ТӨГС СЭЛГЭЭТЭЙ “САНС”-ЫН ТУХАЙ

2014 оны 11 сарын 20

NBA-гийн “Финикс Санс” шинэ улиралд лигийн хамгийн хурдан довтолгоотой баг гэгдэж буй. Тэд довтолгооны шугамандаа Горан Драгич, Эрик Бледсой гэсэн хоёр холбогчийг гараанд гаргаж, сэлгээнээс “жижиг” Томасыг тоглуулж байгаа нь тун оновчтой сонголт болжээ. “Санс” энэ улиралд зургаан хожил таван хожигдолтой яваа. Гэхдээ “Нарнууд”- ын довтолгооны шугам, сэлгээний тоглогчдыг олон хүн магтаж байна. Ялангуяа Аизея Томас, Жеральд Грин нар сэлгээнээс багтаа тун чухал нөлөө үзүүлж буй. Ингээд “Финикс”-ийн сэлгээний гайхалтай хослол Грин, Томас талаарх нийтлэлээ хүргэе.

Айзея Томас: Удам дамжсан сагсан бөмбөгч “Жижиг” Томас энэ зуны солилцоо наймаагаар тун зөв багтаа иржээ. Тэрбээр анх 2011 оны драфтын 60 дахь сонголтоор “Сакарменто Кингс” багт сонгогдож, NBA-д хөл тавьсан юм. Томас NBA-д тоглосон эхний жилээ 11,5 оноог дунджилан ирээд үйтэй холбогч гэдгээ харуулав. Улмаар 2012 оноос “Кингс”-ийн гарааны холбогчоор бүх тулаанд оролцон 13,9 оноог дунджиллаа. “Жижиг” Томас өнгөрсөн улиралд 20,3 оноо, 6,3 оновчтой дамжуулалт дунджилсан бөгөөд дөнгөж 175 см өндөртэй намхан залуу NBA-д ийм олон оноо авна гэдэг маш хэцүү зүйл. Өнгөрсөн хавар гуравдугаар сарын 18-нд Айзея “Вашингтон Уизардс”-ын эсрэг 24 оноо, 11 оновчтой дамжуулалт, 10 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтээр NBAгийн түүхэнд трибль-дабль хийсэн хамгийн намхан тоглогч боллоо. Томас шинэ багтайгаа 11 тулаан хийжээ. Тэрбээр тоглолтод сэлгээний суудлаас оролцож, 23 минутыг талбайд өнгөрүүлэн 15,6 оноо, 4,3 оновчтой дамжуулалт өгөөд байна.

Жеральд Грин: NBA-гийн зургаан багийг дамжиж өнгөрсөн улирлаас “Санс”-т хүчин зүтгэх болсон Грин аль хэдийнэ тэдний гол тоглогч болжээ. Тэрбээр энэ улиралд сэлгээнээс 20 минутыг талбайд өнгөрүүлж, 13,9 оноо авч байна. Ж.Грин өнгөрсөн улиралд бүх тулаанд оролцож, 48 тоглолтод гараанд гарсан юм. Ингэхдээ тэрбээр 15,8 оноог дунджилсан бөгөөд олон ч тулаанд багаа ялалтад хүргэснийг сагсанбөмбөг сонирхогчид андахгүй мэдэх биз ээ. NBA-гийн Бүх оддын цагариган дээрээс довтлох тэмцээний аварга энэ залууд хурд, тэсрэлт, үсрэлт, шидэлт, бөмбөг эзэмшилт гээд сагсан бөмбөгийн үндсэн техникүүд бүгд бий.

Довтолгоо: Сэлгээний хоёр хослол талбайд байхад “Санс”-ын довтолгоо дордоно гэсэн зүйл энэ улирлын эхэнд харагдахгүй байна. “Финикс”-ийн зургаан хожлын тавд нь А.Томас 20-иос дээш оноо авчээ. Эдгээрээс гурван тоглолтод Жеральд Грин 26, 28, 19 оноогоор түүнд тусалсан. Үүнээс үзвэл А.Томас 20+ оноо авбал хождог бөгөөд Ж.Грин шилдэг тоглолтоороо түүнд тусалдаг байна. Энэ улирлын 11 тулааны гуравт А.Томас багаа оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн юм. Мөн Томас таваас олон оновчтой дамжуулалт өгсөн тохиолдолд Ж.Грин 20+ оноо авдаг аж. Ийнхүү А.Томас, Ж.Грин хоёр талбайд маш сайн ойлголцож хослодог нь тодорхой. Хэрэв энэ хоёр тоглогчтой цуг Э.Бледсой, Г.Драгич хоёрыг талбайд “Их гурвал” бүрдэж аль багаас илүү хурдан довтолгоотой баг бүрдэх боломжтой юм.

Хамгаалалт: Хурдтай бүрэлдэхүүн хамгаалалтад түргэн шилжиж чаддаг онцлогтой. “Санс”-ын залуус ч үүнийг нотолж байгаа. Тэд хамгаалалтыг шилжилтийг хурдан хийж бөмбөг тасладаг. Ер нь “Финикс”-ийн хурдан довтолгооны эхлэл эндээс үүдэлтэй. Хамгаалалтын шилжилтээс гурван холбогчийн аль нэг нь бөмбөг таслахад Ж.Грин, М.Моррис нар урагш довтолгоонд хурдан гарч чаддаг. Гэхдээ “Санс” илүү амжилт гаргахын тулд хамгаалалтаа улам сайжуурлах хэрэгтэй. Тэд шинэ улиралд алдаж байгаа оноогоороо 30 багаас 29-т орж байна. Жефф Хорнасек дасгалжуулагч довтолгооны хувилбар дээр биш 1 vs 1 хамгаалалтад л анхаарлаа хандуулах ёстой юм.

Б.ЦОГТ-ОЧИР