“Turquoise Hill Resources”-ийн хувьцаа 4.05 долларт хүрлээ

2014 оны 11 сарын 17

  “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 4.05 канад долларт хүрлээ. Торонтогийн хөрөнгийн биржид сүүлийн нэг сарын хугацаанд 3.4 канад доллар болж буурч байсан тус компанийн үнэт цаас энэ сарын 7-ноос хойш тогтмол өсөж байна. Арваннэгдүгээр сарын 12-ны лхагва гаригт TRQ симболтой хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 5.5 хувиар огцом дээшилж, арилжсан үнэт цаасных нь хэмжээ хоёр сая ширхэг давсан бол НьюЙоркийн зах зээлд мөн 5.64 хувиар огцом дээшилжээ.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлснээр хувьцааны ханшид ийнхүү нөлөөлсөн гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тараад байсан билээ. Харин шинжээчид үүнийг нэгдүгээрт, “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн алдагдал өнгөрсөн улиралд буурсан, хоёрдугаарт, олон улсын зах зээлд зэсийн ханш өссөнтэй холбон тайлбарлаж байна. Түүнээс гадна “Rio Tinto” группийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш Бээжинд “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрчлөх нь зэс-алтны “Оюутолгой” төслийн далд уурхайн ажил урагшлахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн “чимхсэн” нь эл компанийн хувьцаанд таатай нөлөөлснийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ