Тэрбишийн Мөнхбат гэх хүний нэр багтжээ. Тэр нь өдгөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ахлах байцаагч, хошууч цолтой ажиллаж байгаа юм. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг төгссөн, ХААИС-д гуравдугаар курсээс нь суралцаж төгссөн гэж нутгийнхандаа ярьдаг гэнэ. Гэвч түүний D200502065 дугаартай дээд боловсролын, бакалаврын зэрэгтэй баримт бичиг нь тус сургуулийн мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байжээ. Тухайн сургуулиас МХЕГ-т ирүүлсэн албан тоотдоо “Ийм дугаартай гэрчилгээ олгоогүй” гэж дурдсан байж.

МХЕГ-ынхан удаа дараа шалгахад Т.Мөнхбатын дээд боловсролын гэрчилгээ нь бүртгэлийн санд байхгүй нь тогтоогдсон юм байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраар дамжуулан АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссанаас болсон уу ямартай ч уг хэргийг хэрэгсээгүй гэнэ. Уг нь хуурамч диплом ашиглаж буй хошууч Т.Мөнхбат нь 1991 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын II сургуулийн наймдугаар ангийг төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. ХААИС-ийг 2005 онд механик инженер мэргэжлээр төгссөн гэх боловч энэ нь хуурамч болох нь батлагдсан. Хамгийн сүүлд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн түргэвчилсэн ангийг дүүргэсэн нэгэн аж. Цагдаагийн офицерийн гаргасан шийдвэр нь хууль эрх зүйн чадамжтай, хуулийн дагуу гаргасан байхыг шаарддаг. Харин хуурамч диплом ашиглаж байгаа цагдаагийн ажилтны гаргасан шийдвэр эрх зүйн чадамжтай юу. Ийм шийдвэрийг хуулийн дагуу гэж үзэх үү. “Хууль ёс дээдлэх явдлыг биеэр үлгэрлэн үзүүлэх нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс мөн.

Цагдаагийн алба хаагч нь албаны нэр төрийг цэвэр ариун байлгаж, түүний хөгжил бэхжилтэд бодитой хувь нэмэр оруулж ажиллана” хэмээн Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд дурдсан байгаа юм. Гэтэл хуурамч бичиг баримттай, цагдаагийн байгууллагын нэр төрийг цэвэр ариун бус байлгасан алба хаагч нар нь ёс зүйн хэм хэмжээтэй байна гэсэн үг үү. ЦЕГ-ын удирдлага нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.94 Та юу гэж бодож байна ...наадах чинь сэлэнгийн бүх мөнгөтэй гаруудтай ниилдэг ш дээ. модны хулгайч бүдүүн баатарын гар хөл шүү дээ
202.179.11.94 Та юу гэж бодож байна ...бүрэн бус дунд боловсролтой юм чин Шихихутаг сургуулийн яаж төгсөх юм бэ бас л хуурамч болж байна даа
202.179.11.18 Хуурамч дипломтой улсууд албан газар маш ихээр ажиллаж байгаа үүнийг шалгаж цэгцлэх хэрэгтэй
202.179.11.18 Ховд аймагт Эрдэм дээд сургуулийг төгссөн бүх хүмүүс хуурамч дипломтой үүний гэрч зөндөө байна.Ажилд орох болохоор хуурамч дипломтой гээд авдаггүй.Ядаад хөдөө малчин хийж байгаа энэ сургуулийг удирдаж байсан нөхөр одоо нэг сургуулийн түр орлон гүйцэтгэгч хийж байна лээ.Бид нарыг насаар нь хохироосон бидний мөнгийг аваад өөрөө баяжсан амьд жишээ байна үүнийг мэргэжлийн хяналтынхан одоо хүртэл шалгаагүй л байгаа шүү дээ