Уул уурхайн салбараас 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ

2014 оны 11 сарын 18

Монгол Улсын 2015 оны төсвийн талаар Сангийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн дэд сайд С.Пүрэв “Орлогыг аль болох бодитой төлөвлөн, шинээр ямар нэгэн татвар нэмэхгүйгээр тогтвортой орчин бүрдүүлэн аж ахуйн нэгж, иргэдэд нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, зарлагыг тэвчиж болох хэмжээнд нь хүртэл хэмнэсэн зэрэг хэд хэдэн онцлогтой төсөв болсон” хэмээн онцлов. Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.15, зарлага 7.59 их наяд төгрөг байх бөгөөд алдагдал нь 439.2 тэрбум төгрөг буюу ДНБий 1.8 хувьтай тэнцэж буй юм. С.Пүрэв “Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхг үй байх, гадаад, дотоод томилолт болон шатахууны зардлыг багасгахаар төсөвт тусгасан” гэв. Тухайлбал, УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамнаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд гадаад томилолтын зардлыг 2014 оныхоос 50 хувиар багасгах, шинэ хөрөнгө оруулалтын ашиглалттай холбоотойгоос бусад тохиолдолд төсвийн хөрөнгөөр тавилга худалдан авахгүй байх, дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог цөөрүүлэхээр заасан байна.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Уул уурхайн салбараас нийт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон” гэж ярив. Тодруулбал, томоохон компаниуд болох “Оюутолгой” 324.3, “Эрдэнэт” үйлдвэр 447.5, “Эрдэнэс Тавантолгой” компани 60.8 тэрбум төгрөгийн татвар төлнө хэмээн тооцоолсон байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд 34 цэцэрлэг, 12 спорт цогцолбор, 37 соёлын төв, 18 дотуур байр, 53 сургууль болон цахилгаан дамжуулах агаарын шугам зэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Сангийн яамныхны мэдээлснээр “Улсын чанартай томоохон төсөлд татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг баялаг үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэх” гэнэ.

Ирэх онд манай улс 20 сая тонн нүүрс экспортолно, инфляц долоон хувьд хүрнэ гэж төсөвт тусгасан нь боломжтой гэж тэд үзэж буй аж. Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ гэж найдаж байгаа гэнэ. Уг хуулийг баталбал төсвийн гадуурх зарцуулалтыг төсөвт тусгах эрх зүйн орчин бүрдэх учиртай.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД