ТЕНДЕР БУДИЛУУЛАХ АРГА НАРИЙСЧЭЭ

2014 оны 11 сарын 19

Төсвийн богцыг дундалж, төрөөс тэрбумтан төрөх хөрс болтол хөгжсөн бизнесийн нэгд тендер тооцогдох болсоор удаж буй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авах бараа, үйлчилгээг хийж гүйцэтгэх этгээдийг сонгон шалгаруулж байгаа гэх гоё тодотголтой тендер шалгаруулах ажиллагааны арга жилээс жилд улам нарийсаж, хувийн компани, төрийн байгууллага дамжсан бүхэл бүтэн сүлжээ үүсэх хэмжээнд хүрчээ. Юутай ч өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболдод авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл нэгэн бичиг явуулсан байдаг юм. Уг бичигт энэ салбарт тендерийн тохиролцоо хар захын наймаа шиг ил цагаан өрнөдөг болсныг дурдсан байдаг. Хорих ял эдэлж байсан хүн хүртэл “Тендергүй, шууд гэрээгээр гүйцэтгэх, авто замын ажил олж өгнө. Тухайн авто замыг барихад зарцуулах хөрөнгийн арван хувийг дансанд шилжүүлээд, ажлаа ав” гэх болсон гэдэг.

Ийнхүү тендер шалгаруулалтын явц будилаантахтай зэрэгцэн ажлын туршлагагүй, олон жижиг гүйцэтгэгч болон зөвлөх компани төрж эхэлсэн аж. Төр хөрөнгөө чанаргүй замд үрж дууслаа гэх гомдол мэдүүлсэн нь авто замынхан боловч энэ хэв маяг өдгөө салбар, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын толгойн “өвчин” болж яваа нь яах аргагүй үнэн. Тендерт зуучилж өгнө, тендерийн ажил олж өгнө гэсэн зар интернэт, хэвлэлийн хууудаснаа цөөнгүй гардаг байсан нь саяхан. Цагдаагийн байгууллагынхан ийм зарын дагуу иргэд, компаниудыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө залилсан хэргийг шалгаж эхлээд байна. Энэ сургаар зуучлагчид аргаа өөрчилж эхэлсэн бололтой. Зар мэдээллийн сайт болон бусад мэдээлэл түгэх хэрэгслээр “Төсөл бичнэ”, “Техник, эдийн засгийн үндэслэл гаргаж өгнө”, “Судалгааны ажил болон тендерийн баримт бичгийг өндөр түвшинд бэлтгэж өгнө” гэх зар түгэж байгаа.

Зар түгээгчид ямархуу үйлчилгээ үзүүлдэг болохыг лавлаж, иргэд тэдэнд яагаад хууртаад буйг тодруулахаар өчигдөр 911101.. дугаарын утсанд холбогдов.

-Сайн байна уу, зарын дагуу ярьж байна. Тендерийн бичиг баримт бүрдүүлэх туслалцаа авах гэсэн юм?

-За, та ямар тендер сонирхож байгаа юм.

-Төрийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авах ажлын тендер.

-Болно, та орой ажил тарах үед надтай уулз.

-Би ямар материал бүрдүүлэх ёстой бол?

-Та сонгон шалгаруулалтын болзол, зар мэдээгээ авсан юм уу.

-Авсан.

-Тэгвэл түүнийг чинь харж байгаад хэлж өгье. Тендерт оролцох компаниуд төрийн зарим байгууллагаас лавлагаа авдаг. Үүнийг та өөрөө авна. Бусад материалыг би бэлдэж өгнө. Тэгээд танайхыг тендерт ялахад туслах хүн байгаа юм уу.

-Байхгүй, тэр л хэцүү байна.

-Танд хэн тендерийн сонгон шалгаруулах зар өгсөн юм.

-Хүнээс гуйж авсан юм аа. Тендерт ялахад минь туслаад өгөхгүй биз.

-Хаанаас зарласан тендер юм бэ.

-Яамнаас...

-Ер нь бол бий, тэрийг ярьж байгаад болно, бололгүй яахав.

-Тендерийн материал бүрдүүлсний хөлс хэд болох вэ?

-200-250 мянган төгрөг

-За, ажил тарах үед дахин залгая.

Бидний дунд ийм яриа өрнөлөө. Аж ахуйн нэгжүүдийн тендер, сонгон шалгаруулах ажиллагааны арга улам бүр нарийссан гэж мэдүүлдэг нь үнэн аж. Энэ ажиллагааны эхлэл яам, тамгын газарт тавигддаг юм байна. Юуны өмнө тус газраас шинээр худалдан авах барааны жагсаалт, үнийг гардаг. Энэ жагсаалтад тус байгууллагад зайлшгүй шаардагдаж буй тоног төхөөрөмжөөс эхлээд огтын хэрэггүй эд материал ч багтдаг. Дарга, даамлын бизнес санаа шингэсэн, нөлөө бүхий этгээдүүдийн шахахаар тохиролцсон бараа, материалын үнийг шингээсэн уртын урт жагсаалт УИХ-аар улсын төсөв хэлэлцэх үед орж ирдэг. Жагсаалт батлагдмагц яам, тамгын газрынхан дараагийн ажлаа эхлүүлдэг байна. Энэ бол тендер зарлах явц. Тендерт цөөн компани оролцоно. Зараа ердөө хоёроос гурван хэвлэлд гаргавал их юм. Хэдийгээр зар түгж байгаа ч энэ ажлыг гүйцэтгэгч хэдийнэ тодорч, өрсөлдөгчдөөсөө түрүүлээд бүх мэдээллээ аваад, тендерийн мөнгөнөөс хэн хэдэн хувийг авах зэрэг нарийн тохироогоо хийчихсэн байдаг гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ялагч нь тодорхой энэхүү тендер гэгч боловсон луйвар төр, хувийн хэвшлийнхнийг олон жил сульдааж байгаа юм.

Тендерийн луйврыг зогсоохоор Н.Алтанхуягийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны газрыг 2013 онд байгуулсан. Бие даасан чиг үүрэгтэй энэ агентлаг анх байгуулагдаад хэн дуртай нь тендер авдаг байдлыг таслан зогсоож, сонгон шалгаруулалтыг олон үе шаттай, хяналт сайтай болгоно гэж амлаж байв. Түүнчлэн олны анхаарлыг татдаг Тендерийн үнэлгээний хороонд иргэд болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж, Үнэлгээний хорооноос гарсан шалгаруулалтыг тус агентлагийн Хяналт шалгалтын байнгын комисс хянана гэж сүржин зарлаж байв. Гэвч нэг газарт төвлөрч, олон гарт хянуулдаг болсон тендерийн ажиллагаанд дэвшил гарсангүй. Сахил хүртэх гээд шал дордов гэдэг шиг юм болжээ. Тус агентлаг энэ мэт механик ажлыг гүйцэтгэж, гэрээнд гарын үсэг зурах эрхтэй болохоос тендер гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгуулах эрхгүй. Энэ эрх тендер зарлаж буй яам, агентлагийнханд л бий. Юутай ч төрийн албан хаагчдын хүнд суртал, залхмаар шат дамжлагаас олон жил зүрхшээсэн хувийн хэвшлийнхэн Худалдан авах ажиллагааны газраас арай өөр зүйл хүлээсэн байж мэднэ. Тухайлбал, шинэ агентлаг нь энэ онд аль аль яам, тамгын газар ямар төрлийн бараа, техник, тоног төхөөрөмжийг ямар үнээр худалдан авах гэж байгаагаа ил тод зарлана.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаж авах бараа, үйлчилгээ ил болсноор зөвхөн танилын хүрээнд, хязгаарлагдмал орчинд өрнөдөг тендерт оролцогчид нэмэгдэж, өрсөлдөөн бий болно. Тендерт оролцогчдын нэгдсэн мэдээллийн сан үүснэ. Компаниуд тендерт оролцох бүртээ шүүх, татвар, даатгалын байгууллагын хаалга татахаа зогсооно. Ингэж тендер шалгаруулах ажиллагаа илт сайжирна хэмээн найдаж байж. Худалдан авах ажиллагааны газар тендерийг цахим хэлбэрт шилжүүлнэ гэж хэсэг ярьсан. Гэвч энэ дуулиан бодит байдал дээр маруухан хэрэгжжээ. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд цахим тендерийг системийн гажигтай, боловсруулалт дутуу хэмээн голж байгаа. Түүнчлэн тус газар тендерт оролцогч компаниудад захиалагч байгууллагаас тавьж буй тендерийн анхны шаардлага, шалгууртай танилцах, бодит хэрэгцээг судлах боломж олгодоггүй. Мөн тендерт оролцогчдод нэгдсэн мэдээлэл өгөх аргачлал, журам байхгүй тул олон компани сонгон шалгаруулалтад орох эрхээ хасуулдаг аж. Сонгон шалгаруулалт дагасан будлианыг цэгцлэх үүрэг хүлээсэн энэ газар үүд хаалгаа нээгээд хоёр оныг үдэх гэж байгаа. Гэсэн ч тендерийн луйвар цэгцрэх нь бүү хэл арга хэлбэр нь улам нарийсчээ.

Тендер сонгон шалгаруулалтынхаа дагуу явагдах биш, хэн нэгний ханцуй дотор наймаалагдаж, хэн дуртай хүний ам дамжин яригдах болжээ. Ийнхүү цэцэглэн хөгжиж буй тендерийн ард төрийн албан хаагчид нуугдан сууж, тендерийн материал бүрдүүлэн, тендерт далдуур нөлөөлж эхэлснийг юу гэж ойлгох вэ.

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.205 10 хувь бичигдээгүй хууль
203.194.114.223 Tender gej ene hogiin ajil odoo bur shiidsen luivarchdiin biznec bolson. Hen iim zavaan yum zohioson yum boloo. Jaahan deer tsagt 30%-iin urdchilgaa ogood ajlaa ehluuldeg bailaa. Odoo tegtel 30% iin ajliig ooriinhoo zardalaar hiigeed guitsetgeleer mongo oo olj avdag gajig jishig togtson yum bilee. Uunees bolood myanga myangan Companiud dampuurlaa. Yagaad geheer zagialagcvh nh mongo oo ogohgui zavaardagt baigaa shuu.