“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ

2014 оны 11 сарын 18

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас байгаль орчинд хор хохирол учруулж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэвч тус компанийн удирдлага зарим мэдээллийн хэрэгслээр төлбөрт мэдээлэл цацаж, “Бид байгаль орчинд хор хохирол учруулсан үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн “арьсаа” хамгаалж эхэлсэн. Гэсэн хэдий ч “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгч болсон уу, юутай ч Улаанбаатар дахь төв оффисынхоо хамгаалалтыг чангатгасан гэнэ. Түүгээр ч зогсохгүй орон нутаг дахь харуул хамгаалалтын албаныхандаа сэтг үүлч, хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэхгүй байх үүрэг чиглэл өгсөн гэсэн мэдээлэл байна. Завхан аймаг дахь уул уурхайн чиглэлийн ганц хөрөнгө оруулагч болох тус компанитай холбоотой мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас тодрууллаа.

УУРХАЙН ХОЁР АЖИЛЧИН ТҮЛЭГДСЭН НЬ ТЕХНИКТЭЙ ХОЛБООТОЙ

Завхан нь уул, тал хээр, говь хосолсон экосистемтэй, уул уурхайнханд талхлагдаагүй үлдсэн аймаг гэж хэлэхэд болохоор байв. Гэвч Хонконгийн “Керри” группийн 80 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Баян-Айраг эксплорэйшн” компани 2002 оноос хайгуулын, 2008 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт, мөнгөний 50 тоннын нөөцтэй ордыг 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болжээ. Улмаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт боловсруулах үйлдвэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хүн амьдарч байгаа газар учраас халуун ус, цахилгаан гээд хүний хэрэгцээт бүхэн шаардлагатай. Тийм ч учраас уурын зуух ажиллуулан халаалт, дулаанаа шийдвэрлэсэн аж. Гэвч энэ сарын 1-нд уурын зуухны ажилчин хоёр хүн түлэгдэж, гэмтсэн байна. Хүний амь нас үрэгдээг үй болохоор тэгсхийгээд дараад өнгөрөхөөр шийдсэн ч Дөрв өлжин сумын хэсгийн төлөөлөгч хуулийн дагуу шалгаж, Завхан аймгаас мэргэжлийн шинжээч аваачин, хүн түлэгдэж гэмтэх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах ажил хийсэн гэнэ.

Уурхайн ажилчин “Уурын зуухны хоёр ажилчин түлэгдэж, гэмтсэн хэрэг гарсан нь үнэн. Сумын хэсгийн төлөөлөгч шалгаж байгаа гэсэн. Ар гэрийнхнийг нь авчраад энд байлгаж байгаа. Хоёр ажилчны бие харьцангуй дээрдсэн гэсэн. Өнгөрсөн баасан гаригт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэхээр болсон” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр тус уурын зуухны цахилгаан тасарч, буцаж асахад нь гэмтэл гарснаас галтай цог үсэрч нэг ажилчны нүүрийг, нөгөөгийнх нь дагз хэсгийг түлсэн байжээ. Энэ талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Батчулуунаас тодруулахад “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурын зууханд гэмтэл гарч, хоёр хүн түлэгдсэн асуудлыг хуулийн дагуу шалгаж байна. Хохирогчдын бие сайжирсан, аймгийн эмнэлэгт очиж зохих эмчилгээ хийлгэсэн, мөн аймгаас мэргэжлийн шинжээчид энд ирж, дүгнэлт гаргаад явлаа. Дүгнэлтээ ч гаргасан. Цахилгааны саатал, техникийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн осол гарч, хоёр хүн гэмтсэн гэж үзсэн” гэв.

ЦИАНИТ НАТРИТАЙ УС ХӨРСӨНД ШИНГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

“Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн орчимд олон тооны шувуу үхэж, байгаль орчинд хор хохирол учирч байж болзошгүй гэж нутгийн иргэдийн гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ мэдээллийг сумын хэсгийн төл өөлөгчөөс лавлахад “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа учраас би тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн юм. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, манай прокурорын газраас эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна” гэж Завхан аймгийн Прокурорын газрын албаны эх сурвалж хэлэв. Мөн “Цагдаа, химийн шинжээч, хөрс судлаач, нөлөөлөх байдлын үнэлгээний шинжээч, мэргэжилтэн, экологич гээд олон хүний бүрэлдэх үүнтэй баг энэ орны аравдугаар сарын 21-25-ны хооронд “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд ажиллаж, шинжилгээ хийсэн.

Тус уурхайн лабораторид хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар цианит натритай ус хөрсөнд шингэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн байцаах байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж, шинжээчдийн нарийвчилсан дүгнэлт гаргана. Магадгүй цаашлаад хөрсөнд химийн хорт бодис алдагдсан нь тогтоогдож, үүнээс болж шувууд олноороо үхсэн нь батлагдвал одоо үүсгээд буй зүйл заалт дээр нэмээд Эрүүгийн хуулийн 304 дүгээр зүйлд заасан “Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр шалгаж болзошгүй” гэсэн юм. Тус уурхайд ажилласан шинжээч болон орон нутгийн эх сурвалж “Уурхайн орчимд шувуу үхсэн тохиолдол анх наймдугаар сарын 19-нд бүртгэсэн байна лээ. Тухайн өдөр 500 болжмор, наймдугаар сарын 22-нд 60 болжмор гээд нийт 1000 шувуу үхсэнийг уурхайнхан өөрсдөө тэмдэглэсэн байна лээ. Үхсэн шувууг шатааж, устгасан” гэх мэдээллийг бидэнд өгөв.

Баян-Айрагт аравдугаар сарын 21- 25-нд ажилласан өөр нэг эх сурвалж “Монгол Улсын байгаль орчинд хор хохирол учруулаад буйг тус уурхайд байдаг лабораторийнх нь шинжилгээгээр урьдчилсан байдлаар тогтоосон. Гэтэл компанийн удирдлагууд үүнийгээ засаж залруулах арга хэмжээ авахын оронд “Байгаль орчинд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулаагүй хэмээн ичих ч үгүй ярьж байгаад харамсаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөг үйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэсэн заалт бий. Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, Ажлын хэсэг гарган газар дээр нь очиж шалгах хэрэгтэй шүү дээ. Мөнгөтэй компанийн өмнө Монголын төр бөхөлзөж болохгүй л байлтай” гэсэн юм.

“Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайнхан шороон овоолгуудаа “Cell” гэж нэрлээд 1-6 хүртэл дугаарладаг аж. Тэдгээрийн орчмоос Ажлын хэсгийнхэн дээж авч шинжилсэн юм байна. Мөн тухайн овоолго доорх хальсан хамгаалалт бүтэн эсэхийг тогтоохын тулд тусгай хоолойг нь шалгаж үзсэн байна. Гэтэл тусгай хоолойны зориулалтыг өөрчлөн өөр хоолойд залгасан байжээ. Ажлын хэсгийнхэн энэ зөрчлийг тогтоогоод тус компанийн ажилчдаар зориулалтыг нь өөрчилсөн дөрвөн хоолойг салгуулж шалгаж үзсэн гэнэ. Гэтэл тэндээс нь шингэн алдагдаж байж. Тиймээс Ажлын хэсгийнхэн уурхайн боловсруулах үйлдвэрт байх лабораторид яаралтай шинжилгээ хийж үзээд уг алдагдаж буй шингэн нь цианит натритай ус болохыг тогтоосон байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болоод байгаа ч дотроо үймсэн, шинэ сайд, дарга хүлээсэн БОНХЯ, МХЕГ-ынхан хуулийн заалт хэрэгжүүлж ажиллахгүй, дэмий л хүлээж суугаа нь харамсалтай.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
206.75.247.226 Цаг хугацаа, хүлээлтээс үүдсэн хохирлыг үнэлдэггүй залхуучууд нь дараа ашиглья гэж хойш тавина. Төмөр замаа тавиад сүүлийн 6 жил бид 150 сая тонн нүүрс экспортлон, 9 тэрбум доллар олж чадах байсан, Оюу толгойн Далд уурхайг ядахдаа 2 жилийн өмнө эхлүүлээд 2 тэрбум долларын экспорт хийж чадах байсан, одоо яав? Бүгд зогссон, доллар 1850 хүрсэн, Монгол банк валютын нөөцийнхөө 60%-ийг шавхсан, Монгол улс гаднаас 1,5 тэрбум зээл авсан, Монгол улсын зээлжих зэрэглэл буурсан.
206.75.247.226 Ингэж дайрсаар байгаад Оюу Толгойг 10жил, Энержи Ресурсийн төмөр замыг 6 жил, Овоот Толгойн ордын үйл ажиллагааг 7 жил тасалдуулан, төсөвт орох мөнгийг үгүй болгон, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаад, өөрсдөө нам суудаг улс даа бид... Уул уурхай, байгаль орчны мэдлэггүй сэтгүүлч нар баримтыг биш, худал цуурхлыг дэмжин, улсынхаа эдийн засгийг устгахад жинтэй хувь нэмэр оруулна.
150.129.143.43 монголньюс худлаа мэдээлэл тараадаг улсууд даа
202.131.235.2 Bi ochood yzeed irsen buh yum heviin nom jurmiin daguu yavj bsan shyy dee shataaj hiihee boliochee
202.131.235.2 Hudlaa yariad bgaachee, ene setguulhc bish yumaa gehed nutgiin ard irged medne, hichneen olon boljmor uhseniig, suuldee Bayan-Airag boljmor urgeegch ajild avahaar bolson.
  • 2014 оны 11 сарын 19
103.229.121.27 Hai,ubul bolvaa.Huuli sahina aa