МОНГОЛЧУУД “ALIBABA”-ГААР ГАЗРАА ХУДАЛДАЖ БАЙНА

2014 оны 11 сарын 19

  Урд хөршийн онлайн худалдааны хамгийн том сайт болох “Alibaba” цахим хуудсаар дамжуулан Монголын хэд хэдэн газар болон манай улсад хэрэгжүүлж байгаа төслийг худалдахаар нэлээд өндөр үнэ бүхий зар байршуулжээ. Тус бүрийг нь сонирхоод үзтэл манай иргэд гадаадын томоохон цахим хуудсуудыг ашиглан, зараа байршуулдаг болсон аж. Тухайлбал, дэд бүтцийг нь бүрэн шийдсэн 28 айлын тансаг зэрэглэлийн хувийн орон сууцны хороолол зарна гэжээ. 28 айлын барилгын гүйцэтгэл 50 хувьтай, нийт 250 мянган ам метр талбай бүхий уг газар нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд бүх төрлийн зориулалтаар ашиглаж болно хэмээн онцолсон байв.

Мөн Цэргийн их сургуулийн ойролцоо, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дахин төлөвлөхөөр тусгасан, бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох 1400 ам метр талбай зарна гэсэн зар байлаа. 380 вольтийн шугамд холбогдсон, дулаан болон усны төвлөрсөн шугамаас 60 метрийн зайтай газрыг 450 мянган ам.доллараар зарах гэнэ. Уг зарын дор тавьсан 9908.... дугаарын утас луу залган холбогдоход хаанаас зар харсныг гайхан асуув. Тэгэхээр дотооддоо худалдахаар зар өгөөг үй бололтой. “Өмчлөх эрхийн гэрчилгээтэй хоёр айлын газар. Зарын сайт дээр тавьсан үнээсээ яриад өгнө” хэмээн хэлсэн юм. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын хүндрэлээс болоод зогссон барилгын төслийг худалдана гэжээ.

Нийт 140 мянган ам метр талбай эзлэх уг газарт хагас угсармал, тансаг зэрэглэлийн 32 орон сууц барьж эхэлсэн ч 60 хувьд нь хүргээд орхисон аж. Уг төсөлтэй хамт барилгын зарим тоног төхөөрөмж, материал худалдах бөгөөд худалдан авсан хүн уг төслийг өөрчилж болохыг дурдсан байна. Тухайлбал, эмнэлэг, орон сууц, зочид буудал, худалдааны төвийн зориулалтаар ашиглах боломжтой уг барилгын төслөө 20 тэрбум төгрөгөөр үнэлэв. Ийнхүү гадаадын худалдааны сайтуудаар дамжуулан газраа худалдах зар тавьж байгааг зарим иргэн “Мөнгөний төлөө гадаадын иргэдэд газраа зараад дуусах нь” гэсэн хардлага төрүүлээд байна. Монгол Улсын Газрын тухай хуулиар бол гадаадын иргэнд газар өмчлүүлэхийг хориглодог. Тэгвэл дээрх тохиолдолд хуулийн ямар зохицуулалт үйлчилдгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батчимэгээс тодруулахад “Иргэн өөрийн өмчилд өг газраа худалдахын тулд өмчлөх эрхээсээ татгалзах ёстой. Үл хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн газарт хандаад уг эрхээ цуцлуулвал манайх тухайн гадаадын иргэн, аж ахуйн нэгжид тус газрыг ашиглуулна.

Гадаадын иргэн бол Монголын газрыг зөвхөн ашиглах эрхтэй. Гэхдээ манай улсад 183 хоногоос дээш хугацаагаар амьдран суух эрхтэй гадаадын иргэн болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид таван жилээр ашиглах эрх олгох хуультай. Уг эрхийг нэг удаа таван жилээс дээшгүй хугацаагаар сунгаж болдог” гэсэн юм.

Р.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД