Х.НАМСРАЙ: Олон мянган эрдэмтний гаргасан далай шиг их бүтээлийн нэг дусал нь л “Намсрайн шийдэл”

2014 оны 11 сарын 20

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Кэмбрижийн Олон улсын намтрын хүрээлэнгээс XX зууны гарамгай эрдэмтэн шагнал хүртсэн академич, онолын физикч Хавтгайн Намсрайг “Өнөөдөр” сонин “Хоймор”-тоо урилаа.

-Ням гаригт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд Та Чингис хааны одон гардаж авна. Догдолж байна уу?

-Өө, эхлээд их догдолсон. Тэгж байгаад байчихлаа л даа. Хэвшиж байгаа юм болов уу даа. Эхлээд маш их сэтгэл хөдлөөд, яана аа одоо, хувцас хунар юу өмсөх билээ, урьд өмнө нь энэ шагналыг авсан хүмүүс юу гэж хэлж байлаа, би тэдний түвшинд үг хэлж чадах болов уу, яах бол гээд л элдвийн зүйл толгойд эргэлдэж байлаа. Шагнал авах тухай сонссоноос хойш эхнэрийн минь ачаа л хүндэрч байна даа. Миний эхнэр Монгол Улсын Багшийн дээд сургуулийг дүүргэсэн Ж.Цэрэндулам гэж сайхан эмэгтэй бий. Ажлын нэг энгийн өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан утасдаад “Та нэг хүрээд ир ээ” гэдэг юм байна. Тэр хүндэтгэлтэй газарт нэгэнт очиж байгаа юм чинь, тэнд Иргэний танхим бий, дэргэд нь номын сан лав байгаа байх гэж сэтгээд өөрийнхөө хэвл үүлсэн номнуудаас хэдийг аваад очсон юм л даа. Тамгын газраас “Та хүрээд ирээрэй” л гэсэн, өөр юу ч хэлээгүй. Номоо бэлэглэнэ дээ гэж бодоод очсон, тийм сайхан мэдээ дуулсан. Тэр үед бас их сонин зүйл тохиолдсон юм. Би АНУ-д номоо хэвлүүлэхээр аль эрт өгчихсөн байсан юм. Америкийн талаас ч хэвлээд, шуудангаар явуулчихсан гэж өмнө нь хэлж байсан юм. Замд байдаг холбооны 51 дүгээр салбараар орсон чинь миний ном ирчихсэн байдаг юм байна. Тэгээд түүнийгээ шууд авч яваад, Ерөнхийлөгчийн зөвлөх боодлыг нь анх задлаад их бэлгэ дэмбэрэлтэй зүйл болсон.

-Төрийн тэргүүн зэргийн шагнал- Чингис хааны одонг шинжлэх ухааны салбараас анхалж Та хүртэх гэж байна.

-Эхлээд жаахан тэвдсэн. Нэгд үгээрт, энэ шагналыг урьд нь улс эх орон, төрийг удирдан жолооддог төрийн тэргүүнүүд голдуу авч байсан учраас эрдэм шинжилгээний энгийн ажилтанд яагаад өгч буй юм бол гэж гайхсан. Хоёрдугаарт, ингээд шагнаж байгаа нь миний ард байгаа олон авьяаслаг залуу, эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны байгууллагад олон жил зүтгэсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг төрөөс үнэлж, хойч үед маань хүндэтгэл хийгээд урам хайрласан явдал болох юм гэж бодсон л доо. Ийм сайхан мэдээг сонсоод эхнэр, Италид амьдардаг хүүхдүүд рүүгээ утасдсан. Хуучин цагт одон медаль, шагналыг байгууллагаас тодорхойлоод, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд олгодог байлаа шүү дээ. Харин энэ шагналыг дэлхийн түвшний Нобелийн шагналын жишгээр, гарамгай хүмүүс нийлж, маш олон шалгуураар шүүж олгодог. Эзэн нь мэддэггүй шүү дээ. Ийм шагнал учраас авч байгаа хүний хувьд гэнэтийн бэлэг болдог.

-Таны багын мөрөөдөл юу байв? Малчин аав, саальчин ээжийн хүүгийн хувьд төсөөлөмгүй орон зайд гарч ирсэн хүн шүү дээ, Та.

-Анхнаасаа л физик сонирхсон. Хоёрдмол санаа надад огт байгаагүй. Хоёрдвол ажил цалгардана, бүтээмж нь хоёр дахин багасна. Тийм учраас аливаа зүйлийг хийж буй хүнд хоёрдогч санаа, эргэж буцах алхам хэрэггүй л дээ. Аав, ээж маань физикийн талаар нарийн мэдэх биш, “Хүү минь сураад байгаарай, хичээгээрэй” гэж хэлэхээс биш чи ийм мэргэжилтэй болох хэрэгтэй, энэ чиний амьдралын утга учир шүү гэж хэлж байгаагүй. Миний үеийнхэн л шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн анхдагХ чууд шүү дээ. Түүнээс өмнө нарийн шинжлэх ухаан манайд хөгжөөгүй, бүгд малчин байлаа. Би өөрийнхөө сонирхлоороо л физикийн шинжлэх ухааныг сонгосон. Ер нь хүний амьдралын утга учир их сонин. Бидний амьдрал тэр чигтээ тохиолдлын “хууль”-иар явдаг. Би ийм сургууль төгсөнө, тийм ажил хийнэ гэж хэн ч тааварладаггүй биз дээ. Түүн шиг л энэ бол миний сонгосон амьдралын утга учир.

-Өнөөдрийн энэ амжилтад хүрсэн нь Таны удам судартай холбоотой юу?

-Ер нь нөлөө бий шүү. Биологийн хувьд бүх зүйл удамшдаг, нэг нэгнээсээ дамждаг зүй тогтолтой гэдгийг эрдэмтэд нээсэн. Миний садангийн улсууд лам голдуу, цээж сайтай хүмүүс байсан юм билээ. “Ганжуур”, “Данжуур” судрыг цээжилсэн хүн ч манай удамд бий. Сонин байгаа биз. Манай аав төвд номыг хэдхэн сар үзээд л уншдаг болчихсон байх жишээтэй.

-Таны хүүхдүүд бас шинжлэх ухааны мөр хөөсөн гэж дуулсан юм байна. Одоо хаана ажилладаг вэ?

-Том охин маань Москвагийн их сургуулийн физикийн анги дүүргэсэн. Мөн энэ чиглэлээр ажиллаж байна. Удаах охин маань МУИС төгссөн, хэлний мэргэжлийн хүн бий. Зургаан хэл мэднэ. Хоёулаа одоо Италийн Милан хотод ажиллаж, амьдардаг. Аавыгаа шагнуулж байгаа мэдээг сонсоод охид маань монгол дээлээ өмсөөд, зураг авахуулаад баярын үгтэй хамт аавдаа интернэтээр илгээсэн байна билээ.

-Эрдэмтэн хүнд өөр зүйлд зарцуулах цаг хугацаа байдаггүй гэдэг. Та ер нь ажил, амралтын заагийг хэр зохицуулдаг хүн бэ?

-Шинжлэх ухаан гэдэг бол маш нарийн төвөгтэй, их цаг зав гаргаж, бодож, турж эцтэлээ ажилладаг салбар. Аа гэхдээ, зүгээр явбал зүгээр л яваад байна. Тийм учраас өөр зүйлд цагаа зарцуулах асуудал ямар ч судлаачийн хувьд байхгүй л дээ. Харин сайн амарч, сайн хоол идэж, бие эрүүл байх хэрэгтэй. Ер нь олон орны эрдэмтэд бүгд адил. Амарна гээд уул, хадаар явахдаа ч нөгөө л шинжлэх ухаан, онол, туршилтаа бодоод явдаг, түүнээсээ салж чаддагг үй. Тэр бол толгойд нь мөнхийн байдаг зүйл.

-Хамгийн олон цагаар, улайрч ажиллаж байсан үеэ дурсаач.

-Ер нь байнгын ямар нэг зүйл оролдож байгаад нэг санаа гарч ирдэг. Шинэ санаа төрсөн үед бол үнэхээр нойр, хоолгүй, олон цагаар сууж ажилладаг. Хоёрдугаарт, ямар нэгэн монограф юм уу, бүтээл туурвил байвал өглөө зургаагаас шөнө 12 хүртэл сууж байж гараас гаргахгүй бол за, дараа хийе дээ гээд хойш тавибал толгойдоо буй зүйлээ мартчихдаг. Тийм учраас маш шахуу хугацаанд, шаргуу ажиллаж байж цогц бүтээл төрдөг.

-Таныг ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулж, квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан хүн гэдэг. Үүнд хэр удаан хугацааны хөдөлмөр шингэсэн бэ?

-1940 оноос хойш эрдэмтдийн шийдэх гэсэн гол асуудал энэ байсан юм. Физикийн онол боловсруулж байтал шийдэж боломгүй нэг хүндрэл гардаг юм л даа. Түүнийг шийдэхийн тулд нэмэр болсон нэг дусал нь миний энэ онол. Энгийнээр тайлбарлавал, телевиз, гар утсаар гүйж байгаа гэрэл нь жижиг бөөмийн урсгал байдаг юм. Энэ бөөмийн урсгалыг эрдэмтэд бүтэцгүй гэдэг. Гэхдээ хөдөлгөөнийг нь бичих гэхээр хүндрэл үүсдэг. Миний энэ онолд гаргасан гол санаа бол бөөмсийн бүтцийг нь тодорхойлох, нэг сантиметрийг хэдэн сая, хэдэн тэрбум хуваасантай тэнцэхүйц бүтэцтэй байдаг юм бэ гэдгийг л тогтоосноор хүндрэлийг арилгаж болох арга зам нь гарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл, олон орны эрдэмтэд бүгдээрээ нэг л зүйлийг тал талаас нь “мэрээд” л байдаг. Ийм нэг шинэ юм оруулъя, үүнийг нь орхисон байна гээд л нэг л асуудлыг шийдэхийн тулд олон санаа дэвшүүлдэг. Би түүний нэг дуслыг нь л бий болгосон хэрэг. Түүнийг л “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэж нэрлэсэн. Олон орны, олон мянган эрдэмтдийн гаргасан далай шиг их бүтээлийн нэг жижиг дусал нь л “Намсрайн шийдэл”. “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”-ийг 40 жилийн турш “нухаж” байж гараас гаргасан. Өнөөдөр миний гаргасан онолыг сайхан нээлт хийлээ гээд гэнэт ухаараад дэлхий даяар ашиглана гэж байхгүй шүү дээ. Шалгуур гэж маш урт хугацаа шаарддаг зүйл бий. 10 жил, 15 жил, магадгүй 20 жилийн дараа “Өө энэ яах аргагүй “Намсрайн онол”-ын үр дүн юм байна шүү дээ” гэж хүлээн зөвшөөрөх жишээтэй. Судлаач эрдэмтэн хүн нэг шинэ юм хийчихлээ, шинэ томъёо олчихлоо гэж хэлэх эрхтэй. Гэхдээ тэр нь олны хүртээл болж, нийтэд хүлээн зөвшөөр өгдөнө гэдэг нь урт удаан хугацааны үйл явц. Заримдаа тэр нь худлаа байх нь ч бий.

-Та Орос, Америк, Англи, Швейцарь, Герман, Италийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд урт, богино хугацаагаар ажиллаж байсан юм билээ. Манайд ажиллаач гэсэн санал Танд хэр олон ирж байсан бэ?

-Сая чиний хэлдэг улсуудад би томилолтоор ажиллаж байсан юм л даа. Социалист систем задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан улсуудад бэлтгэгдсэн эрдэмтдийг авах сонирхлоо Америк илэрхийлж эхэлсэн юм. Аргаг үй шүү дээ, нэг эрдэмтнийг бэлтгэх зардал 100 мянган ам.доллараас дээш үнээр яригдана. Магистрантур, аспирантур, докторантурт сургахад цаг хугацаа их зарцуулна. Тийм учраас Оросын болон социалист орнуудад ажиллаж байсан эрдэмтдийг татаж авахын тулд 1995 оны дундуур “Ногоон карт” гэх зүйл гаргасан. “Америкт ажиллаж, амьдрах виз олгоод, ажлын байр гаргаж өгье, Та ногоон карт авах уу?” гээд надаас ч асууж байсан. Эх оронтой хүн учраас би чимээгүй орхисон. Ер нь өөр байгууллагуудаас түр хугацаагаар ажиллах олон урилга ирж байсан.

-Энгийн хүн уураг тархиныхаа ердөө 10 хувийг ашигладаг гэдэг. Та хэдэн хувийг нь ашигласан гэж өөрийгөө дүгнэдэг вэ?

-Бидний уураг тархинд 10 тэрбум нейрон бий. Компьютерийн санах ой шиг хэмжээтэй гэсэн үг. Хүмүүс түүнийхээ дөнгөж, чиний сая хэлсэнчлэн 10 хувийг л ашигладаг юм. Их сайндаа л, өөрийнхөө боломжийн 20 хувийг л ажиллагаанд оруулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. -Таны хувьд? -Минийх бол 12-13 хувь л байх. Оросын их эрдэмтэн, Нобелийн шагналт Л.Д.Ландау гэж хүн байсан. Би сурах бичгийг нь үзэж, суралцсан. Тэр хүн эрдэмтдийн гаргасан нээлтэд үндэслээд, ашигласан оюуны потенциалаар нь эрэмбэлээд гаргачихсан байдаг юм. Хамгийн эхэнд дэлхийн мянганы шилдэг эрдэмтэн Альберт Эйнштейнийг нэрлэсэн байдаг. Түүнээс доошоо нэг шатлал бууруулаад, эгэл бөөм, цөмийн физикийн үндсийг боловсруулсан бусад гарамгай эрдэмтдийг нэрлээд, бас олон улсад цуутай эрдэмтэн өөрийгөө түүний доорх шатлалд бичсэн. Энгийн эрдэм шинжилгээний ажилтнууд түүний шатлалаар тавдугаар шугамд л жагсдаг юм. Эрдэмтдийн чансаа, нээлтийг харгалзаж ийм эрэмбэ гаргасан байдаг.

-Түүхэн дэх шинжлэх ухааны хамгийн чухал нээлт гэвэл Та юуг нэрлэх вэ?

-Хүний оюун ухаанаар бүтсэн хамгийн гайхамшигтай нээлт бол Харьцангуйн онол. Бүх зүйл, цаг хугацаа, орон зай харьцангуй шинж чанартай, абсолют хэмжээ гэж байхгүй. Хоёр дахь гайхамшигтай нээлт бол атом, цөмийн бүтэц. Хорвоо ертөнц, бидний оршин байгаа бүх зүйл бол хязгааргүй жижиг атомаас бүрддэг, тэр нь дотоод бүтэцтэй. Энэ бол яах аргагүй чухал нээлтүүд.

-Ярилцлагаа эхлэхийн өмнө Та ажлын өрөөгөө хоёр дахь гэр минь гэж дотночилж байсан. Энэ өрөөнд хоногийн хэдэн цагийг өнгөрөөдөг вэ?

-Миний хамгийн их татагддаг газар бол энэ өрөө. Заримдаа гадуур явж байгаад энэ өрөөгөөрөө нэг ороод гаръя даа гэж ямагт бодогддог, хоёр дахь гэр минь болсон. Гэхдээ энд байнга сууна гэж байхгүй шүү дээ. Заримдаа уул, хадаар аялах бол энэ өрөө эзгүй байна. Хааяа жаахан чилээрхэхээрээ эртхэн гараад явчихна. Нэг газраа удаан суухаар их ядардаг. Тийм учраас энд хийж чадахгүй байгаа зүйлээ гэртээ хариад нухъя даа, гэртээ болохгүй байгаа зүйлийг энд ирж үзье дээ гээд л явна даа.

-Та Москвагийн их сургууль төгссөнөөсөө хойш шинжлэх ухааны салбарт 46 жил ажиллаж байна. Нөр их хөдөлмөр шингэсэн, дэлхийд танигдсан бүтээлүүдээсээ хамгийн үнэ цэнэтэйг нь нэрлээч гэвэл?

-Тэнд байгаа эхний хэдэн ном (зэргэлдээх ширээн дээр эрийтэл өрсөн номнуудын түрүүчийг заав). Англи хэлээр хэвлэгдэж, дэлхий даяар тарсан байгаа. “Google”-ийн хайлтын системээр ороод латинаар “Намсрай” гээд бичихэд л аяндаа худалдаж аваарай гээд гараад л ирнэ. Байгалийн дөрвөн хүчний нэгдлийг бичихэд гарч ирсэн зарим хүндрэлүүдийг шийдэж, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн онол”-ыг базаж бичсэн монограф юм л даа.

-Дэлхийн эрдэмтэд таныг хүлээн зөвшөөрөөд, “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гээд таны нэрээр нэрлэгдсэн шийдэл, томъёолол бий болох цагт Та юу мэдэрч байсан бэ?

-Тэр чинь гэнэт “Намсрайн онол” гээд нэрлэчихдэг зүйл биш. Энэ бол урт удаан цаг хугацааг туулсан учраас хэзээд нь баярлаж, хэзээд нь өөрөөрөө бахархаж байсан юм бол гэх зүйл байдаггүй юм, бүх эрдэмтний хувьд. Урсгалаараа хүлээн зөвшөөрдөг учраас. Зарим тохиолдолд бурхан болсны дараа бүтээлийг нь үнэлэх тохиолдол ч бий.

-Олон улсад алдартай эрдэмтэдтэй Та одоо ойр дотно холбоотой байдаг уу?

-Холбоотой. Энэ чинь маш сайхан зүйл шүү дээ. Би Нобелийн 22 шагналтан, нийт 800 гаруй эрдэмтнийг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн академийн гишүүн. Жил бүр Их чуулган болно. Тэр үеэр тэврэлдээд л, ах дүү шиг жигтэйхэн дотно уулзана. Тэдэнтэй ярина, тэд нараас бас гуйна. Манайд ийм залуу эрдэмтэн байна, чиний хүрээлэнд сургана шүү гээд “наймаа, солилцооны” яриа хөөрөө тэнд бас их өрнөнө өө.

-Дэлхийн академийн гишүүн өөр монгол эрдэмтэн бий юү?

-Байдаг юм аа. Би анхных нь болоод, нэрийг нь дэвшүүлж, санал болгосоор одоо надтай нийлээд зургаан хүн Дэлхийн академид данстай. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбараас Ж.Гарьдхүү гэж хүн байна, геологийн салбараас Д.Доржнамжаа, нийгмийн ухааныг Р.Барсболд төл өөлж байна. Бүгд миний гарын үсгээр, миний санал болгосноор гишүүн болсон юм.

-Анх тэр академийн гишүүн болж байсан үеэ дурсаач.

-Нобелийн шагналт, Дагестаны Абдул Салам гэж гарамгай эрдэмтэн хүн бий. Байгалийн дөрвөн хүчний цахилгаан соронзон, сул харилцан үйлчлэлийн нэгдлийг боловсруулсан эрдэмтэн. Эртний танил тэр хүнтэй нэг удаа уулзахад ийм академи байгуулж байна, Монголоос та төлөөлж, манай гишүүн болбол ямар вэ гэж анх санал болгож байсан юм. Гэхдээ ингэж хэллээ гээд шууд гишүүн болчихгүй шүү дээ. Миний бүтээлүүдийг олон эрдэмтэн хэлэлцээд, гишүүнээр элсэхийг хүлээн зөвш өөрч байсан. Явсаар одоо би энэ академийн экспертийн комиссын гишүүн болчихсон. Арваад жил болж байна. Энэ академид элсэх хүсэлтэй, эсвэл шагналд нэр дэвшиж байгаа гишүүдийн бүтээлийг шүүн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөг юм л даа.

-Та хэдэн шавьтай вэ?

-Гарын шавь арав гаруй бий. Бүгдээрээ гадаадад ажиллаж байгаа. Маш олон шавьтай эрдэмтэн байдаг л даа. Түрүүн ярьсан Л.Д.Ландау 43 шавьтай. Тэдний нэг нь Нобелийн шагналт, долоо нь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн, 16 нь шинжлэх ухааны доктор. Тийм мундаг, олон шавьтай хүн энэ дэлхийд өөр байхгүй. Дахиж төрөх ч үгүй байх. Зарим нь бол шавь байхгүй. Альберт Эйнштейн гэхэд шавь байхгүй, өөрөө л зүтгэдэг хүн байсан.

-Таны шавь нараас гайгүй сийрэг ухаантай, мундаг эрдэмтэн болно гэж тоож байгаа хүн бий юү?

-Бий бий. Оросын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэнд ажиллаж байгаа Г.Ганболд байна. Техасын A&M их сургуульд ажиллаж байгаа Ц.Цогбаяр гэж залуу бий. Дүү нь бас миний шавь.

-Эрдэм шинжилгээний ажилтнуудыг цалин багатай гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэр бол шинэ тутам орж байгаа залуучуудтай л холбоотой асуудал. Үеийнхэн нь жигтэйхэн баяжаад, жийп унаад, хувийн орон сууцтай болоод байхад хөөрхийс энд нэг юмаа “нухаж” л байдаг. Баяжсан нэг нь их дээрэлхүү харна. Гэхдээ ингэлээ гээд муудахгүй, нухаж байгаад нэг шинэ зүйл нээвэл тэр шинжлэх ухааны түүхэнд мөнхөрч үлдэнэ шүү дээ. Пифагорын теорем л гэхэд 2000 жилийн түүхтэй, өнөөдрийг хүртэл бүгд хэрэглээд л явж байгаа биз дээ. Синус, косинусын уламжлал ч тэр.

-Гэхдээ төр засгаас эрдэм шинжилгээний ажилтнуудыг арай л дутуу үнэлээд байна гэж Та боддог уу?

-Одоогийн нөхцөлд залуучууд гадагшаа яваад 2000 ам.долларын цалинтай ажил хийх сонирхолтой байгаа. Тухайлбал, Герман яагаад өндөр цалин өгч байна вэ гэхээр хураасан нөр их хөрөнгө тэдэнд бий. Харин манайх бол дөнгөж хураах шатандаа явж байна. Тиймээс манайд 2000 ам.долларын цалин өгөх боломж байхгүй. Гэхдээ манай залуучууд эх орондоо эргэж ирж байгаа. Тэнд 2000 ам.доллар аваад болсон болоогүй ажил хийж явснаас эх орондоо ирээд хоёр, гурван авьяаслаг залуу аваад компани байгуулаад ажиллах нь хэрэгтэй гэдгийг ойлгож ирж байна. 1990-2000 он биш, өнөөдөр нөхцөл байдал шал өөр болж байгаа. Энэ бол бүх дэлхийн хөгжлийн чиг хандлага. Солонгос мундаг хөгжчихсөн гээд л яриад байдаг. Яг манайх шиг л байсан шүү дээ. Бүр манайхаас дор, байгалийн баялаг ч байхгүй. Гэхдээ зөв шийдлийг нь олдог төр, засаг байх хэрэгтэй. Энд бас нэг асуудал бий. Би бол онолын физикч учраас үзэг, цаас байхад л болдог. Туршлагын чиглэлээр мэргэшсэн хүнд бол нарийн багаж, төхөөрөмж, компьютер хэрэгтэй. Мөнгө төгрөг их шаардана. Маш хэцүү. Энэ хангамж нь муу учраас судлаач хүмүүс Монголдоо үлдэж чадахгүй байгаа байхгүй юу. Бусад орны эрдэмтэд маш нарийн багажаар, нарийн туршилт хийж байхад бид бүдүүлэг туршилт хийхээр тэр хүний түвшинд хүрч, үнэлүүлж чадахгүй байна шүү дээ. Ядахад, багаж төхөөрөмж таван жил болоод л хуучирчихна. Ийм багаж нарийн тооцоон дээр алдаа гаргадаг. Тийм учраас туршлагын физик, биологийн эрдэмтэд энд, Монголд ажиллахад хүндрэл үүсдэг. Тэгээд гадаадын эрдэмтэдтэй хамтрахаас өөр арга үлдэхгүй. Харин цаас, үзгээс өөр зүйл ашигладаггүй, онолын эрдэмтдэд энд гайхамшигтай сайхан боломж бий. Олон улсын янз бүрийн төсөлд хамрагдаж энэ цоорхойг нөхөх бас нэг арга бий. НҮБ-ын, Европын холбооны зэрэг олон төсөл хэрэгждэг. Энэ бол шинжлэх ухаан Монголд хөгжих нэг гарц нь. Гишүүнээр элсээд багахан мөнгө төлөөд л судалгаа хийж болох олон төв дэлхийд бий. Тухайлбал, Дубна хотын Цөмийн шинжилгээний хүрээлэн байна. Бид 1956 онд тэндхийн гишүүн болсон. Тэрнээс хойш хэчнээн олон эрдэмтэн тэнд бэлтгэв. Тийм учраас манай өнөөгийн нөхцөлд хамгийн таатай боломж бол олон улсын хүчийг ашиглаж, тэндээ ажиллах бол маш чухал хүчин зүйл.

-Их ажлын хажуугаар Та өөрийгөө яаж амраадаг вэ?

-Ихэнх эрдэмтэд уул хадаар аялж, байгалийн үзэсгэлэнт газраар явж, ядаргаагаа тайлдаг. Би, миний багш ч мөн адил. Миний багш ОХУ-ын Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Онолын физикийн лабораторийн тэргүүлэх ажилтан, Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Гарий Владимирович Ефимов гэж хүн бий. Миний докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлыг удирдаж байсан юм. Тэр хүн бас ууланд гарах, тойрон аялал хийх дуртай. Нөгөөтэйгүүр, нэг чухал санаа юу байна вэ гэхээр хэтэрхий их нухаад, ажил, амралтаа зөв зохицуулахгүй бол бүтээлгүй хүн болно шүү дээ. Бидний ярьдгаар цагаан солио тусна. Бодитоор сэтгэх сэтгэлгээ нь буураад, хэнхэг тусна гэсэн үг. Тийм учраас судлаач хүн амралт, зөв зохион байгуулалттай ажиллах нь хамгийн гол асуудал.

-Таны толгойд амьдралынх нь хэдэн жилийн төлөвлөгөө байна вэ? Хойшид ийм нэг зүйлийг гараас гаргахсан гэж бодож төлөвлөж байгаа зүйл бий юү?

-Би түрүүнд хэлсэн. Амьдрал тохиолдлоор дүүрэн. Би ийм нэг бүтээл туурвина гэж төлөвлөх хэцүү. Төлөвлөөгүй байтал гайхамшигтай сайхан санаа орж ирээд, бүх юмаа хаяад суух тохиолдол ч бий. Ихэнх эрдэмтний нээлт, бүтээл тийм л байдаг. Бүх насаараа оролдоод, 40 жил нухаад бүтэхгүй байсан асуудал нэг жижигхэн зүйл хийх төдийд шийдэгдэх тохиолдол бий.

-Шинжлэх ухааны салбарт 46 жил ажиллахдаа өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе тань хэзээ байсан бэ?

-Одоо. Яг өнөөдөр бахархаж байна. Түүнээс биш эрдэмтэн хүн нэг их баярлаад, дэвхцээд, би үүнийг нээчихлээ гээд байдаггүй. Нэг хүн нэрт эрдэмтэн Альберт Эйнштейнээс асуусан байдаг юм. Бусад эрдэмтнээс ялгарах таны онцлог, таны бахархал, аз жаргал чинь юу вэ гэхэд “Олон мянган өмхий хүрний ухаж байгаа нүхнээс миний ялгарах зүйл нь миний ухаж байгаа нүх жаахан муруй юм байна” гэж хариулсан байдаг юм. Өмхий хүрэнгээр эрдэмтдийг төлөөлүүлж байгаа хэрэг. Харьцангуйн онол нээгээд, нар, сарны хажуугаар явж байгаа гэрэл муруйдаг зүй тогтол олсныгоо тэгж зүйрлэж хэлсэн хэрэг. Өөрөө тэрхүү Муруйн онолыг нээсэн хүн шүү дээ. Тийм учраас миний бахархал бол өнөөдөр надад төрийн тэргүүн зэргийн шагнал олгохоор шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг.

-Одоо Та юу мөрөөдөж байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд мөрөөдөх зүйл үлдсэнгүй. Эрүүл байя, хөгшин, хүүхдүүддээ хэдэн жил харагдахаа л бодож байна. Тэгж байтал юу болох нь вэ (инээв). Төр маань ийм хүндэтгэл үзүүлж байна, ерөнхий ноён нуруу нь улам мэрийнэ гэж бодож байгаа ч яаж мэрийх нь цаг үеэсээ хамаарна. Одоогоор би ингэчихнэ, тэгчихнэ гэсэн зүйл алга даа. Шинэ чиглэл бариад ажиллана гэж амлаж чадахгүй, гэтэл ингээд “сараачиж” байтал бас нэг шинэ юм гаргаад ирж болно. Тийм учраас бидний энэ судалгаа, шинжилгээний оюуны бүтээлд магадлалын хууль үйлчилдэг юм.

-Шагнал авахдаа өмсөх баярын хувцсаа зэхсэн үү?

-Одоо л бэлдэж байна (инээв). Эхнэр маань “Би аль эрт чамайг шинэ дээл хувцас хийлгэ гээд байхад үгэнд орохгүй байсан. Одоо хар. Тэр үед хийлгэчихсэн бол амар байхсан” гээд л үглэж байсан. АНУ-аас 25 жилийн өмнө авчирсан хуучин малгайгаа сайхан цэвэрлээд өмсчихнө. Тэр чинь ийм юм хүлээгээд л гэрт байгаад байж шүү дээ. Би тэр үед Америкийн ногоон картыг нь бөглөөд явбал болох л байсан. Гэтэл бурхан эндээ байж бай, чиний ажил төрлийг ард түмэн, төр засаг чинь үнэлнэ гээд л намайг үлдээсэн байна шүү дээ. Америк явчихсан бол өнөөдөр нэг их сургуульд зөвлөх багш хийгээд л явж байх байлгүй дээ. Зөн билэг гэж ийм л гайхамшигтай юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, их эрдэмтнийг Чингис хааны одонгоор шагнахаар олон нийт даяар зарласнаас таван хоногийн дараа миний бие уулзсан ч түүний утас завсар чөлөөгүй дуугарч, баяр хүргэсэн халуун дулаан үгс тасралтгүй хөвөрсөөр байсан юм.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

Гэргий Ж.Цэрэндуламын хамт

Бага охин Н.Цэдэвсүрэн

Ууган охин Н.Нямцэрэн нөхрийн хамт