КЁКҮТЭНХО: МӨНХИЙН ЗАЛУУ БАЙХ НУУЦ НАДАД БАЙХГҮЙ

2014 оны 11 сарын 17

Монголын сүмогийн алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн рекорд амжилтуудыг дараалан эвдсээр л явна. Өнгөрсөн Намрын тэмцээнд 40 настайдаа дээд зиндаанд барилдсан нь 60 жилийн дараа болсон бол дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн нь 73 жилийн дараа тохиолдож байгаа явдал байлаа. Тэгвэл энэ сарын 9-нд Фүкүокад эхэлсэн Күюшюү баш ёд бас л хэд хэдэн амжилт тогтоосон. Тэрбээр мэргэжлийн сүмод 1800 удаа барилдсан гурав дахь хүн, 900 дахь ялалтаа байгуулсан тав дахь бөх болж байгаа юм. Японы жүжигчин Санюүтэй Какицү түүнтэй уулзаж, үе тэнгийхэн нь хэдийн зодог тайлчихаад байхад яагаад одоо болтол барилдаж байгаа, мөнхийн залуу байгаагийнх нь нууцыг тайлахыг оролджээ.

-Өнгөрсөн Намрын тэмцээнд 40 настайдаа барилдаад рекорд амжилт боллоо гэж шуугиж байтал 50 хувийн амжилт хийгээд бас л рекорд болсон. Танд давхар баяр хүргэе.

-Баярлалаа. Долоо ялсныхаа дараа хоёр дараалан унаад санаа зовж л байлаа. Гэхдээ ямар ч гэсэн найм ялж, сэтгэл амарсан.

-Тэмцээний дараа Японы сүмогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхогийн 40 насны ой болон 50 хувийн амжилт үзүүлснийг тэмдэглэх баяр” гэдэг 50 мянган хүн оролцсон том арга хэмжээ болсон.

-Урьд өмнө болж байгаагүй явдал болохоор сандарч биеэ барьж байлаа. Гэхдээ фэнүүдээсээ янз бүрийн бэлэг аваад их баярласан. Амьдралын минь хамгийн сайхан төрсөн өдрийн баяр болсон.

-40 настай дээд зиндаанд барилдсан бөх 60 жилийн өмнө л байсан гэсэн. Тэр тусмаа 50 хувийн амжилт үзүүлж байсан нь 73 жилийн дараа болсон. Та ч үнэхээр домог боллоо шүү.

-Би 21 настайдаа жюүрёод дэвшиж байлаа. Тэр үед 30 нас хүрээд л зодог тайлах нь жирийн үзэгдэл байсан юм. Би дахиад есөн жил барилдаж чадах болов уу гээд л санаа зовдог байлаа. За даа би ч 30 хүртлээ барилдахгүй байх даа гэж бодож байсан. -Та Японд 17 настайдаа ирсэн гэхээр эх орондоо амьдарсан хугацаанаас чинь Японд байсан нь илүү урт юм байна.

-Намайг Японд ирсэн жил төрсөн хүүхэд одоо их суруулиа төгсөөд ажилд ороод явж байгаа гээд бод л доо. Би өөрөө ч гайхдаг. Ичиножёо одоо 21 настай бил үү? Хэрэв би 19 настайдаа хүүхэдтэй болсон бол одоо Ичиножёотой чацуу байх байж. -Хүүхэдтэйгээ барилдаж байгаа юм шиг л болох байх даа.

-Тийм болохоор түүнтэй барилдахыг хүсэхгүй байна. Ер нь бол таарч барилдаагүйдээ баяртай явдаг юм. Би сүмо барилдаад 23 жил боллоо. Монгол япон гэлгүй бөхч үүд бүгд л хөөрхөн дүү нар маань.

-Хэрэв Ичиножёотой таарч барилдвал яах вэ?

-Ичиножёо банцүкэ дээр болохоор дээгүүр л барилдах байлгүй. Хэрэв таарлаа гэхэд гэмтэж бэртчилгүй шиг л барилдахыг бодно доо.

-Та ер нь яагаад Японд ирж сүмо барилдахаар шийдсэн юм бэ?

-Ямар нэг шалтгаан байхгүй. Одоо Улаанбаатараас шууд нислэгтэй, дөрвөн цаг нисээд л хүрээд ирдэг болсон болохоос тэр үед дамжаад л явдаг байлаа. Интернет ч байгаагүй, ямар ч мэдээлэлгүй шууд ирж байлаа. Монгол бөх ч барилдаж байгаагүй хүн ирээд л сүмоч болсон доо. Хоол унд, зан заншил огт өөр, анх ч өдөр бүр л уйлдаг байлаа.

-Тэгээд Монгол руу зугтаасан. Яагаад буцаж ирсэн юм бол?

-Ояката Монголд ирж, Японд буцахыг ятгасан. Мэдээж алс хол Монголд хүрээд ирэхээр нь баяртай байсан ч тэглээ гээд сүмод буцах санаа огт төрөөгүй. Буцаж очиход бөхчүүд баярлаад угтахгүй нь ойлгомжтой. Дэглүүлнэ гэдгээ ч мэдэж байлаа. Харин аавын маань үг л намайг Японд буцаж, сүмо бөхөө барилдъя гэсэн хүсэл, зорилготой болгосон юм. Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүшюүзан Д.Батбаяр нар байсан нь ч надад нөлөөлсөн. Аав “Тэр хоёр чадаад байхад чи яагаад чадахгүй гэж” гээд л их харамсаж байсан. Мэдээж эцэг нь ингэж хэлэхээр хүүд эвгүй шүү дээ. Аавыгаа зовоож байна гэж бодоод л. Гэхдээ хоёр дахь удаагаа Японд ирэхдээ дахиж зугатахгүй гээд бүх юмаа шийдчихээд ирсэн. Тийм болохоор одоогийн Кёкүтэнхо байгаа гэж би боддог.

-Мэргэжлийн сүмод ороод хамгийн хэцүү үе юу байсан бэ?

-Жонокүчи, жонидан, санданмэ гээд л доод зиндаанд маш хэцүү байсан. За би чинь жюүрёод дэвшихийн тулд хэдэн бөхийг гүйцэж давах хэрэгтэй юм бол гээд тоолоод үзсэн чинь хэдэн зуу болоод за ёстой мөдгүй юм байна гэж бодож байлаа.

-Тантай анх уулзаж байхад Роппонгид ширээн дээрээ баахан тансаг юм өрчихсөн, нүд нь гялалзаад л, тэнд ажилладаг нэг гадаад хүнд “Япон гэдэг орон их мөнгөтэй орон. Чи өөрөө хичээж зүтгэвэл тэндээс нь авах болно” гэж сургаад, нөгөөх нь уярчихсан уйлаад л байж билээ.

-Тийм үү? Би одоо санахгүй байна. Гэхдээ одоо ч уух үед нүд гялалздаг хэвээр. Уултанд явах тоо багасч, согтохдоо хялбар болсон ч гэсэн уудаг хэмжээ хэвээр. Залуу бөхчүүдийг дагуулаад явж уухад бол сүүлд нь л согтоно шүү дээ.

-Ер нь бол тасартлаа уудаг уу?

-Ууна. Сүүлдээ юу болсныг заримдаа санадаггүй юм. Уйтгартай үед, хэцүү үед сайхан хоол идэж, сакэ уугаад л дуулж өнгөрөөдөг. Сэтгэлээр унаад, унжийгаад сууж байхаар тэр нь дээр байдаг.

-Энэ чинь таны одоо болтол хөгшрөлгүй, зодог тайлааагүй байгаагийн нууц уу?

-Сүүлийн үед хүн болгон л залуу байхын нууцаа хэлээч гэдэг болсон болохоор би өөрөө сүүлдээ бодож үзлээ. Тэгсэн ямар нэг нууц гэхээр юм ер алга байна лээ. Биедээ анхаарал тавиад байгаа юм байхгүй, элдэв тусгай массаж засал хийлгээд байгаа юм ч байхгүй.

-Үнэхээр үү?

-Эртний бөхчүүд бүгд л тийм байсан шүү дээ. Ийм юм идэж болохгүй, тэгэж болохгүй гэж элдэв юм бодолгүй жирийн л байдаг байсан. Тийм болохоор би ч гэсэн мах идмээр санагдвал иднэ, архи уумаар санагдвал ууна. Өөрийнхөө барилдааны бичлэгийг ч үздэггүй.

-Үнэхээр үздэггүй гэж үү?

-Аль хэдийн дуусчихсан юм болохоор үзээд ч яах билээ. Танил маань миний барилдааны бичлэгийг авчирч өгдөг л юм. Хөгширс өн хойноо үзье гэж бодоод далд хийчихдэг.

-Маргааш таарах бөхтэйгөө яаж барилдах тактикаа боловсруулдагг үй юм уу?

-Бусад бөхчүүд яадаг эсэхийг мэдэхгүй юм. Би бол тэр өдрийн барилдаан дуусаад маргаашийн өглөөний бэлтгэл хүртэл сүмогийн талаар ер боддоггүй. Бэлтгэл дээр л барилдаанаа бодож эхлэнэ шүү дээ.

-Блог хөтлөөд, твиттерээр “Ялагдчихлаа” гэх мэтээр жиргэдэг үү?

-Үгүй үгүй. Тийм юм бичээд байвал хүмүүс тэнэг гэж бодно биз дээ. Тэгээд ч би тийм юм хөтлөөд байхаар нэг их ганцаардсан хүн биш.

-Гэхдээ бөхчүүд дохён дээр гарахаар цор ганцаараа, өөрт өө л найддаг биз дээ.

-Дохён дээр ганцаараа ч бусад үед дагуул бөх, залуу бөхчүүд хажууд байна. Гэртээ харьвал гэр бүлийнхэн, гольфын талбайд очвол танилууд байна. Гольф тоглонгоо хүмүүстэй ярилцаад алхаж явахад амьдралын том хичээл сургууль болдог. Хүүхдүүтэйгээ хүүхэлдэйн кино үзээд суух ч сайхан.

-Та мэргэжлийн дэвжээн дээр 900 ялалт байгуулсан хүн. Хамгийн сэтгэлд үлдсэн барилдаан гэвэл?

-Олон барилдаан байгаа ч 2012 оны Тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн барилдаанаа хэзээ ч мартахгүй. Бэлтгэл сайн хийсний ач тус гарсан гэж би боддог. Түлхүүлээд л гарах гэж байхад яах билээ гэж бодохоос өмнө бие хаа зөнгөөрөө хөдлөөд л ялсан.

-Тэгвэл хамгийн санахыг хүсдэггүй барилдаан?

-900 гаруй ялагдсан хүн болохоор аль ч ялагдал адилхан ялагдал.

-Олон рекорд амжилт тогтоосон таны хувьд дараагийн зорилго юу байна вэ?

-Жюүрёод унах болбол зодог тайлна гэж бодож байгаагаас өөр бодож санаж яваа юм байхгүй дээ. Илүү дутуу юм бодож байхаар өөртөө итгээд өдөр өдрийнхөө барилдааныг хийгээд л явж байх нь миний зорилго. Анд нөхдүүдтэйгээ ууж цэнгээд, гольф тоглоод, ганц хоёр өдрийн амралт гарвал гадуур салхинд гараад л. Энэ бол миний амьдралын хэв маяг.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.248.54 saihan yari bolj dee