АН “хэвтэрт” байна

2014 оны 11 сарын 20

Ардчилсан нам өвдчихжээ. Үүсгэсэн “вирус” нь фракцуудын зөрчил. Өвдөж ядаж байсан намаа экс болон шинэ дарга нарынх нь тохиролцоо хэвтэрт оруулж орхив. Дотроо ингэж алалцахад хүрсэн ганц зүйл нь албан тушаал, эрх мэдэл. ҮЗХ-ны хурал дээрээ асуудал үүсгэн байж Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг МАН дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Одоо АН түүний эсрэг санал өгсөн 10 гишүүнтэйгээ тулж ажиллахгүй л бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж чадахгүй. Ирц хүрэхгүй. АН-ын 23, “Шударга ёс” эвслийн 11, ИЗНН-ын хоёр гишүүн түүнийг дэмжээд ч барахгүй юм. Гэхдээ Р.Амаржаргалын хэлсэн шиг чуулганы танхимд Бүлгийн олонхийн шийдвэрээ нөгөө 10 нь дагана гэвэл толгой өвдөхгүй байж болно. Гэвч тэднийг эргүүлэх тийм ч амар биш байгаа бололтой. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн огцроод хоёр долоо хоног өнгөрлөө. Энэ хооронд юу эс болов. ҮЗХ хоёр удаа хуралдсан. Эхний өдөр хурал даргалагчаа сонгохын тулд зургаан цаг маргасан. Улмаар Э.Бат-Үүл тэргүүтэй “хотынхон” ялсан нь “Алтангадас” ҮЗХ-ндоо хүчгүйдсэнийг харуулсан юм. Эндээс тодорхой шийдэл гараагүй. Харин долоо хоногийн дараа болсон хоёр дахь хуралдаанаар харьцаа эрс өөрчлөгдсөн. Үүнийг С.Эрдэнэ гишүүний МоАХ-33+МҮДН- 24+“Шонхор”-27=84, “Алтангадас”-54+“Нэг ардчилал”-28+“Кроун” зургаа=88, нийт 172” гэсэн жиргээнээс харж болмоор. Долоо хоногийн өмнө хүчгүйдэж байсан “ах” фракцын талд орох хүмүүсийн тоо нэмэгджээ гэсэн үг. Н.Алтанхуяг хоргодоод байсан намын даргын суудлаа З.Энхболдод шууд өгч, Ерөнхий сайдад “Алтангадас”- ын Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн. Хуралдаан хэл амгүй, товч, тодорхой болсон. Үүний дараа АН-ын гишүүдээс эхлээд “Хоёр дарга наймаа хийлээ” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн юм. Энэ тохиролцоог эсэргүүцэж буйгаа УИХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүн харуулсан. МҮДН фракцын Р.Амаржаргал, Н.Батбаяр, Б.Болор, Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт дээр нэмээд МоАХ-ны Р.Бурмаа, “Нэг ардчилал”-ын М.Батчимэг, “Шонхор”-ын Г.Баярсайхан, Д.Батцогт нар эсрэг санал өгсөн. Тэд намын даргын суудлаа Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сольсон дээрх наймааг буруушаасан юм билээ. Засгийн газраа огцруулах, “давхар дээл” тайлахаас эхлээд амь нэгтэй байсан “түгжил”-үүдийг хүртэл дотор нь талцуулсан энэ явдлыг эсэргүүцэж буй энгийн гишүүн тус намд цөөнгүй байгаа сурагтай. Засгийн газраа татан унагахаас эхэлсэн АН-ын фракцуудын зөрчил, удирдлагуудынх нь наймаа, тохиролцоо, ер нь сүүлийн хэдэн өдөр энэ намд болсон “хошин шог”-уудад сонгогчид удахгүй дүн тавина. Хамтраад Засаг барьж ажиллаж дийлдэггүй, эрх барьж чаддаггүй гэдгээ хоёр дахиа харуулсан Ардчилсан намд 2016 оны сонгуулиар “муу” дүн тавибал тэд өөрсдөө нэг их цочирдохгүй байх. 1996-2000 оны бужигнааны дараа АН УИХ-д ганцхан суудал авсан бэлэн сургамж тэдэнд бий. Тэгэхээр өнөөдрийн албан тушаалын эрх ашгаас болоод намаа хэвтэрт оруулсан эрхэм гишүүд 2016 оны сонгуулийн дараа “лааз өшиглөх” биз. Засгийн газрын ажил саатаад хоёр долоо хоносон учраас хэн нэг нь Ерөнхий сайд болоод, УИХ-д суудалтай бүх нам хамтраад сандал суудал тойрсон хэрүүлгүйгээр үлдсэн жил гаруйн хугацааг ажил хийхэд зориулах хэрэгтэй. Ард түмний хувьд энэ л илүү чухал байна.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.207 udahgui nud anina.um maani badmi hum.