“БААВГАЙНУУД”-ЫН “БААВАР”-ТАЙ ЭХЛЭЛ

2014 оны 11 сарын 17

NBA-гийн шинэ улирлыг тун өнгөтэй эхлүүлж эхний арван тоглолтоос есөн хожил аваад буй “Мемфис Гриззлис”-ийн тухай нийтлэлээ хүргэж байна. Тоглогчид: Зак Рэндольф: Багийн гол түшиг болсон энэ тоглогч ерөөсөө л самбар, онооны машин. Будагтай талбайд хамгаалагчдын “толгойны өвчин” болдог. Мөн талбайд ахлагчийн үүргээ тун сайн биелүүлдэг. NBA-д 15 дахь жилдээ тоглож буй Зак багаа NBAгийн финалд хүргэвэл гайхах зүйл байхгүй. Түүнд сайн хамтрагч, сайн дасгалжуулагч байна. Марк Газол: Тэрбээр багийнхаа хамгаалалт, довтолгоонд тун жигд оролцож байна. Газол улирлын эхний арван тулааны дөрөвт нь багаа оноо авалтаар тэргүүлсэн юм. Түүний тоглолтын онцлог нь будагтай талбайд хамгаалагч нарт маш том төвөг учруулж, хүчирхэг биеэ ашиглан тун сайн шахдаг. 1vs1 хамгаалалтыг эсрэг багийн төвийн тоглогчдын эсрэг тун сайн хийнэ. “Баавгайнууд” хамгаалалт сайтай байгаагийн нууц нь Газол. Тэрбээр 2013 онд NBA-гийн шилдэг хамгаалагчийн шагналыг авснаар үүнийгээ нотолсон.

Майк Конли: Энэ залуугийн ур чадвар жилийн жилд улам сайжирсаар байна. Өнгөрсөн жил 17,2 оноо дунджилсан. Тэгвэл Конли шинэ улиралд “Мемфис”- ийн “их гурвал”-ын нэг болжээ. Өмнө нь “Баавгайнууд”-ын “ихэр цамхаг” (М.Газол, З.Рэндольф) хэмээн нэрлэдэг байсан. Харин одоо Конли орж ирснээр “Мемфис” “их гурвал”-тай боллоо. М.Конли шинэ улиралд багаа дөрвөн тоглолтод оноо авалтаар, есөн тулаанд оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн юм.

Хамгаалалт: “Мемфис” NBA-д хамгаалалтаараа толгой цохидог. Тэд хамгаалалт зонхилсон тоглолтоо үзүүлсээр байна. Угаас сагсан бөмбөгт хамгаалалт сайтай баг л өндөр амжилт гаргадаг. Мөн оноо түүдэг тоглогч олон байгаа учир ямар ч багийн эсрэг хүчтэй довтолгоогоор эсэргүүцэл үзүүлж чадаж байгаа. Тэдний сул тал бол зарим нэг удаан тоглогчдоос нь болж бүсийн хамгаалалтын шилжилтэд үе үе алдаа гаргадаг. Ялангуяа хурдан довтолгоотой багийн эсрэг энэ нь бүр ч тод харагддаг. Гэхдээ тэд сул талаа маш сайн нөхдөг. “Гриззлис” энэ улиралд эсрэг багтаа 91,3 оноог алдаж байгаа NBA-д дээгүүр орох үзүүлэлт аж.

Довтолгоо: Довтолгоог Конли уридаж, Газол, Рэндольф хоёр будагтай талбай, дундын зайнаас багийнхаа ихэнхи оноог авч байгаа. Мөн Т.Аллен тун сайн байгаа. Сэлгээнээс Кортни Ли багийнхаа тоглогчдыг амрааж, үүргээ сайн биелүүлж байна. Тэрбээр “Кингс”- ийн эсрэг 0,3 секундэд хожлын шидэлт хийж NBA-гийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. “Мемфис” энэ улиралд өрсөлдөгчөө олон оноогоор хожихгүй байгаа ч хамгаалалтаа онц дүнтэй хийж буй. Тэд “Нью Орлеанс”-ыг 12 оноогоор хожсон нь хамгийн олон тооны зөрүү. Харин “Милоуки”-д ганцхан оноогоор ялагджээ.

Дасгалжуулагч: Дэвид Жоргер. Түүнийг 2013 онд “Баавгайнууд”-ыг удирдахаар болоход шилдэг хамгаалалт яах бол гэж бодсон хүн олон. Леонил Холлинсийн туслахаар зургаан жил ажилласан Жоргерийг ерөнхий дасгалжуулагч болгосон нь тун мэргэн сонголт байсан. Шинэ дасгалжуулагч багаа плейоффт гаргаж чадсан. Хасагдах шатанд “Оклахома Сити Тандер”- аас өөр багтай учраа таарсан бол “Мемфис” хялбархан хожих байсан болов уу. Өнгөрсөн жил багагүй туршлага хуримтуулсан Д.Жоргер юу хийх ээ сайн мэдэж байгаа. “Мемфис Гриззлис” бүсийн бүх шилдэг өрсөлдөгчөө буулган аваад NBA-гийн финалд үлдсэн байвал гайхах зүйлгүй.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД