Уул уурхайн салбарт Польш улстай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

2014 оны 11 сарын 21

УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Ноён Ежи Вендерлих хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсныг танилцуулж, УИХ-ын даргыг Польш улсад айлчлах үеэр гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон гэлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд МУИС-ийн польш хэлний ангийн оюутнуудтай уулзаж, санал солилцсон аж. Мөн оюутнуудад олгох тэтгэлэг, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн тухайгаа танилцуулсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улс нь Европын холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Тэр дундаа Польш улстай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны айлчлал парламентын харилцааг гүнзгийрүүлэхэд нэгэн шинэ хуудас болж байна” гэлээ. Мөн хоёр талын хооронд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа зам тээвэр, барилга, үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга, эрхэмсэг ноён, дэд маршал Ежи Вендерлихийн Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхсон асуултад хариулт өгч, ажилд нь амжилт хүссэн байна.