МОНГОЛООРОО БАХАРХСАН ӨДӨР

2014 оны 11 сарын 24

Монголчууд Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрөө өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Эдүгээгээс 852 жилийн тэртээ билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хаан эхээс мэндэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2012 оноос хойш Монгол бахархлын өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ удаагийн Монгол бахархлын өдрөөр Төрийн далбаа мандуулж, есөн хөлт цагаан туг цэнгүүлэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтн үүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг буулгаснаас хойш Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ өдөр хүндэтгэлтэйгээр гардуулдаг болсон.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг энэ удаа физикч Хавтгайн Намсрайд олголоо. Завхан аймгийн Цагаанхайрхан суманд нүүдэлчний гэрт төрсөн тэрбээр физикийн шинжлэх ухааныг 46 жил судлахдаа Дэлхийд нэртэй, хүлээн зөвш өөр өгдс өн эрдэмтэн болжээ. Х.Намсрай Нобелийн шагналтан, шилдэг эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдэг дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн. Үүгээр үл барам шилдэг судлаачдын нээлт, бүтээлийг үнэлэх шинжээчдийн багт багтдаг нь түүнийг ямархан цараатай эрдэмтэн болохыг түвэгг үй гэрчилнэ. Бүтэцгүй гэгдэж ирсэн эгэл бөөмсийн урсгал ямар бүтэцтэй болохыг олж тогтооход дэлхийн судлаачдаас хамгийн ойрхон очсон эрдэмтэн бол Х.Намсрай. Энэ нээлтийг “Намсрайн дөхөлт” гэж дэлхийд нэрлэдэг билээ. Түүний олж нээсэн физик математикийн нийлмэл томъёог эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчид ашиглаж байгаа. Бүтцийг нарийн тооцох математик аргачлалын эцсийн хариуг гаргадаг томъёог Х.Намсрай 2012 онд тохиолдлоор нээсэн гэдэг.

Түүнд “Чингис хаан” одон гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хавтгайн Намсрай бол шинжлэх ухаанд зүтгэгч манай иргэдийн чимэг болсон эрдэмтэн. Академич Намсрай гуайд хүртээж буй энэхүү шагнал бол Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэж, түүнд хувь нэмэр оруулж байгаа эрдэмт иргэдээ үнэлж ирсний эрхэм илэрхийлэл юм. Мөн энэх үү шагналыг олон ахмад эрдэмтнийхээ шинжлэх ухаанд зориулсан нөр их хичээл зүтгэлийн үнэлгээ болгож, Намсрай гуай танд төлөөл үүлэн олгож байна” гэсэн юм. Тэгвэл Х.Намсрай “Физик 14 тэрбум жилийн өмнө их гэрэл туяа цацруулан үүссэн тэр мөчөөс өнөөдрийн бидний бахархлын өдөр хүртэлх ертөнцийн хөгжлийн замын зургийг гаргаж, түүний бүтцийг бүрэлдүүлэгч од эрхсээс авахуулаад атом, цөм, эгэл бөөмсийн нэгдмэл зүй тогтол, нууцыг тайлах гол гол томьёолол, зарчмыг боловсруулдаг билээ. Нөгөө талаас физик нь орчин үеийн техникжсэн нийгмийн амьдралын бүхий л хэрэгцээг хангадаг машин техник, багаж хэрэгсэл, эд юмсыг зохион бүтээж үйлдвэрлэх нөр их ажлын онолын тооцооны үндэс нь болдгоороо шинжлэх ухааны хамгийн гайхамшигтай салбар мөн” гэж тодотгов.

“Чингис хаан” одонг Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, УИХын дарга асан Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав нарт хүртээгээд буйг нэхэн сануулъя.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД