УИХ-д суудалтай бүх намд “ХҮРД ЭРГҮҮЛЭХ” боломж олгоно

2014 оны 11 сарын 24

  Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томиллоо. Сөрөг хүчнийхэн “араа бодоод” УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонг үй. Тиймээс олонхоороо ирцээ бүрдүүлж, 44 гишүүнээс Г.Уянга, Х.Баттулга хоёроос бусад нь дэмжиж, томилов. Одоо Ерөнхий сайд танхимаа ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулах бол гэсэн хүлээлт бий. УИХ-ын чуулганы танхимд хэлсэн түүний үг үүнд зарим нэг хариу өгсөн. Түүнд жил гаруйхны хугацаа бий. Тиймээс улс орныг хямралаас гаргахын тулд эдийн засаг, бас дахин эдийн засагтаа анхаарч ажиллахаа амлав. Бас энэ хямралаас гарах гарц нь ойлголцол, шийдэл, зүтгэл хэмээн онцолсон юм. “Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэр үүд гаргахаас өөр аргаг үй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье” хэмээн Ерөнхий сайд учирласан. Дээрээс нь талцаж биш, эвлэж ажиллах ёстой гэсэн нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай яриа оргүй биш байсныг батална. Тэр УИХ-д суудалтай бүх намд “хүрд эргүүлэх” боломж олгох нь. Одоо улс төр хэрхэн өрнөх бол.

МАН ИТГЭЛ АЛДРААГҮЙ

Шинээр байгуулах танхимаа Ерөнхий сайд “Дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай” гэж тодорхойлсон юм. Мэдээж хэрэг түүнд ажлын төлөвлөгөө бий. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө гаргаж, цаг нь болоход хуримтлалтай, айх аюулгүй суух суурь бүрдүүлэх юм байна. Хямралаас хувийн хэвшлийнхнийхээ дэмжлэгтэйгээр гарахаа ч мэдэж байгаа. Хөрөнгө оруулагчдаа татах таатай бодлого хэрэгжүүлж, Оюутолгой, Тавантолгойн ажлыг эрчимж үүлэх, нэмж 2-3 ордын үүцийг задлах гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ. Гэхдээ үүнийг ажил болгохын тулд түүнд мэргэжлийн, зөв баг хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энд манай, танай гэдэг эрх ашгаас илүүтэй, яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал бий. Мөн улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарладаг, хүлээдэг хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт үүрэг биднийг хүлээж байна. Энэ үүргээ бид олонх, цөөнх болж, хагарах бутрах бус, хамтарч нийлж зүтгэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны санхүүгийн хямралаас хамтдаа ингэж нийлж л гарсан” гэсэн нь МАН-ыг танхимдаа урих юм байна гэсэн ойлголт төрүүлж буй юм.

Дараагийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх нам багтаж байж, талцалгүйгээр ажиллах боломж бүрдэх нь ч үнэн. Тийм учраас л МАН-ынхан Удирдах зөвлөлөөрөө түүнийг дэмжихгүй гэж шийдсэн атлаа чуулганы хуралдаанд орж ирж, шийдвэрээ баталгаажуулаагүй биз. Орж ирээд эсрэг товчлуур дарчихвал Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж чадахгүй байсан. Тэр хэрээр дараагийн Засгийн газарт багтах МАН-ынхны санаархал “унах” байлаа. Тиймээс тэд ийм “бөөрөнхий” шийдвэр гаргажээ. Засгийн газрыг байгуулах асуудлаарх зөвшилцөл өнөөдр өөс эхэлнэ.

ТҮҮНИЙ ТАНХИМД ХЭН ХЭН БАГТАХ ВЭ

Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийчихээд хэрэгж үүлж завдаагүй. 13 яам, 17 сайдтай байх энэ бүтцийг Ч.Сайханбилэг үргэлжлүүлэх болов уу. Харин хэн хэн түүний танхимд багтах бол. Таамаглал эхэлж байна. Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсноор чанарын ялгаа гарахгүй гэсэн шүүмжлэлд одоо Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш, мэргэжлийн хүмүүсээр танхимаа бүрдүүлж няцаалт өгөх ёстой. Ингэж чадвал л тэр ялгарна. Бас үлдсэн жил гаруйн хугацаанд хийнэ хэмээн төлөвл өсөн дээрх ажлаа амжуулж чадна. Ерөнхийлөгч ч ийм шаардлага тавьдаг. Ерөнхий сайдыг томилоогүй, хэн ч уриагүй байхад Ж.Батзандан, Х.Тэмүүжин, бие даагч гишүүдээс эхлээд “Би сайд болохгүй” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгтэй хамтран өрсөлдсөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд Сангийн сайдын албыг санал болговол зохино гэсэн бодолтой улстөрч ч цөөнгүй байна. Гэхдээ тэр “Би хоёр дахь Н.Алтанхуягийн танхимд орохгүй” гэсэн хариу өгсөн юм. Ер нь дараагийн танхимд өмнөх сайд нараас улираахгүй биз ээ. Ингэвэл өнөөх ялгарал байхгүй болчихно. УИХ-ын чуулган дээр гишүүдийн олонх нь “Фракцын эрх ашгийг хойш тавьж багаа бүрдүүлээрэй” хэмээн аминчлан захисан. Гэвч түүнийг Ерөнхий сайд болгохын тулд АН-ын фракцууд хоорондоо олон зөвшилц өл, тохиролцоо хийсэн учраас энэ бүхнийг үл тоох боломж Ч.Сайханбилэгт олдох болов уу. Юутай ч дэд сайд нараас жинхлэх нэг хувилбар түүнд бий. Салбараа мэддэг, хэдэн жил бэлтгэгдчихсэн, дан дээлтэй учраас тэр. Тухайлбал, Уул уурхай, эрчим хүчний сайдад Төрийн нарийн бичгийн дарга Г.Жигжид, дэд сайд О.Эрдэнэбулган нарын нэр дуулдаж байна. Өмнөх Ерөнхий сайд энэ салбарт Г.Жигжидийг санал болгосон. Тэр “Шонхор” фракцынх. “Шонхор”-ынхон хоёр яамыг нийлүүлэхэд уг квотыг өгөхгүй гэж нэлээд гөжүүдэлж байсан юм. Тэгвэл одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Дэд сайд О.Эрдэнэбулган “Алтангадас” фракцад харьяалалтай. Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулагчдыг нааш татах замаар хямралаас гарахаар төлөвлөж байгаа цагт энэ талаар туршлага, чадвар илүүтэй залуу боловсон хүчнээ оруулж ирэх магадлал өндөр. Тэр гадаадын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцохдоо сайн, салбарын туршлага арвин “нэр дэвшигч”. Мөн ГХЭЗХАны сайдын суудлыг Ерөнхийлөгч “онилсон”, зөвлөх Л.Пүрэвсүрэнгээ зүтгүүлэх магадлал өндөр ч насаараа энэ салбарт ажилласан дэд сайд Д.Ганхуягт ч боломж бий. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Л.Туваанд бас хүмүүс ам сайтай байдаг. Ажлаа Ш.Түвдэндоржоосоо илүү мэддэг юм билээ.

Мөн МАХН-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбатыг дэмжих хүн олон. Энэ мэтээр шүүвэл дэд сайд нар дотроос сайд хийх боломжтой, чадвартай хүн цөөнгүй. Ер нь мэргэжлийн гэдгийг зөвхөн дипломоор нь биш, мэдлэг чадвар, туршлагаар тодорхойлох учиртай. Ч.Сайханбилэг ямар сонголт хийхийг харж байя.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД