Ц.Оюунгэрэл: Лениний музейг засварлах тэрбум төгрөгийг төсөвт тусгаагүй

2014 оны 11 сарын 20

  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Монголд стандартын шаардлага хангасан барилгатай хэдэн музей байна вэ?

-Өвөрхангай аймгийн Хархорины музей жижиг ч гэлээ стандартын хувьд бусдаасаа хамаагүй илүү. 1980-аад оны үед барьсан Үндэсний музейн барилга бас гайгүй. Аймгуудын музейгээс хамгийн аятайхан байртай нь Баян-Өлгийнх. Бусад нь маш асуудалтай. Харин засвар үйлчилгээг нь сайн хийчихвэл Үлэг гүрвэлийн төв музейн барилга стандарт хангана.

-Тэр олон асуудалтай музейг стандартынх болгохын тулд танай яам ямар бодлого баримталж ажиллав?

-Соёлын салбар, тэр дундаа музейд урт хугацааны бодлого, дэс дараатай үйл ажиллагаа хэрэгтэй. Бүх музейгээ олон улсын зэрэгт хүргэхийн тулд тууштай хөрөнгө оруулах шаардлагатай. Би Японы нэг жижигхэн хотын музейгээр зочилсон юм. Жижиг хэрнээ дэлхийн хэмжээний музей байсан. Тус музейг төлөвлөх, байгуулах, тоноглох үйл ажиллагаа 14 жил үргэлжилсэн байгаа юм. Учир нь музей тусгай барилгад байрладаг. Бас барьсны дараа маш их зүйл шаарддаг учраас үзмэрээ олон нийтийн хүртээл болгоход ийм урт хугацаа туулсан хэрэг. Гэхдээ 14 жилийн турш тогтвортой хөрөнгө оруулж чадсан тухайгаа “Бид энэ музейд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэж амласан хүнийг л хотын даргаар сонгож ирсэн” гэж тайлбарласан. Ерөнхийд өө манай музейн салбар өндийж босох цаг нь хараахан болоогүй байна. Бид музейд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хангалттай урт хугацаанд хийж чадаагүй л байна.

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг тусгайлан байгуулсан нь соёлын асуудалд анхаарал хандуулах гэсэн оролдлого байсан. Тэгвэл яамны зүгээс музейн талаар чухам ямар тодорхой ажил хийж ирсэн бэ?

-Бидний хамгийн эхний зорилт бол Лениний музейн барилгыг засаж, музей шиг музей болгох. Хоёрдугаарт, Археологийн музейг байгуулахаар ерөнхий төсөөллийг нь гаргачихсан байсан. Харамсалтай нь барилгынх нь зураг төсөл ч гараагүй байна. Учир нь 2015 оны төсөвт мөнгө баталсангүй. Дараагийн сайд нарын шийдэх ёстой асуудал байна. Гуравдугаарт, Шашны музейтэй болох зорилт тавьсан. Сая төсөв хэлэлцэх үеэр хөрөнгийг нь шийдсэн. Монголд ирсэн жуулчдын 90 хувь нь манай шашны соёлыг сонирхдог. Жуулчдын зайлшгүй очдог газар нь Гандантэгчэнлин хийд. Гэтэл тэд тэндээс Монголын шашны талаар ямар ч ойлголтгүй гардаг гэхэд болно. Тэгээд ч монгол төрийн шийдвэрээр 600 гаруй сүм хийдийг нураасан юм чинь төр мөнгөөрөө ганц музей босгож, тэдгээр нурааж сүйтгэсэн газар хадгалагдаж байсан ховор нандин эд зүйлийг дэлгэн тавих цаг нь болсон. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн шинэ барилгад улсын төсвөөс хөрөнгө оруулж, музейтэй болох гэж байгаа юм. Мөн музей, шинжлэх ухааны байгууллага хоорондын уялдаа холбоо тасарсан шалтгааныг манай яамнаас нэлээд ул суурьтай судалсан. Тодруулбал, шинжлэх ухааны байгууллага олдворыг эхлээд цэвэрлэдэг. Дараа нь судалж, шинжлэх ухааны бүтээл бичдэг. Ингээд олдворыг аль музей авах вэ гэдгийг шийдэх гэсээр байтал хэдэн арван жил болчихдог юм байна. Учир нь газраас ухаж авчирсан олдворыг шууд музейд авдаггүй. Тийм олдворыг музейн ариутгасан өрөө, тасалгаанд шууд авчрах нь бусад үзмэрийг гэмтээх эрсдэлтэй. Гэтэл шинжлэх ухааны байгууллагад тэгж арчилж, цэвэрлэн музейн үзвэр бэлтгэх хүчин чадал байдаггүй. Чадвал судлаад, чадахгүйгээ хайрцаглахаас өөр аргагүй. Яг ийм шалтгаанаар музей, шинжлэх ухааны байгууллага хоёрын хооронд чингэлэг чингэлэг олдвор эзэнгүйдэж байна. Гэтэл аль ч оронд дээрх хоёр байгууллагын хооронд үйлчилдэг тусгай бүтэц байдаг юм байна. Гаалийн баталгаат агуулах шиг дээрх олдворуудыг агуулах орон зай үгүйлэгдэж байгаа юм. Тиймээс хоёр жилийн өмнөөс нийслэлийн Хан-Уул дүүрэгт Соёлын өвийн төвийг бариулж байгаа. Энэ барилга ашиглалтад орвол томоохон хэсэг нь олдвор хүлээн авахад зориулагдана. Тэнд эрдэмтэн судлаачид нь давуу эрхтэйгээр судалгаагаа хийж, музей нь хэрэгтэй үзмэрээ бүртгэж авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр музейн үзмэр эрс нэмэгдэж, 3-4 жилийн дараа магадгүй олдворуудыг багтааж хүчрэхгүй болно. Үзмэрээ багтаахын тулд музейн хүчин чадлыг нэмэгдүүлж, барилга байшинг нь томруулах шаардлага зүй ёоор урган гарна гэж тооцоолж байна. Тиймээс ч Соёлын өвийн төв ашиглалтад орсны дараагийн хоёр жилд багтаан Археологийн музей барихаар төлөвлөж байсан юм. Ер нь ойрын 10 жилд жил бүр дор хаяж нэг музей барих шаардлагатай байгаа. Соёлын өвийн төвд улсын төсвөөс хоёр жил дараалан хөрөнгө оруулалт хийсэн. 2015 оны төсөвт таван тэрбум төгрөг тусгаад байна. Гэхдээ манай салбарт хийх их засварт дөрвөн тэрбум төгрөг төлөвлөснийг ирэх оны төсөвт тэглэсэн. Уг нь их засварт зориулах хөрөнгийн хоёр тэрбум төгрөг нь музейн салбарт ногдож байсан юм. Үүнээс нэг тэрбум нь Лениний музейн засварт зориулагдах байлаа.

-Байшин бариад үзмэр тавих нэг хэрэг. Уг барилга нь өөр өө үнэт үзмэр болсон өв дурсгалаа хамгаалах чиглэлд юу хийж байна вэ. Их засвар төдийхн өөр торгоогоод байх уу?

-Эрдэнэзуу хийд, Чойжин ламын сүм гэхчилэн түүхийн үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах ажлыг маш олон жилийн турш хийх шаардлагатай. Сэргээн засварлахад зориулж жил бүр зардал гаргах ёстой. Бид сүүлийн хоёр жил сэргээн засварлах ажлыг таслаагүй. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн түвшинд хийх ёстой юм билээ. Ингэхийн тулд тендерт шалгарсан түр зуурын компаниудаас илүү байнгын багтай байх ёстой. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар Сэргээн засварлалтын улсын үйлдвэрийн газар байгуулахаар болсон ч хараахан хэрэгжээг үй байна. Учир нь тус бүтцийг байгуулах төсөв батлагдааг үй. Бидэнд орон тоо нэмэгд үүлэхийг зөвшөөрөөгүй. Тиймээс 2015 онд тус үйлдвэрийн газрыг байгуулж чадахгүй нь. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг хүлээхээс өөр аргагүй болж байна. Байнгын сэргээн засварлагчидтай болчихвол бидэнд 100 жилээр хийх ажил маш их байна. Ганцхан жишээ дурдахад, Чойжин ламын музейн дээвэр нэг л өдөр нурахад бэлэн болсон. Гэхдээ үүнийг янзлахдаа дээврийн хавтанг уламжлалт технологиор нь л хийх ёстой. Түүнээс биш зах дээрээс дээвэр авчраад тавьчихаж болохгүй. Ганц дээвэр засахын тулд уг барилгыг бүхэлд нь судалж байж шийдэлд хүрэхийг шаарддаг. Ер нь энэ чиглэлд маш их ажил ундарна. Өнг өрсөн хоёр жилд хийсэн бага ч болов хөрөнгө оруулалтыг энэ хэмжээнд нь үргэлжлүүлээд байхад цаашид овоо их юм хийчихнэ гэж найдаж байна.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.10.150 МАХН-МАН Ленины музейн барилгыг олон жил түрээслэж маш их мөнгө олсон,засварын зардлыг тэр луйварчдаас шүүхдээд гаргуулаачээ,өр