“Изинис Эйрвэйз”-ийн СУРГАМЖ-НЭГДЭЛ

2014 оны 11 сарын 21

  Монголын эдийн засаг хүндэрсэн гэдгийг эдийн засагчид санал нэгтэй хүлээн зөвш өөрөөд байна. Сүүлийн ганцхан жилийн дотор олон арван аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож, цомхтголд өртсөн, хугацаагүй амралт авсан хүмүүсийн тоо өрх бүрт нэмэгдсээр байгаа. Улсын төсвийн орлого энэ оны наймдугаар сарын байдлаар 623.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж яваагийн дотор татварын орлого 718.1 тэрбум төгрөгөөр тасарсныг Сангийн яамнаас мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудаж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж буй энэ үед зарим салбар, тэр тусмаа стратегийн гэж хэлж болох авиа компаниудын байдал нэлээд хүндэрснийг салбарынхан нь онцоллоо. Хэдхэн сарын өмнө л Улаанбаатараас Парис руу шинэ чиглэл нээсэн “Хүннү эйр”-ийнхэн Хонконгийн нислэгээ зогсоолоо. Ажилчдынхаа цалинг хэдэн сараар нь хуримтлуулан өгдөг, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан том төслүүдээ хойшлуулсан, парк шинэчлэл хийхээр захиалаад байсан “Аэробус”-ынхаа захиалгыг цуцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Олон сараар цалинг үй ажилласан ажилтнууд нь эхнээсээ сайн дураараа халагдах өргөдлөө өгч, шүүх цагдаадаа тулсан гээд эдийн засгийн хүндрэл дагасан олон асуудал нүүрлээд байгаа нь ганц “Хүннү эйр”-ийнх биш, аргаа барж байгаа авиа компаниудын нийтлэг үзэгдэл болж байх шиг. Өөрөөр хэлбэл, одоо иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй МИАТ, “Аэромонголиа”, “Хүннү эйр” нь эдийн засгийн энэ хямралыг давж гарч чадах эсэхээр хэмжигдсэн хүндхэн нөхцөлд байна.

“Изинис Эйрвэйз”-ийн сургамж давтагдах юм биш биз гэсэн айдас болгоомжлол нисэхийн салбарынхны өмнө тулгарч буй. Иргэний агаарын тээвэр бол техник, технологийн шинэчлэл дагасан томоохон хөрөнгө оруулалтаараа аюулгүй байдал, зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангадаг онцлогтой. Технологийн шинэчлэлийн томоохон хөрөнгө оруулалтыг цагт нь хийхгүй хугацаа хэтэрвэл хэрэглэгчээ алдаж, гаднын зах зээлд шахагдаж, улмаар үүдээ барих эрсдэлтэй тулгардгаараа үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай стратегийн чухал салбар юм. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ салбарт бодлого алдагдсанаас болж эрсдэлээ бор зүрхээрээүүрч ирсэн авиа компаниуд үйл ажиллагааны хүрээгээ улам бүр хумьж буйг зүгээр нэг хараад сууж боломгүй. Өмнөх гашуун сургамж хангалттай бий.

Өнгөрөгч зун тус салбарын томоохон компани “Изинис Эйрвэйз” албан ёсоор дампуурлаа зарласныг бүгд мэднэ. Тус компани нь иргэний нисэхийн салбарт 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээгээрээ Монголдоо өөрийн нэр хүндийг бий болгож, дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлдэх хэмжээнд хүрч үндэсний авиа компани болтлоо бойжоод байсан юм. Бизнесийн салбарт найман жилийн түүхийг бүтээнэ гэдэг энэ хэрээр зах зээлийн шалгуурыг сөрж, даван туулж чадсан гэсэн үг. Тэр тусмаа манайх шиг зах зээлийн хөгжил нь хорин хэдхэн жилээр хэмжигдэж байгаа улс оронд иргэний нисэхийн салбарын найман жил гэдэг бол үндэсний авиа компанийг өсгөж өндийлгөж, эрийн цээнд хүргэсэн бүхэл бүтэн мөчлөг гэж хэлж болно. Харамсалтай нь манай төр засаг, салбарын яам ийм үнэ цэнэтэй компанийнхаа дампуурлаас сургамж авсангүй бололтой. Уг нь “Изинис Эйрвэйз”-ийг аврах боломжтой байсныг мэргэжилтнүүд одоо хүртэл харамсан ярьдаг юм билээ. Тус компани хэдийгээр хувийн өмчийнх боловч томоохон татвар төлөгч, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний авиа компани болтлоо өсөж төлөвшсөн, салбартаа байр сууриа баттай эзэлсэн, өрсөлдөх хат суусан үндэсний брэнд байсан юм. Гэвч энэ талаас нь харахыг хэн ч оролдоогүй.

Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд иргэний агаарын тээвэр бол зайлшгүй анхаарах салбар. Гэтэл энэ салбарт тулгамдсан асуудал улам л ужиграх төлөв ажиглагдаж болов. Бизнес бол өрсөлдөөн, хэн чадах нь оршин тогтнох зарчимтай нь үнэн. Гэхдээ гурван сая хүрэхгүй хүн амтай зах зээлд асар том эрсдэл, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хувийн компаниудад төрөөс зохицуулалт хийж дэмжих, үр ашиггүй өрсөлдөөнийг хязгаарлах, салбарын бусад авиа компанитай нэгдэж зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтаа хэмнэх боломжийг нь олгох зэрэг шат дараалсан арга хэмжээ авч болох л байсан юм. Авиа компаниудын байдал хүндэрч байгаад ингэж бодитой дүгнэлт хийж, бодлогоор зохицуулж дэмжиж чадсан бол “Изинис Эйрвэйз”-ийн олон жилийн турш бий болгосон давуу талууд дээр түшиглэн нэгдсэн, үндэсний хүчирхэг, хувийн авиа компани оршин тогтнох боломжтой санагддаг. Харамсалтай нь боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Тиймээс цаашид зүг чигээ олж байсан иргэний нисэхийн салбарыг эдийн засгийн хүндрэлээр тавиад туучихгүйн тулд “Изинис Эйрвэйз”-ийн сургамжаас үүдсэн бодлогын зохицуулалт хэрэгтэй болжээ. “Төгс өрсөлдөөн гэдэг бол маш том зах зээлд асар олон тоглогчдын үр дүнд бий болдог” хэмээх эдийн засгийн онол бий. Гэхдээ энэ нь манайх шиг жижиг зах зээлд тохирох уу гэдгийг сайтар эргэцүүлэх хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна. Өрсөлдөөнөөс хэрэглэгчид үргэлж хождог гэсэн явцуу ойлголт байдаг ч энэ Монголд, тэр тусмаа иргэний нисэхийн салбарт лав зохицохгүй гэдэг нь өнөөгийн манай авиа компаниудын хүндрэлээс харагдаж байна. Зөвхөн нислэг төдийгүй авиа компаниудын техникийн нөхцөл байдал ч хүндэрсэн.

МИАТ өнгөрсөн жил “Чингис” бондын мөнгөөр “Боинг” компаниас Б767-300 агаарын хөлөг худалдан авсан. Бондын мөнгөө төлсөн гэх боловч үүнийгээ “Эксим” банкнаас зээлж урд хормойгоо хойд хормойгоороо нөх өж буй гэх. Энэ мэтчилэн үндэсний авиа компаниудыг тойрсон бэрхшээл үргэлжилсээр байна. Үүгээр бол “Изинис Эйрвэйз”-ийн дампуурал бусад салбарт ч нүүрлэх магадлал өндөр байна. Эдийн засгийн хүндрэл ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Манайхаас бусад улс оронд ийм үед нь төр засгаас топ компаниудаа бодлогоор дэмжиж, хамгаалж авч үлдэх, эсвэл компаниуд нь өөр хоорондоо нэгдэж, хамтын хүчээр хямралыг даван туулсан туршлага бий. Үүнийг манай үндэсний компаниуд хэрэгж үүлж яагаад болохгүй гэж. Хямралыг хэмнэлт, бас боломж болгож болдог. Тиймээс салбар бүрийн үндэсний компаниуд энэ хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулахын тулд, нэгдэх сорилтын өмнө ийнхүү ирлээ. Харин энэ шалгуурт манай үндэсний компаниуд сэтгэл зүй, эрх зүйн хувьд бэлэн байж чадаж байна уу.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ