Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОХЫГ 100 ХУВЬ ДЭМЖИВ

2014 оны 11 сарын 21

- МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй -

  Төрийн ордонд өчигдөр хүлээлт ноёрхов. Уламжлал ёсоор энэ өдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, нэр заасан 13 хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Гэтэл ирц бүрдсэнгүй. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдээ урин хэсэг хүлээсний эцэст “Чуулган хуралдахг үй боллоо” хэмээн зарласан. Үдээс хойш УИХ дахь АН-ын бүлэг хуралдав. Парламентад суудалтай намуудтай Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар зөвшилцсөн үр дүнгээ гиш үүддээ танилцуулсан гэнэ. Энэ өдөр “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжиж буй хариугаа албан ёсоор АН-ын даргад илгээсэн аж. Мөн АН-ын дарга энэ асуудлаар Төрийн тэргүүнтэй зөвшилцөөд дэмжсэн хариу авч чаджээ. Иймэрх үү үр дүнтэйгээр АН-ын бүлэг хуралдсан нь тэр. Бүлгийн хурлын дараа буюу 14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан зарласан байлаа. Төлөвлөсөн цагаас бараг цаг өнгөрч байж Бүлгийн хуралдаан дууссан. АН-ынхан эсрэг санал өгсөн 10 гишүүнээ бүгдийг ятгаж дийлээгүй байв. Тухайлбал, Р.Бурмаа гишүүн ихэд бухимдаж, “Надгүйгээр наад асуудлаа шийд” гэж хэлээд хаалга шидэн гарсан аж.

Хуулийн дагуу процесс өрнөж, намуудын түвшинд зөвшилцөл дууссан учраас УИХ-аар хэлэлцэх ёстой. Байнгын хорооны хурлыг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг баталгаажуулах, эсэхийг хэлэлцэхээр зарлаад байсан юм. Ирц бүрдтэл хэвлэлийнхнийг танхимд оруулдаггүй шинэ журамтай болсон. Ингээд сэтгүүлчид “А” танхимын гадна, гишүүд дотор нь бүлтийтэл хүлээв. Аль эрт хуралдаан зарлачихаад байхад гишүүд алгуурласаар л, ганц нэгээрээ цувсан. 17.00 цаг. “А” танхимд нийт есөн гишүүн оров. МАН-ын гишүүд ирэхгүй байгаа тухай С.Дэмбэрэл жиргэсэн. Гэтэл тэдний ердөө дөрөв нь л Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяалалтай, бусад нь “хэрэгт дурлагч” гэсэн мэдээллийг гишүүн О.Баасанхүү өгсөн юм.

УИХ-ын гишүүд хүссэн Байнгын хорооны хуралдаандаа оролцож, асуулт тавьж, санал хэлэх эрхтэй. Гагцхүү санал хураахад зөвхөн харьяалалтай гишүүд нь оролцдог дэгтэй. 18.00 цаг. Р.Бурмаа, Г.Уянга, Л.Цог дээр нэмэгдээд МАН-ын долоон гишүүн ирээгүй байлаа. Ер нь сөрөг хүчнийг төлөөлж ганцхан Ж.Энхбаяр гишүүн сууж байсан. Гэхдээ түүний тэвчээр хүрсэнгүй, “Нэг цаг 30 минут хүлээж байна, нэг л биш дээ” хэмээн жиргэснийхээ дараа гарч оджээ. Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж санал өгсөн Р.Бурмаа болон МАН-ын гишүүдээс гадна Н.Алтанхуягийг унагах товчлуур дарсан “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нар байгаагүй нь нэгийг хэлнэ. Тэд Байнгын хорооны хуралдааныг ирцээр “бойкотлох”- оор шийдсэн бололтой.

18.10 цаг. Хэвлэлийнхний итгэл алдарч байтал Байнгын хорооны хуралдаанд “авралын” гишүүн нь орж ирэв. Тэр нь хэдхэн цагийн өмнө уурлаад хаалга савж гарсан Р.Бурмаа. АН-ынхан эрхэм гишүүнийг тайтгаруулж, уурыг нь гаргаж дөнгөжээ. Нөгөө талаар олонхоороо асуудлаа шийдэхийн тулд Р.Бурмааг заавал суулгах шаардлага тулгарсан нь мэдээж. Тус хуралдаанд ирсэн 10 гишүүний найм нь АН, үлдсэн нь “Шударга ёс” эвслийн Н.Батцэрэг, ИЗНН-ын С.Дэмбэрэл нарын “хамтрагчид” нь байлаа. Хуралдаан 10 гаруйхан минут л үргэлжлэв. Н.Батцэрэг, С.Дэмбэрэл хоёр дэмжсэн үг хэлсний дараа Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилуулахаар санал хураахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлав. Тэгэхээр тэгэхээр Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болох эсэхийг нэгдсэн хуралдаанаар эцэслэж шийднэ.

С.УУЛ