ЭЗЭНГҮЙДЭЛ: НҮҮДЛИЙН БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ

2014 оны 11 сарын 20

Цуврал №4

Эх орны ирээдүй бол хүүхдүүд гэж бид хэлэх дуртай. Харин ирээд үйн эздийн маань нэг хэсэг нь сурах сургуульгүйгээс “айл”-д толгой хоргодож буй шоовдор хүүхэд мэт байдалд суурь боловсрол эзэмшиж байна. Монголыг нүүдлийн соёл иргэншилтэй орон гэдэг. Одоо тэгвэл нүүдлийн боловсролтой Монгол гэхээр болчихож. 38 дугаар сургуулийн хоёр барилга 840 хүүхдийн багтаамжтай. 1959, 1961 онд ашиглалтад орсон ч дээвэр, тааз нь нурж, хана нь цуурч, суулт өгснөөс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Биеийн тамирын заал шинээр барьж, 2006 онд ашиглалтад оруулсан ч мөн л шал нь цөмөрч, хөгцрөн, суулт өгч, дусаал гоожоод эхэлжээ. Монгол, Германы Засгийн газрын хамтарсан, улсын цорын ганц, герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн төрх ийм гундуу байна.

Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлэн сургуулиа төгстөлөө герман хэл судалж, шалгалт өгснөөр Герман улсад сурдаг байв. Гэвч 2012 онд тус сургуулийн Б байр болох бага сургуулийн барилгыг үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас акталсан. Барилгыг нураах, шинээр барих хөрөнгийг төсөвт суулгаагүй учраас тэд тухайн жилээ нурах аюултай сургуульдаа аюулыг үл хайхран хичээллэжээ. Харин дараа жил нь бага ангийн 20 бүлгийн 600 орчим сурагчаа 78, 47 дугаар сургуульд хуваан хичээллүүлж, сургуулиа нураахад бэлэн болгов. Хэзээ мөдгүй сургуулийг нь нурааж, шинэ байртай болно хэмээн хүлээн суутал сургуулийн оронд Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордон барих сураг дуулджээ. Сургууль барих болохоор сураггүй байдаг мөнгө дарга даамлын ажлын байрыг шинэчлэхэд олдчихдог нь сонин. Ийн хөрснөөс нь хүртэл дээж аваад амжив. Багш, сурагчид үүнийг эсэргүүцэн Ажлын хэсэг байгуулж, тэмцсэнээр Нутгийн удирдлагын ордон барихааргүй болгосон ч сургуулийг нь нураагаагүй, бариагүй хэвээрээ, хичээлийн хоёр дахь жилтэйгээ золгожээ. Учрыг асуухаар “Хөрөнгө мөнгө байхгүй” гэсэн ганцхан тайлбар өгч, “Энэ, тэр дарга мэднэ” гэдэг аж. Гэтэл эдний газар дээр барих гэж оролдсон Нутгийн удирдлагын ордныг сургуулийнх нь ойролцоо барихаар газар чөлөөлөөд эхэлжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хоёрдугаар сард ашиглах боломжгүй зургаан сургууль, цэцэрлэгийг нураахад шаардлагатай 906.6 сая төгрөгийг олгохоор болж, захирамж гаргахад тус сургуулийнх багтсан. Харамсалтай нь хотын мээр маань концессийн гэрээгээр барих сургуульд мөнгө төсөвлөсөн байж таараад хөрөнгийг нь буцаан татсан юм. Даарин дээр давс гэгчээр ахлах, дунд ангийнхан хичээллэдэг А байрыг нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн наймдугаар сард гаргаснаар багш, сурагчид нэгмөсөн “орох орон”-гүй болжээ. Энэ хичээлийн жилд I, II ангийн 240-өөд сурагч 47, III-V ангийн 300 гаруй сурагч 78, ахлах, дунд ангийн 400 гаруй сурагчаа 22 дугаар сургуульд хичээллүүлж байна. Тэднийг хүлээж авах өөр сургууль байхгүй. Хичээлээс гадуурх ямар нэгэн үйл ажиллагаа, сонгон, дугуйлан хичээллүүлэх ямар ч боломжгүй, үзэх ёстой хичээлээ л судалж байвал их юм гэсэн. Дуу хөгжим, герман, англи хэл, биеийн тамирын багш нар гурван сургуулийн хооронд өдөрт 2-3 удаа хөлийнхөө улыг эргэтэл алхаж, зарим нь таксиддаг. Долоо хоногт багадаа л 10 гаруй мянган төгрөг зарцуулдаг аж. Мэдээж, энэ зардлыг цалин дээр нь нэмж өгөхгүй.

Мөн Вокзал-III, IV хорооллын чиглэлд явах автобус байхгүйгээс хүүхдүүд сургууль гэрийнхээ хооронд алхах болжээ. Гуравдугаар ээлжийн хичээл 18.40 цагт тардаг учраас хүүхдүүд гэр рүүгээ алхвал даарах, харанхуйд айх, автобус дамжин явлаа гэхэд автомашины түгжрэлд саатсаар 22.00 цагийн үед харьдаг болсныг тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Түвшинжаргал ярилаа. 38 дугаар сургуулийн нэг сурагч арга ядахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал хүртэл бичсэн гэнэ. Гэвч асуудал шийдэгдсэнгүй. Сургуулийг хэзээ буулгах, барих талаар дорвитой хариу өгөх хүн алга. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Сургуулийг концессийн гэрээгээр барихаар болсон. Гэвч Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, Сангийн яаманд шилжсэнээр сургуулийн асуудал зогсонги байдалтай байна” гэлээ. Толгой хоргодуулж байгаа сургуулийн удирдлагууд ч хүүхдүүдээ багтааж ядан байж өөр сургуулийн сурагчдыг хичээллүүлэх дург үй. Гэлээ ч дээрээс ирсэн зааврыг зөрчиж чадахгүй, цаашаа харж уйлан, наашаа харж инээн байж 38 дугаар сургуулийн сурагчдыг сургуульдаа хичээллүүлдэг. 47 дугаар сургуулийн барилга л гэхэд 940 хүүхдийн хүчин чадалтай. Өөрийн 1520 сурагч, 38 дугаар сургуулийн сурагчдыг оруулан тооцвол өдгөө 1800 орчим хүүхэд энд хичээллэж байна.

Анги танхим хүрэлцээгүйгээс бүх л хүчээ шавхаж, сонгон, дугуйлангийн анги, нийгмийн ажилтны өрөө, хүүхэд хөгжлийн төвийнхөө “амыг барьж” байгаад, хүүхдүүдийг багтаажээ. Тус сургуульд I-II ангийн 11 бүлэг, 38 дугаар сургуулийн найман бүлэг хичээллэдэг. Бага ангийнхныг эцэг, эх, асран хамгаалагч нь заавал ангид нь оруулж, тарахад нь авдаг тул хичээл эхлэх, тарах үеэр хөл толгой нь олддоггүй гэнэ. Арга буюу бага ангийнхны хичээл эхлэх, тарах цагийг 20 минутаар зөрүүлснээ 47 дугаар сургуулийн захирал Ц.Дуламжав ярив. Ирэх жилээс тус сургуулийн хүүхдүүдийн тоо нэмэгдэх гэнэ. Ингэхээр өөрийн сурагчдаа авах уу, өөр сургуулийн хүүхдийг авах уу гэдэг хүндхэн сонголттой нүүр тулах нь гарцаагүй болжээ. Хоёр жил нурааж чадаагүй сургуулийг ирэх жил бариад, ашиглалтад оруулна гэвэл үлгэр. Тэгэхээр хүүхдүүд дараа жил дахиад л өөр сургууль руу “нүүдэллэх” хэрэгтэй болох нь.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.101 танай сонин энэ мэдээллийг хүргэж байгаа нь сайн байна. Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний 14-р дунд сургууль нурах сургуулийн тоонд орж сурагчид нь 44-р 30-р 92-р сургуульд хуваагдаж хичээллэж байна. Үндсэн сургуулийн хүүхдүүд өглөө өдрийн ангид орж гаднаас ирсэн 14-р сургуулийн хүүхдүүд орой ээжинд хичээллэж 18:30-20:00 хамгийн сүүлийн хүүхэд гэртээ харьж байна. 1 жижиг сургуулийн автобустай хүүхдүүд нь багтдаггүй 200 төгрөгөөр үйлчлүүлдэг юм хаашдаа мөнгөөр үйлчилж байгаа болохоор автобусны тоог нэмж болдоггүй юм байх даа. Энэ мөрөөр сурвалжлага хийгээд өгөөч олон хүүхэд эцэг эхчүүдэд дэм болох байна.
202.21.106.101 iim bhad bolovsroliin said n mundag sain ajillaj bga geed l yariad yavah yum ... uruvdmuur yumaa manai mongol huuhduud...
  • 2015 оны 01 сарын 19
202.21.106.101 сурвалжлага хийнэ ээ
  • 2014 оны 12 сарын 01