Далай ”шүүрдэгч”

2014 оны 11 сарын 19

Бояан Слат ердөө 20 настай ч далай тэнгисийг хур хоггүй болгох их хүсэлд хөтлөгдсөн нэгэн. Нидерландын иргэн тэрбээр багаасаа байгаль орчны ном, сэтгүүл уншиж, байгаль хамгаалагч болохыг мөрөөджээ. Гэхдээ ердийн байцаагч болохыг бодсонгүй. Байгаль цэвэрлэх шинэ арга боловсруулж, ямар нэгэн томоохон өөрчлөлт хийхийг зорьсон байна. Бояан 16 настайдаа буюу 2011 оны зун Грекээр аялахдаа далайг цэвэрлэх хэрэгтэй болсныг мэджээ. Гэрээсээ анх удаа холдож, далайн эргээр аялахдаа тэрбээр цэнгэг ус, далайн сонин хачин амьтад гэхээсээ хур хог, гялгар уут л харсан байна. Тэгээд цочирдон, гайхаж, бас уур нь хүрчээ. Нутгийнхнаас болон байгаль хамгаалагчдаас тэрбээр нэг л үг сонсоно, “Далайд нэгэнт үүссэн хур хогийг яаж ч болохгүй” гэж. Харин энэ нь үнэхээр үнэн, эсэхийг мэдэх гэж эрэл хайгуул хийхдээ далай тэнгисийг цэвэрлэх нь бас ч боломжгүй зүйл биш гэдгийг мэдсэн байна.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хэдэн зуун сая тонн хуванцар эд, гялгар уут дэлхийн их усан ай савд шингэжээ. Дэлхий нийт жил бүр 288 сая тонн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийн 10 хувь нь далайд хуралддаг. Үүний 80-аад хувь нь хуурай газраас усанд шилжсэн буюу зориуд хаясан хог бол 20 хувь нь усан тээврийн хэрэгслүүдийн тарьдаг, “санамсаргүй” хаягдал гэнэ. Хог хаягдлын нэлээд хэсэг ус дамжуулах хоолой дамжин гол, мөрөнд хүрдэг. Тиймээс бидний тарьсан хогийн дийлэнх хувь эцэстээ далай тэнгист шингэдэг гэсэн үг. Далайд хуралдсан хогийн хамгийн том цэг бол АНУын Калифорни муж болон Хавайн арлуудын дунд орших Номхон далайн их хог юм. Энд хуралдсан хогийг нягтаршуулж, тараахгүй байхад холбогдох хүмүүс анхаардаг ч мэргэжилтнүүдийн “хуванцар шөл” гэж нэрийддэг гялгар уут тус цэгийн ойр орчимд маш том талбай эзлэн тархжээ. “Хуванцар шөл”-ийг оролцуулбал Номхон далайн их хогийн цэг Техас мужийн газар нутгаас хоёр дахин том болно.

“Далайд хуралдсан хогийг овоороостой байдаг, бараг л дээгүүр нь алхаж болдог гэж хүмүүс төсөөлдөг. Гэтэл хуванцар хаягдал, гялгар уут амьтай юм шиг л хөвөөд байдаг. Тэр бүхнийг нэг бүрчлэн түүж авна гэвэл хэдэн мянган жил болно” гэж Бояан ярив. Тэгээд ч хогийг тороор шүүрдэж гаргах нь усны амьтдад халтай. Бояан үүнийг тооцоолж, хэд хэдэн арга боловсруулсны дотор хамгийн үр дүнтэй нь хөвж яваа хогийг далайн түрлэг ашиглан эрэг дээр гаргах юм. Хаягдал хуванцар, гялгар уутыг дахин боловсруулж, нефть гаргаж авах боломж бийг ч Бояан судалжээ. Тэрбээр энэ нээлтээрээ Нидерландын Дельфтийн технологийн их сургуулийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна. Гэхдээ энэ нь түүнд хангалттай байсангүй. Онгоцны инженерээр суралцаж эхэлсэн ч тэнгис далайг цэвэрлэх бодлоо орхисонгүй. Чингээд Далай цэвэрлэх сан байгуулж, зургаан сарын дараа сургууль болон нийгмийн амьдралаас татгалзаад бодсон, сэдсэнээ ажил хэрэг болгохоор зүтгэжээ. Ийн зориглох үед түүнд ердөө 200 евро байж. Санхүүжүүлэгч хайн өдөрт 300 компанитай холбогдсон тохиолдол ч бий гэнэ. Гэтэл нэг нь ч түүний саналыг дэмжээгүй байна.

2013 оны гуравдугаар сарын 26-нд Бояан анхны тусламжаа авчээ. Цахим сүлжээнд нэгдэгсэд энэ өдөр түүнд хандив өргөж эхэлсэн бөгөөд далай “шүүрдэгч” маань өдөрт 1500-гаад цахим шуудан хүлээж авдаг болов. Ингээд 15 хоногийн дотор 80 мянган ам.доллар цуглуулжээ. Энэ мөнгөөрөө Бояан эхлээд далай дахь хог хаягдлын хэмжээг тооцоолохыг зорив. Түүний цуглуулсан мэдээллээс харахад дэлхийн бүх далай, томоохон тэнгис дэх хуванцар сав, гялгар уут нь дангаараа далайн бүх загасны био массын гуравны хоёртой тэнцэж байна. Энэ нь загасны тоо толгойн хоёр кг тутамд нэг кг гялгар уут, хуванцар эд ногдоно гэсэн үг. Харин ширхэгчлэн тооцвол далайн нэг ам.метр талбайд дунджаар 13 мянган хуванцар биет байна. Тэдгээрийн бараг тэн хагас нь далайн амьтдын гэдэс ходоодонд орж, жил бүр 5-6 сая амьтныг шууд болон шууд бусаар үхэлд хүргэдэг. Жишээлбэл хурдтай сэлж яваа юм уу, нисдэг хэмээгдэх далавчит загасны өндөг голчлон иддэг салхич шувуу загас гэж андууран хуванцар эд идэх нь олширчээ. Далайн мөгөөрс, залхагаар хооллодог тэнгисийн яст мэлхий гэхэд л гялгар уут залгиж үхсэн байхтай байгаль хамгаалагчид олонтаа таардаг байна. Тэр олон амьтныг аварна гэж зориход нь Бояаныг сайшаах, басхүү шүүмжлэх хүн олон байв. Жирийн нэг хүү далай цэвэрлэхэд, ер нь байгаль орчныг хамгаалахад юу ч хийж чадахгүй гэх хүн олон байлаа. Тэгэхэд Бояан өөрийнхөө санаачилгыг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг батлахаар зорьжээ. Тэрбээр голдуу сайн дурынхнаас бүрдэх 100-гаад хүн цуглуулж, далай судлаач мэргэжилтний хяналтан дор тэднийг Номхон далайн их хогийн цэгтэй төстэй хэд хэдэн газар луу илгээж, ажиллуулсан байна. Ингээд гурван сарын дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард, 20 нас хүрэхээсээ сарын өмнө 530 хуудастай, судалгааны тайлангаа мэргэжилтнүүдэд танилцуулав. Түүний судалгааг багш, эрдэмтэн, инженер нийлсэн 70-аад мэргэжилтэн сайшааж, далайн түрлэгт “хөөгдөн” явахдаа хуванцар эд, гялгар уут түүх төхөөрөмж бүтээх хоёр сая ам.доллар цуглуулахад нь тусалжээ.

Хог түүгч машиныхаа тусламжтайгаар Бояан хагас жилийн дотор 200 сая тонн хог хаягдал далайгаас гаргаад байна. Далай цэвэрлэх сандаа хандив цуглуулж, бүр том хэмжээний, дор хаяж таван “шүүрдэгч”-тэй болбол жилд дунджаар 7.2 тэрбум тонн хог далайгаас гаргах гэнэ. Тэгвэл 2020 он гэхэд далай дахь хогийн хамгийн том цэгийг ч үгүй хийх боломжтой болно. Хур хог эрэг хавиар бөөгнөрөх юм уу, далайн мандал дээр хөвөөд байдаггүй, далай тэнгисийн ёроолд хүртэл байдаг нь Бояанд тулгарсан хамгийн том бэрхшээл болж. Үүнийг шийдэхийн тулд түүнд усны мандал дээгүүр “гулсаж”, өнгөн хэсгийн хогийг түүдэг, одоо байгаа машинаас нь гадна гүнд шумбаж, олон арван тонн хог татаж гаргах чадалтай төхөөрөмж хэрэгтэй болох юм. Зорьсондоо хүрэхийн тулд Бояан өдөрт 15 цаг ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн оны шилдэг байгаль хамгаалагчаар тодорсон тэрбээр тийм төхөөрөмж бүтээх хүртлээ амрахгүй, Нидерландаас явахгүй байхаар шийджээ.

Г.ЛХАГВА

Бояаны бүтээсэн хог түүгч машин

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД