РОЖЕР ФЕДЕРЕР, НОВАК ЖОКОВИЧ НАР ШИЛГҮҮДИЙН ТУЛААНЫ ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2014 оны 11 сарын 17

AТР-гийн оны төгсгөлийн тэмцээн Лондон хотноо үргэлжилж байна. Чансааг тэргүүлэгч өнгөрсөн жилийн аварга Новак Жокович “А” хэсгийн хоёр дахь тулаанаа Чехийн Томас Бердыхтэй хийж 6:2, 6:2- оор илүүрхэв. Тэрбээр хэсгийн сүүлийн тулаандаа Стэн Ваваринкаг 6:3, 6:0-ээр сөхрүүлэн өнгөтэй байгаагаа харуулж, хагас шигшээд шалгарлаа. Мөн Швейцарийн Стэн Ваваринка Марин Чиличтэй шийдвэрлэх тулаанаа хийлээ. Тэрбээр эхний тоглолтоддоо Томас Бердыхыг буулган авсан тул Чиличийг хожвол хэсгээсээ гарах боломжоо олж авах байсан юм. Тоглолтын эхний үед Ваваринка сайн байж 6:3-аар хожлоо. Харин хоёрдугаар сэтэд Марин Чилич ялимгүй давамгайлж, 6:4-ээр сэтийн харьцааг тэнцүүллээ. Шийдвэрлэх сэтэд Ваваринка алдаа гаргалгүй тоглож, 6:3-аар өрсөлдөгчөө буулган авснаар их шөвөгт шалгарав.

Харин эхний хоёр тулаандаа ялагдан хэсгээс гарах боломжоо үгүй хийсэн Томас Бердых Марин Чиличтэй гурав дахь тоглолтоо хийлээ. Томас өрсөлдөгчөө 6:3, 6:1-ээр ялж, нэр төрийн нэг хожилтой нутаг буцахаар болов. Энэ онд чансаандаа томоохон үсрэлтийг хийсэн Хорватын Марин Чилич шилдэг наймын тулаанд анх удаа “тоосоо өргөж”, хожил авч чадсангүй. “В” хэсгийг тэргүүлэгч “Швейцарь цаг” Рожер Федерер гурав дахь тоглолтоо Энди Маррейтэй хийж 6:0, 6:1- ээр хоёр сэтэд илт илүүрхлээ. Энэхүү хожил түүний хувьд энэ улирлын 71 дэх ялалт байв. Федерер теннис тоглох хугацаандаа зургаан удаа нэг улиралд 70-аас дээш ялсан байна. Канадын Милос Роанич Кей Нишикоритой хийх хэсгийн гурав дахь тулааныхаа өмнө гуяндаа гэмтэл авч, шилдэг наймаас хасагдав. Түүний оронд чансааны аравт эрэмбэтэй Испанийн Давид Ферер япон залуутай тоглосон юм. Испани теннисчин хүний оронд тоглож байгаа ч өөрийгөө бүрэн дайчлан эхний сэтэд 6:4- өөр ялалт байгуулж, Кей Нишикориг багагүй сандаргалаа. Гэхдээ Нишикори хоёр болон гуравдугаар үед алдаа гаргалгүй 6:4, 6:1-ээр өрсөлдөгчөө буулган авч хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна.

Их шөвөгт Новак Жокович Кей Нишикоритой учраа таарав. Энэ хоёр теннисчин 2014 онд гурван удаа таарахад хоёрт нь Жокович хожжээ. Нишикори “US open”-ий хагас шигшээд Серби эрийг өвдөг шороодуулан томоохон шуугиан дэгдээгээд авсан. 2013 онд Нишикори Жоковичийг нэг удаа хожиж байсан. Ингээд “ATP Final”-д таарсан энэ тулаан хоёр теннисчний хувьд машү чухал байв. Тоглолтын эхнээс санаачлагыг авсан Новак Жокович нэгдүгээр үеийг 6:1-ээр өөрийн болгов. Харин хоёрдугаар сэтэд япон залуу 6:3-аар өрсөлдөгчөө буулган авлаа. Шийдвэрлэх сүүлийн үед Новак Жокович зангаргаа харуулан 6:0- ээр хожиж, аваргаа хамгаалахаар финалд үлдэв. Швейцарийн хоёр теннисчин Рожер Федерер, Стэн Ваваринкагийн тулаан болов. Стэн нэгдүгээр үед 6:4-өөр хожиж, тоглолтын эхлэлийг сайн тавьлаа. Харин хоёрдугаар сэтэд 7:5-аар Рожер ялсан. Ингээд шийдвэрлэх үед мөн л Федерер 7:6-гаар нутгийн дүүгээ буулган авч финалд шалгарлаа.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД