ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН НУУЦ

2014 оны 11 сарын 21

Чулуун зэвсгийн үеэс эхлээд хүрэл болон төмрийн түрүү үе, Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний үед хамаарах археологийн дурсгалуудыг Монголын үндэсний музейд дэлгэжээ. 1980-аад оны дунд үед Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедиц Эгийн голын хөндий орчмын дурсгалуудаас цөөн тооны булш малтсанаар анхны судалгаа эхэлсэн байна. 1991 онд Эг, Сэлэнгийн бэлчирт усан цахилгаан станц барихтай холбогдуулан археологийн малтлага хийх болсон аж. Станц баривал голын хөндийд орших олдворууд устаж үгүй болох тул авран хамгаалах судалгаа эхлүүлсэн гэдэг.

Үндэсний болон олон улсын хамтарсан хээрийн шинжилгээний 18 анги 1991-2002 онд тус голын сав газрын нийт 251 ам км талбайд судалгаа хийж, 906 дурсгал илрүүлсэн байдаг. Усан сан байгуулах талбайгаас 325-ыг нь олсноос 139-ийг аварч, бүрэн судалжээ. Уг үзэсгэлэнд дээрх жилүүдэд малтсан 47, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Археологи, антропологийн тэнхим, ШУТИСийн дэргэдэх Археологи, этнопологийн экспедицийнхэн хамтран өнгөрсөн хавар, зун судалсан 304 олдворыг дэлгэсэн байв.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 6-нд Эрдэнэт хотоос Эг, Сэлэнгэ голын бэлчир 70 км хатуу хучилттай зам, өндөр хүчдэл тавих шугам дагуу малтан 185 дурсгал илрүүлсэн бол Эгийн голын усан цахилгаан станцын талбайгаас 347-г олжээ. Үүнд чулуун зэвсгийн үеийн хусуур, хүрлийн үеийн ваар, дуулга, зэв, шавар сувс, амьтны дүрстэй хүрэл чимэглэл, Хүннүгийн үеийн бүсний ясан чимэглэл, төмөр хутга, шавар пийшин, тогоо, амгай, ясан арал зэрэг монголчуудын өв соёл, уламжлал, онцлогийг илэрхийлэх эд агуурс багтсан байна. Судалгааны баг ирэх онд нутгийн иргэдтэй хамтран авран хамгаалах малтлагын ажлаа дуусган, усан сан байгуулах талбайг чөлөөлөх гэнэ.

Б.ДӨЛ

Нийтийн тооллын XII-XIV зуунд хамаарах шавар бурхан

Нийтийн тооллын өмнөх нэг мянганы үеийн цутгуурын чулуун шанага

Нийтийн тооллын өмнөх нэг мянганы үеийн шавар сувс

Шавар пийшин ба тогоо

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД