БОСГО ДАВДАГГҮЙ ХОГШИЛ, ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТЕНДЕР

2014 оны 11 сарын 18

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улс, аймгийн музей, соёлын байгууллагуудыг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг энэ онд ССАЖЯ зохион байгуулжээ. Соёлын байгууллагууд болон музейд хөрөнгө оруулалт хийх нь ховор учраас энэ шийдвэрт талархсан хүн олон. Сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, зохион байгуулалтыг сайжруулж, үзмэрийн аюулг үй байдлыг хангахад зориулан ийн хөрөнгө оруулсан боловч зарим музейд тоног төхөөрөмж нь илүүдэж, хоёр ч музей хаалгаа эвдэн байж төмөр тавиураа оруулсан сурагтай. Нийт 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн энэ ажил араасаа ийн хэл ам дагуулав. Энэ тухай орон нутгийн зарим музейн удирдлага болон ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтнүүдээс тодрууллаа.

МУЗЕЙД ИЛҮҮДСЭН ТАВИЛГА

Дархан-Уул аймгийн музейд нэн тулгамдсан асуудал нь зориулалтын байр юм. Музейн хамт олон барилгынхаа асуудлыг шийд үүлэхийн тулд шат шатны байгууллагад хүсэлт гаргадаг ч бүтсэн зүйл үгүй. Гэтэл сарын өмнө ССАЖЯ-наас тус музейд хуваарилсан гурван сейф, дөрвөн шүүгээг хүлээн аваад тэд хаана байрлуулах учраа олсонгүй. Шинэ байртай болоог үйн зэрэгцээ өнгөрсөн жил сан хөмрөгийн өрөөндөө зориулалтын сейфтэй болчихсон учраас энэ жил ирүүлсэн сейфийг арга буюу үзэгч оруулдаг үүдний танхимдаа байрлуулжээ. Энэ тухай тодруулга “Өнөөдөр” сонины 2014 оны аравдугаар сарын 29-ний дугаарт “Музей хогийн сав биш” нийтлэгдсэнээр илүүдсэн тавилга эзнээ олж Сэлэнгэ аймгийн музей рүү шилж үүлжээ. Музейд тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэхдээ нарийвчилсан судалгаа хийлгүй, бүгдэд нь жигд тараадаг хачирхалтай тогтолцоо үйлчилснийг эндээс харж болно.

1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАВ 

Гурван өөр тендер зарлаж, энэ мөнгийг хуваарилан тоног төхөөрөмж, тавилга худалдан авсан байна. Улмаар таван музейд 40 ширхэг халаагуур, 13 музей, соёлын байгууллагад 16 ширхэг цахилгааны нэмэлт эх үүсвэр, 37 байгууллагад 102 сейф, 280 тавиур, 120 бичиг хэргийн шүүгээ өгчээ. Мөн 42 музей, соёлын байгууллагад 80 ширхэг зөөврийн компьютер, 100 ширхэг суурин компьютер болон гурван үйлдэлтэй хэвлэгч, таван ширхэг дуу өсгөгч олгосон байна. Соёлын өвийн төвд явуулын лаборатори, студийн зориулалтаар хоёр ширхэг “Паз” автобус, Байгалийн түүхийн музейн хээрийн хайгуул судалгаанд ашиглуулахаар нэг автобус худалдан авчээ. ССАЖЯ-ныхан эдгээр техник хэрэгслийг музей болон соёлын байгууллагад нийлүүлснээр оффисын зориулалттай техникийн 25 хувийг шинэчилж, музейн үзмэрийн аюулгүй байдлыг сайжруулж чадсан хэмээн үзэж буй. Компьютер, принтер нийлүүлэх тендерт “Өнгөт хэвлэл” ХХК, тавилга, сейф нийлүүлэх тендерт “СНТ групп” ХХК шалгарч, гүйцэтгэсэн аж. Сонирхолтой нь “СНТ групп” ХХК-ийн захирал нь “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх гэнэ. Уг компани өмнө нь Спортын төв ордны дээврийн засвар болон дотоод заслын тендерт тус тус шалгарч байжээ.

АСУУДАЛ ЮУНД БАЙВ

Архангай аймгийн музейн захирал Б.Цэрэннадмидтай холбогдож, ССАЖЯ-наас хүлээн авсан тавилга, тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж байгаа тухай тодрууллаа. Тус музейд тавиур, шүүгээ болон бусад тоног төхөөрөмж шаардлагатай байсан учраас сейф, шүүгээ, хоёр тавиураа хүлээж аваад байгаа гэнэ. Харин музейн зориулалтын тавиураа сан хөмрөгийн өрөөндөө оруулж чадалгүй хадгалж байгаа юм байна. Баянхонгор аймгийнхан ч бас ийм асуудалтай байлаа. Харин тэд боломжоороо зохицуулалт хийж, хоёр талаасаа үзмэр өрдөг тавиураа тайрч, хуваагаад байрандаа оруулсныхаа дараа буцааж эвлүүлжээ. Өмнөговь, Говь-Алтай аймгийн музейн ажилтнууд болон дээрх гурван музейн захирлын хэлснээр ССАЖЯ-ныхан эдгээр зүйлсийг нийлүүлэхээсээ өмнө музейд ямар тоног төхөөрөмж, тавилга хэрэгтэй байгаа тухай асууж тодруулаагүй аж. Түүнчлэн зарим музейд ирүүлсэн тоног төхөөрөмжийнхөө үнийг зарлагын баримтан дээрээ бичээгүйгээс болж нягтлан бодогч нар эрэл хайгуул хийж, хэд хэдэн төрлийн үнэтэй нүүр тулсан байна. “Тоног төхөөрөмжийн үнэ нь ижил боловч, аймаг болгон руу тээвэрлэсэн зардал харилцан адилгүй учраас нь үнэ нь зөрүүтэй байх магадлалтай” хэмээн ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн ярьсан. Гэвч музейн нягтлан бодогчид тоног төхөөр өмж өө орон нутагтаа авчрахын тулд мөнгө хайж сандарсан тухайгаа бидэнд хэлсэн. Тэгэхээр тоног төхөөрөмжийн үнэд, тээвэрлэлтийн зардлаа шингээсэн байж таарахгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж авч нийл үүлэхдээ хөдөө орон нутаг руу тээвэрлэх зардлыг ч хамтад нь тусгаж байхыг музейн нягтлан бодогчид хүссэн.

Нийслэл дэх музейнүүдээс Соёлын төв өргөөнд байрладаг Театрын музейнхэн ССАЖЯ-наас хүлээн авсан найман тавиур, 200 кг жинтэй хоёр сейфээ кранаар өргөж тагтаараа оруулсан гэсэн. Зориулалтын байргүйн зэрэгцээ үзмэрээ хадгалах олигтой тавиургүй байсан учраас тэд шинэ тавилгадаа сэтгэл хангалуун байлаа. Харин тагтнаасаа цааш хэрхэн сан хөмрөгийн өрөөндөө хүргэх нь мөн л асуудал болсон байгаа. Хаалгаа эвдлэх үү, тавилгаа хуваах уу гэдэг сонголттой нүүр тулаад байгаа аж. Орон нутгийн хоёр музейн ажилтан хаалгаа эвдэлж, том тавиураа хажуугаас нь шалчийлгаж байж оруулсан тухайгаа хэлж байсан. Гэхдээ энэ удаа тэдний нэрийг нь бичихээ азная. Магадгүй энэ бүхнийг ярьсныхаа төлөө дараа нь шинэ тавилга, тоног төхөөрөмж авах “эрхээ” хасуулах вий гэж тэд айж байгаа.

Ч.НАЦАГНЯМ: ҮЗМЭРИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ ЧАДСАН

-Та бүхэн музейд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэхээсээ өмнө урьдчилсан судалгаа аваагүй юм уу?

-Бид байнга судалгаа хийж, аль байгууллагад ямар зүйл хэрэгтэй байгааг бүртгэн нэгтгэдэг учраас санал гарган батлуулж эдгээр тоног төхөөрөмж, тавилгыг нийлүүлсэн.

-Зарим музейд огт шаардлагагүй тавилга нийлүүлсэн нь тодорхой боллоо. Одоо яах вэ?

-Тийм тохиолдол гарсан. Гэхдээ энэ нь тавилга, төхөөрөмж хэрэггүй гэсэн үг биш юм. Музейд эдгээр зүйлс зайлшгүй хэрэгтэй. Магадгүй мэргэжлийн бус хүн ажиллаад тэгж хэлж байна уу, эсвэл үнэ цэнийг нь ойлгохгүй байна уу. Үнэт, ховор зүйл хадгалж байгаа учраас нөхцөлөө сайжруулах нь зүй. Гал усны аюул тохиолдоход ил тавьсан үзмэрээс илүү сейфэнд байгаа нь найдвартай хамгаалалтад байж чадна. Бас одоо ихэнх музей модон тавиуртай байгаа. Үүнийг төмөр тавиураар сольсноор даац нь сайжирч, илүү бат бөх болж байгаа.

-Дархан-Уул аймгийн музей өнгөрсөн жил шинэ сейфтэй болсон учраас энэ жил дахин авах шаардлагагүй байсан гэсэн.

-Тэгсэн. Гэхдээ энэ музейд ганцхан сейф өгөөгүй. Хоёр болон нэг талаасаа үзмэрээ тавьдаг тавиур, цаасан баримт хадгалах шүүгээ өгсөн. Түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтыг хангах нь чухал учраас л бид ингэж хуваарилсан. Дарханы музей зориулалтын байргүй учраас л ийм асуудал үүсэж байгаа юм.

-Тавиураа тасалж, хуваагаад эргүүлж нийлүүлсэн тохиолдол бас гарлаа. Шинэ тавилгаа эхнээс нь эвдсэн гэхээр дэндүү харамсалтай юм.

-Музейд зориулалтын байр хэрэгтэй. Гэхдээ энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй учраас одоогийн нөхцөл байдалдаа нийцүүлсэн юм. Би хэтийн төлөвлөгөөндөө музейн барилгыг шинэчлэх ажлыг тусгасан байгаа. Түүнээс биш тавилга илүүдсэн музей байхгүй ээ.

Б.ДАВААЦЭРЭН: МУЗЕЙН БОЛГОНД ЗОРИУЛЖ ТУСГАЙЛАН ЗАХИАЛГА ӨГВӨЛ НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУДАД АШИГГҮЙ

-Компьютер болон бусад тавилгыг ямар шалтгаанаар нэмж олгосон бэ?

-Энэ жил компьютер, нөүтбүүк, цөөн тооны өсгөгч зэргийг музейд олгосон нь шинээр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуультай холбоотой. Энэ хуулийн дагуу бид музейн эрдэм шинжилгээний ажилтнуудын орон тоог нэмж батлуулсан юм. Музейд археологич, шашин судлаач, байгаль судлаач, палеонтологич, угсаатны зүйч хэрэгтэй. Хуулийн дагуу орон тоогоо гүйцээж ажилтнуудаа авлаа гэхэд тэдэнд ажиллах тоног төхөөрөмж байхгүй. Хэтрүүлж хэлбэл манай зарим музейд илүү сандал ч байдаггүй. Тиймээс бодлогоор энэ хөрөнгө оруулалтыг хийсэн. Бид 40 гаруй музейд хуваарилалт хийж байгаа болохоор бүгдэд нь тохируулах боломжгүй. Зориулалтын бус жижиг байранд байгаа музейд тохируулан захиалга хийвэл жижиг жижиг тавиурууд ирж, түүнийг нь бусад музей голно.

-Тэгэхээр стандарт нийцсэн үзмэрийн тавиур захиалсан гэж хэлж болох уу?

-Стандарт гэж яг тогтсон ойлголт одоохондоо алга. Үзмэрийн аюулгүй байдал, хэлбэр хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх л боломжийн тавиурыг захиалсан. Дарханы музейд асуудал гарсан даруйд түүнийг нь шийдвэрлээд Сэлэнгэ аймаг руу шилжүүлсэн. Тэдэнд сейф дутагдаж байсан учраас дуртай авсан.

-Анхнаасаа сейф, шүүгээ хаана хэрэгцээтэй байгаагаа тогтоочихсон бол илүү хялбар байсан байх аа.

-2012-2014 онд Музейн улсын тооллого хийлээ. БСШУЯ болон ССАЖЯ дамнан хийсэн тооллогын улсын комиссын нэг гишүүн нь би. Энэ хугацаанд улс, орон нутгийн бүх музейд очиж, орчин нөхцөлтэй нь танилцсан. Музейн нөхцөл байдал ямар байгааг бид сайн мэдэж байгаа. Нэг музейн сан хөмрөгийн өрөөг тохижуулахад зориулан гурван сейф, дөрвөн шүүгээний захиалга өгвөл зардал хоёр дахин өснө.

-Яагаад?

-Цөөн тооны эд зүйлс захиалбал нийлүүлэгч компанид ашиггүй болж, тэд тендерт оролцохгүй. Тиймээс бид нийтлэг зарчмаар захиалга өгсөн. Хоёр, эсвэл нэг талаасаа үзмэр тавьдаг тавиур авч болох сонголт байсан. Аль болох боломжоороо л хуваарилсан. Гэхдээ бидэнд тавиур хэрэггүй байсан гэж хэлэх музей байхгүй байх аа. Хаалгаар нь багтаагүй байж болно. Зориулалтын барилга байхгүй учраас ямар ч үед ийм асуудал тулгарах л байсан.

ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн музейн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ийм тайлбар өгөв. Тэгэхээр нэгэнт музейн зориулалтын байргүй учраас шаардлагатай тавилгаа шинээр эвдлээд ч болов, сан хөмрөгийн өрөөндөө оруулах нь зүй ёсны асуудал гэж бид ойлгох ёстой бололтой. Харин илүүдсэн тавилгын тухайд тэдний судалгаа бүрэн хийгдээгүй байсны л илрэл байх. Аливаа тендерийн ард хар дагуулах мөнгөн дүн дагаж, хэн нэгний бизнес болох вий гэсэн эмээлт байдаг ч энэ удаа ажлын хариуцлага, салбарынхантай уялдаа холбоотой ажилласан бол илүү дээр үр дүн гарах боломжтой байсан гэж бодогдлоо.

Ж.СОЛОНГО

Ховд аймгийнхан музейн тоног төхөөрөмжөө хүлээж авч буй байдал

Дархан-Уул аймгийн музейд илүүдсэн сейф

Нийлүүлсэн тоног төхөөрөмж тавилгын үнэ харилцан адилгүй байснаас гадна баримтан дээр үнэ нь бичигдэлгүй иржээ

Театрын музейнхэн тавилгаа кранаар өргөж тагтаараа оруулжээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД