ӨДӨРТ 80 ТОНН ЦАГААН ЗАМАСК ҮЙЛДВЭРЛЭНЭ

2014 оны 11 сарын 17

  “Монгол ташуур констракшн” компани Цагаан замаскны үйлдвэрээ өнгөрсөн баасан гаригт ашиглалтад орууллаа. Тус компанийн үйлдвэрлэх “Монгол гранд” цагаан замаск нь “921” стандартынх гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад оруулж ирж буй “821” стандартын цагаан замаскнаас цавуулаг өндөр аж. Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас “Монгол ташуур констракшн”-д таван жилийн хугацаатай 250 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгийн 30 хувийг тус компанийнхан өөрсдөө гаргасан байна.

Дээрх үйлдвэр нь өдөрт 80 тонн цагаан замаск үйлдвэрлэх хүчин чадалтай аж. “Манай бүтээгдэхүүний үнэ импортынхоос арай хямд. 20 кг нь 7000 төгрөг байх юм” хэмээн “Монгол ташуур констракшн” компанийн захирал Д.Батмөнх ярилаа. Мөн дотоодын цагаан замаскны хэрэглээний 30 орчим хувийг хангах боломжтой гэнэ. Тэдний судалгаагаар манай улс цагаан замаск импортлоход жилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулдаг аж.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор 20 гаруй ажлын байр бий болж байна. 2004 онд байгуулагдсан, 2011 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Монгол ташуур констракшн” компани нь цагаан замаскнаас гадна плитаны болон хөөсөнцрийн цавуу, хар замаск зэрэг 14 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй аж.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД