ИРГЭДЭД ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ ӨГӨВ

2014 оны 11 сарын 21

 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр 2010 оноос эхлэн хоёр жил тутам “Хуулийн яармаг өдөрлөг” зохион байгуулж ирсэн. Тэгвэл өчигдөр гурав дахь удаагийн өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвл өлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхим, Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв болон хуулийн 10 гаруй нөхөрлөл, төрийн бус байгууллага оролцсон юм. Тэд иргэдэд хууль зүйн бүх төрлийн зөвлөгөө үнэгүй өгснөөс гадна нийслэлийн төвийн зургаан дүүргийн нотариатчид үйлчилгээгээ 50-100 хувиар хямдруулж, гарын авлага тарааж байв.

Монголын олон улсын ба үндэсний арбитрын тэргүүлэх мэргэжилтэн Г.Чинбат “Хүн бүрт хуулийн талаарх мэдээлэл хэрэгтэй болдог ч тэр бүр хуульчаас зөвлөгөө авдаггүй. Иймээс Монгол Улсад хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бизнес эрхлэгч, иргэдэд танилцуулах, мөн хуулийн зөвл өгөө үнэгүй өгөх зорилгоор өдөрлөг зохион байгуулдаг” гэсэн бол Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Даваас үрэн “Бид эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны явц, хуулийн талаар иргэд, оюутнуудад мэдээллээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь гэр бүлийн, иргэний эрх зүйн, хөдөлмөрийн маргааныг шүүхийн биш аргаар шийддэг. Давуу тал нь шүүх асуудлыг 60 хоногийн дотор шийддэг бол манайх 30 хоногт багтаадаг тул цаг хугацаа хэмнэнэ. Маргалдагчид харилцан тохиролцож, шийдэлд хүрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулдаг. Гэрээгээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлнэ. Гол нь талууд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд сайн дураараа оролцох хэрэгтэй” гэв.

Хуулийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын дунд энэ өдөрлөгийн үеэр АХА тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн оюутанд МҮХАҮТ-аас гаргадаг 33 ном бүхий номын сан өглөө.

Э.ЭРДЭНЭ