Хамгийн хямд зуух 17600 төгрөгийн үнэтэй

2014 оны 11 сарын 19

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар гэр хорооллын иргэдийн хуучин зуухыг сайжруулсан зуухаар солих хөтөлбөрийг “Улаанбаатар цэвэр агаар” төслийнхөн эхлүүлсэн. Энэ хүрээнд сайжруулсан зууханд 93 хувийн татаас олгон, өнгөрсөн жил 29.707 өрхийг ийм зуухтай болгожээ. Харин энэ жилийн тухайд зууханд олгох татаасыг 66 хувь болгон бууруулж, нийслэлийн гэр хорооллын 92 хорооны 15.293 өрхөд сайжруулсан зуух тараахаар болсон. Одоогийн байдлаар 4000 зуух борлуулаад байна. Нийслэлийн хэмжээнд тус зуухыг борлуулах 25 цэг үйл ажиллагаа явуулж буй. Гэвч татаасгүй, өндөр үнэтэй зуух “шахаж” байгаа талаар иргэд бидэнд мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Зургаан компанийн найман зуух харилцан адилгүй үнэтэй байгааг иргэд буруугаар ойлгосон бололтой” гэсэн юм. Дэлхийн банкнаас 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч “Улаанбаатар цэвэр агаар” төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс долоон сая ам.долларыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр зуух тараахад зарцуулах юм. Ийн энэ жил “Бекас-107”, “Голомт”, “Чин-1”, “Том дөл”, “Номин”, “Өлзий”, “Жижиг дөл”, “Оч-2” гэсэн найман зууханд 256 мянган төгрөгийн татаас олгож буй. Ингэснээр 272.000-484.188 төгрөгийн үнэтэй зуухуудыг иргэд 17.600- 228.188 төгрөгөөр авах боломж бүрджээ. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн зохицуулагч О.Хулан “Сайжруулсан зуух борлуулах 25 цэгийг гэр хороолол ихтэй Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт голдуу байгуулсан. Бүртгүүлсэн иргэд аль ч цэгээс өөрийн болон гэр бүлийн хүнийхээ иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааг авчраад зуухаа авч болно. Найман зуухнаас хоёр нь тасраад байгаа. Монгол инженерийн бүтээсэн “Голомт” зуухыг Хятадад үйлдвэрлэдэг. Шинэ компани учраас иргэд авахгүй бол алдагдалд орно гэж болгоомжлон цөөн хувь үйлдвэрлэсэн юм билээ. Одоо нэмж үйлдвэрлэж байгаа. Харин “Чин” зуухны үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас тасарсан. Эдгээр нь хамгийн хямд зуухнууд учраас эрэлт их байна” гэлээ.


Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД