Д.Чулуунбат: АНТАРКТИД РУУ НЭГ БИШ НЭЛЭЭН ХЭДЭН ХҮНЭЭ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

2014 оны 11 сарын 19

Оцон шувуу, далайн хавнаас өөр хань бараагүй мөсөн тивд ОХУ-ын судлаачидтай хамтран жил гаруйн хугацаанд агаар мандлын дээд давхаргын судалгаа хийсэн монгол судлаач бол Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаны дарга, байгаль орчны гавьяат ажилтан Д.Чулуунбат билээ. Түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Та 1982 онд ЗХУ-ын Антарктид судлалын 28 дугаар экспедицийн бүрэлдүүнд багтаж, мөсөн тивд хөл тавьсан. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Гэвч танд мартахын аргагүй дурсамж үлдээсэн байлгүй.

-Антарктид тивд хөл тавьсан Монголын анхны хүн Ж.Цэрэндэлэг маань усан онгоцоор явсан. Харин би нисэх онгоцоор очсон. Энэ бол дэлхийн хамгийн алсын нислэг. Тэр үеийн Ленинград хотоос туйлын бүсэд нисэх зориулалттай тусгай үүргийн “ИЛ-18Д” маркийн онгоцоор Африк тивээр дамжин, хамгийн сүүлд Мозамбик улсын нийслэл Мапуту хотод хүрсэн. Тэнд Антарктидын агаар сайжрахыг хүлээж, долоо хоног суусан. Антарктидад өдөр бүр цасан шуурга шуурч байдаг болохоор онгоц буухад бэрхшээлтэй. “Молодёжная” станцад буухын тулд далай дээгүүр есөн цаг тасралтгүй нисэж байж хүрдэг. Цас, мөсийг нь бүтэн жил засаж, бэлтгэж байж жилд ганц удаа л онгоц буулгадаг юм. Бид 30 гаруй цаг ниссэний эцэст мөсөн тивдээ газардсан. Арваад км өндөрт нисэж буй онгоцноос Антарктидын мөсөн уулнууд яг ёотон шиг харагддаг юм билээ. Тэнгэр, газар ялгарахгүй, цас бужигнасан орчинд буухад өөр ертөнцөд ирчихсэн юм шиг сэтгэгдэл төрсөн. Тэнд өвөлжсөн хүмүүс зориулалтын хувцсаа өмсөөд биднийг угтахад оцон шувуунаас ялгарахгүй сонин харагдсан шүү.

-Зундаа хасах 30 хэм байдаг гэл үү?

-Антарктид чинь эх газар дээр олон мянган жилийн турш хуримтлагдан зузаарсан, овоорч хөлдсөн мөс, дэлхийн ёроол шүү дээ. Эрэг хавьдаа харьцангуй дулаахан. Гүн рүүгээ илүү хүйтэн. Голдоо 3000-4000 метр зузаан мөс тогтсон байдаг. “Восток” станцад 1983 оны долдугаар сард хасах 89.3 хэм хүрч хүйтэрсэн. Энэ нь манай гаригийн хүйтний рекорд юм. Тэнд зундаа гэхэд хасах 30-40 хэмээс буухгүй. Харин бидний байрласан “Молодёжная” станц эрэг хавьдаа ойрхон байсан болохоор зун хасах 10-20 хэмтэй байсан. Нар жаргахгүй үе эхлэхээр л зун болж байна гэж мэдэхээс үргэлж л өвлөөрөө байгаа юм шиг санагдана.

-Нар жаргахгүй үе нь хэзээ эхэлдэг юм бэ?

-Арванхоёрдугаар сарын 22 нь манай зургадугаар сарын 22 гэсэн үг. Тэнд одоо зуны улирал болж байгаа. Зуны туйл болох үеэр өргөргөөрөө нар жаргахгүй улирал эхэлдэг. Тэр үед бид унтаж амрахын тулд хар өнгийн даавуугаар цонхны хөшиг хийх шаардлага гардаг юм. Харин гурван сараас эхлээд нар доошилж өвлийн харанхуй улирал эхэлнэ. Нартай, наргүй гэсэн хоёр л улирал тэнд ээлжилнэ. Хагас жилд маш цөөхөн хоногт тэнгэрийн од харах завшаан гарна. Тэнд байнга цасан шуургатай. Цас ороод байгаа юм уу, цасан шуурга шуураад байгаа юм уу, сайн мэдэгдэхгүй. Харанхуйн улирал эхлэхээр бид хоолны болон бие засах газар луугаа явахдаа төөр өхгүйн тулд хооронд нь холбосон олсноос барьж явах үе ч бий.

-Өдөр, хоног, цаг хугацааг ялгаж мэдэхэд хэцүү юм шиг ээ?

-Туйлын оройд байгаа хүн цагны учрыг бараг олохгүй. Тиймээс Шинэ Зеландын өргөргийн цагаар цаг хугацааг хэмждэг юм билээ. Харин цаг уурын ажиглалтыг Гринвичийн цагаар хийнэ. -Таны байрласан “Молодёжная” станцад хэдэн хүн ажилладаг байв? -100 гаруй хүн байсан. Антарктидыг тойроод судалгааны олон бааз байрладаг. Гэхдээ хоорондоо 200-2000 км зайтай учраас нисдэг тэрэг юм уу, нисэх онгоцоор л очих боломжтой.

-Та тэнд жил гаруй хугацаанд агаар мандлын дээд давхаргын судалгаа хийсэн. Энэ судалгааны ач холбогдол нь юу юм бэ?

-Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад хамгийн чухал судалгаа. Газрын гадаргуугаас дээш 30 км өндөрт агаар мандалд болж буй цаг уурын үзэгдлийг хэмжиж, судалдаг юм. Агаар цаашдаа хэрхэн өөрчлөгдөхийг мэдсэнээр цаг агаарын урьдчилсан мэдээ зохионо шүү дээ. Антарктидад судалгаа явуулж буй цаг уурын станцууд радиозонд гэдэг багаж хөөргөж, агаар мандлын үйл явцын мэдээг Дэлхийн цаг уурын байгууллагын бүсийн төвүүдэд илгээдэг.

-Амьдрал буцалсан газраас алс зэлүүд мөсөн тивд очоод амьдрахаар сэтгэл санааны хувьд өөрчлөлт гарах уу?

-Тэгэлгүй яах вэ. Манай станцынхан хэдий олуулаа ч сэтгэл санааны өөрчлөлтөд орсон хүмүүс байж л байсан. Тэнд нэг хүн гурван хүний хийх ажлыг амжуулна. Эхний хэдэн сардаа хоорондоо танилцаж, саунд орж, кино үзэж, теннис, бильярд тоглоод хөгжилтэй сайхан л байв. Шинэ мэдээлэлгүй болохоор сүүлдээ ярих ч зүйл олдохоо больдог юм байна лээ. Арзайсан эрчүүд. Бараг нэгнийгээ харахаас дургүй хүрдэг болсон. Хэдийгээр сэтгэлзүйч, мэс засалч гээд эмч нарын баг тэнд ажиллаж байсан ч хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөд орох гээд байдаг. Тиймээс эмч нар хоёр долоо хоногт нэг удаа заавал үзэж зөвлөгөө өгч, лекц уншина.

-Тэнд байх хугацаандаа ар гэр лүүгээ холбоо барьсан уу?

-Өндөр үелзлийн холбоогоор дамжуулан Москва руу холбогдоод, Улаанбаатар руу залгаж, цаг товлож, гэр бүл, ажлынхантайгаа ярьдаг байсан. Манай судалгааны багийн удирдлагууд оросуудыг сард нэг, гадаадын мэргэжилтнийг хоёр удаа утсаар яриулдаг байлаа.

-Антарктидад оцон шувуунаас өөр хань болох амьтан ховор байх даа?

-Далайн хав хоёр метр зузаан мөсийг доороос нь үлээсээр байгаад цоолж, нүх гаргадаг. Тэр цоорхойгоороо гарч ирж, зулзагаа мөсөн дээр төрүүлж, хөхүүлнэ. Сарын дараа гэхэд зулзага нь усанд сэлж, өөрөө хоолоо олж идэж чаддаг болдог юм. Тэгэхээр нь буцаад далайдаа ордог. Жижгэвтэр биетэй оцон шувуу зун өндөглөнө. Харин хаан оцон шувуу нь өвөл мөсөн дээр өндөглөдөг. Хөлдсөн мөснөөс хоол олдохгүй. Тиймээс мөсний цоорхой хайж, хэдэн арван км явсны эцэст хоол олж иддэг.

-Антарктидыг хүн төрөлхтний сүүлчийн зоорь гэдэг. Гэвч сүүлийн үед дэлхийн дулаарал тэнд хүртэл мэдрэгдэх боллоо гэх юм?

-Хойд, Өмнөд туйлын мөс хайлаад далайн түвшин нэмэгдээд эхэлсэн. АНУ, ОХУ зэрэг улс орнууд хими, нефтийн хүнд үйлдвэр ажиллуулж, нүүрс түлж байна. Үүнээс болж зохиомол дулаарал үүсдэг. Тэдэн онд тэгж хайлбал, ийм хот усанд автах аюултай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байгаа. Гэхдээ Өмнөд туйлын мөс тийм аюултай хэмжээнд хайлаагүй. Дэлхийн агаар мандлын хөдөлгөөнтэй холбоотойгоор хоёр туйлд нүүрсхүчлийн хий бөөгнөрсн өөс хүлэмжийн хий ихэссэн. Уур амьсгалын өөрчлөлт бол цөмийн дайнаас ч илүү хор уршигтай. Тиймээс бид өөрсдөөсөө шалтгаалах сөрөг нөлөөгөө багасгаж байж эх дэлхийгээ аварна. Ялангуяа түүхий нүүрсний хэрэглээг багасгах нь чухал.

-Яг хэдэн хэмээр дулаарсан гэсэн нарийн тооцоо бий юү?

-Хоёр туйлын дулаарлыг 0.5-1.0 хэмээр нэмэгдсэн гэж зарим судлаач үздэг. Энэ нь сонсоход хэдий бага тоо юм шиг боловч цаад утгаараа том өөрчлөлт. Хойд туйлд дэлхийн дулаарал илүү тод мэдрэгдэж эхэлсэн. ОХУ-ын Арктикийн эрэг орчмын нутаг, Канадын хойд хэсгээр далайн усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа нь судалгаагаар гарсан. Сүүлийн үед Хойд туйлын мөс зундаа их хэмжээгээр хайлж байгаа нь хиймэл дагуулын зурагнаас тодорхой харагддаг. Ийм байдлаар үргэлжилбэл 25 жилийн дараа гэхэд хайлж дуусах төлөвтэй. Мөнх цастай Гренланд арлын мөс хүртэл гэсэж байна. Өмнөд туйлын мөс харьцангүй бага хайлж буй нь ойр хавьд нь үйлдвэржсэн орон байхгүйтэй холбоотой. Тус туйлд хамгийн ойрхон оршдог нь Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Америкийн Чили, Аргентин зэрэг улс. Тэдгээр улсын үйлдвэржилт нь Антарктидад нөлөөлөх хэмжээнд хор хөнөөл болж чадахгүй.

-Тэгвэл манай улсад дэлхийн дулаарал хэр мэдрэгдэж байна вэ?

-Манай улс өвөлдөө 2-2.5 хэмээр дулаарч байна. Гэхдээ дэлхийн дулаарлаас болж, усанд автана гэх аюулгүй. Төвдийн өндөрлөгийн хормойд байрладаг, говийн нутгууд гэхэд л далайн түвшнээс дээш 1000 гаруй метрт оршдог. Гэтэл эх газрын эргийн орнууд далайн түвшинтэй чацуу оршиж байна.

-Таныг тэнд байх хугацаанд мөсөн уул нурах ч юм уу, эрсдэл хэр тулгарч байв?

-Миний явсан экпедицэд л гэхэд дөрвөн хүн нас барсан. Газар хөдлөх зэрэг ямар нэгэн хөдөлгөөнөөс болж, мөс хагарч ангал үүсдэг. Өөрсдийн мэдэхгүй газраар таяг тулж явдаг юм. Гэтэл манай багийн нэг хүн таяггүй явж байгаад мөсний ангал руу унаж осолдсон. Нэг нь саунд удаан суусны улмаас зүрх нь дийлэлгүй нас барсан. Тэнд болсон аваар ослын талаарх мэдээллийг гадагш дамжуулдаггүй байв. “Молодёжная” станц дээр шинээр барьж байсан хоёр давхар соёл үйлчилгээний барилга шатаж, экспедицийн дарга нь амиа хорлосон. Үүнийг маш их нууцалсан боловч АНУ-ын хиймэл дагуул зургийг нь авч мэдээлсэн байв. Ар гэрээс нь хүн очих боломжгүй болохоор бид тэнд нь л оршуулсан даа, хөөрхий. Цэцэгнээс өөр зүйл ирэхгүй, хэцүү л юм билээ. Мөсөн тивд судалгаа шинжилгээ хийнэ гэдэг амаргүй. Тиймээс бид ямар нэгэн осол эндэгдэл гарсан ч гомдолгүй гэсэн гарын үсэг зураад явдаг.

-Олон улсын судалгаанд монгол хүн оролцсоноор Антарктидын баялгаас хүртэх, газартай болох боломжтой гэж байсан. Тус тивд ашигт малтмалын ямар ямар нөөц бий вэ?

-Антарктид бол дэлхийн үүц. Үүнийг задлах цаг ойрхон байна. Нүүрс, нефть, алт, мөнгө гэх мэт бүх л ашигт малтмал бий. Тэнд газар эзэмшинэ, өмчилнө гэж зөвшөөрөл авах шаардлагагүй. Судалгаа хийж байгаа багийнхан өөрсдөө дуртай газартаа станцаа барьдаг. Ашигт малтмалын гол нөөц нь хаана байгааг хэдийнэ тодорхойлчихсон байгаа. Олон улсын гэрээнд нэгдсэн орнууд нь тухайн баялгийг хувааж эзэмших эрхтэй болох юм. АНУ 1950-иад оноос тус тивд ихээхэн хэмжээний хөр өнгө хаяж байна. Хятад улс гэхэд биднийг өвөлжсөн жил таван зуун хүнтэй тэнд очсон бол одоо зургаан станц байгуулчихаад байна. Япон улс гурван станц барилаа. Тэд мөсийг хэрхэн өрөмдөж, ашигт малтмалыг гарган авах талаар судлаад эхэлсэн. Ирээдүйд Антарктидын баялгийг хамтран ашиглах боломжтой болно.

-Манай улс судалгааны станц байгуулж болдоггүй юм уу?

-Их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Манай ус судлаач Х.Пүрэвдагва 23 дугаар экспедицийн бүрэлдэх үүнд орж ажиллахаар энэ сарын 13-нд эх орноосоо мордсон. Одоо Болгар улсын Антарктид судлалын хүрээлэнд очоод байна. Энэ сарын 20-нд багийн гишүүдтэйгээ нийлээд Өмнөд Америкийг зорих юм. Энэ мэтчилэн хүмүүсээ оролцуулж байгаа нь сайн ч цаашдаа Монголоос 4-5 мэргэжилтнийг баг болгож явуулах хэрэгтэй байна. Ингэснээр мөсөн тивд хэсэг газар авч, монголчууд бие даан судалгаа явуулах боломжтой болно.

-Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Л.Дүгэржав гуай 2008 онд Антарктидын судалгааны ажилд оролцсон. Түүний нэрээр нэрлэсэн газар тус тивд байдаг гэж сонссон юм.

-Антарктидын Ливингстоны арал дээр “Дүгэржавын оргил” гэсэн нэртэй газар бий. Газрын зураг дээр тэмдэглэгдсэн. Монгол гэрээ сурталчилж, хоёр гэр тэнд барьсан.

-Мөсөн тивд судалгаа хийх зорилгоор бус, байнга амьдардаг хүн бий юү?

-Антрактидад хүн төрж, өссөн түүх байхгүй. Гэхдээ судлаачдаас гадна жуулчид очиж, оцон шувуудтай “уулзах” нь энгийн үзэгдэл болсон. Тэнд одоогийн байдлаар 1000 гаруй хүн өвөлжиж байна. Аргентин ,Чили зэрэг улсын станцад очих жуулчны тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа.

-Антарктид руу явах боломж дахиад гарвал та явах уу?

-Одоо залуустаа боломж олгоё л доо.

Ч.БОЛОРТУЯА

“Молодёжная” станцад байрласан 28 дугаар экспедицийнхэн. Зүүн гар талаас хоёр дахь нь монгол судлаач Д.Чулуунбат. 1982 он.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД