АВРАЛ ХҮЛЭЭЖ БУЙ СОЁЛЫН ӨВ

2014 оны 11 сарын 17

  Соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейд гамшиг нүүрлэж, аврал хүлээж байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул газар руу нь хөрөнгө мөнгөтэй эрхмүүд гар дүрж, өндөр байшингууд дунд өрөвдөлтэйгээр хавчигдах болсон. Үүнээс гадна 100 гаруй жилийн түүхтэй сүмийн барилгын чанар муудаж, сэргээн засахыг хүлээсээр багаг үй хугацааг туулж буй ч хөрөнгө байхгүйгээс үзмэрүүд нь устахын ирмэгт тулжээ. ХIХ зууны сүүлч XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор болсон Чойжин ламын сүмийг 1904-1908 онд 300 гаруй шилдэг урчуудын хүч хөдөлмөрөөр байгуулжээ. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хаан битүүмжилж, лам нарыг нь тараасны дараа тус сүмийг хадгалж, хамгаалахаар эрдэмтэн төлөөлөгчид Засгийн газарт хүсэлт гаргасны дагуу 1940 онд Судар бичгийн хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн байна. Улмаар 1941 онд I зэргийн хамгаалалтад авахаар болж, дараа жилээс нь музей болгон тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлэх болжээ. Ингээд 1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлж эхэлсэн аж. Таван сүм, хүндэтгэлийн таван хаалгатай, түүх, соёлын өвийн цогцолбор болсон тус музейд XVII зуунаас XX зууны эхэн үеийн Монгол орны түүх, соёлын өв болсон 6000 гаруй үзмэр бий. Түүний дотор Өндөр гэгээн Занабазарын сонгодог бүтээлүүд хадгалагддаг.

Өнгөрсөн долдугаар сард ширүүн бороо орсноос Чойжин ламын сүм музейн Занхан сүмийн дээврийн баруун хойд хэсгээр ус орж, Богд хаан, Ловон Бадамжунайн баримал, сэнтий зэрэг ховор үзмэр нь норсон байна. Занхан сүм Чойжин буух зан үйлийг хийдэг байсан гол хэсэг тул Чойжин лам Лувсанхайдавын эдэлж хэрэглэж байсан зүйлээс гадна Богд хааны сэнтий зэрэг ховор үзмэрүүд хадгалагддаг. Өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Занхан сүмийн бай далтай танилцаад “Яаралтай сэргээн засах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргажээ. Уг сүмийн дээврийг 1975 оноос хойш засаагүй тул бүхэлдээ муудаж, бүтнээр нь засахгүй бол нурах аюулд ч өртөж болзошгүй байгаа аж. Тус музейнхэн өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх бус, үүнээс нь өмнө аврах ажил өрнүүлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад хандсан ч хөрөнгө төсвийн асуудал дээр гацсаар өдий хүрчээ.

Музейн барилгуудыг 1960-аад оноос хэсэгчлэн засаж иржээ. Бүрэн хэмжээгээр сэргээн засах ажлыг ирэх оны дулааны улиралд амжуулахгүй л бол зун бороо орж, эдгээр үнэт өвийн олонх нь устах аюултай гэнэ. Тиймээс ирэх зуны эхэн сараас засаж эхлэн, намрын сүүл сард дуусгах шаардлагатай гэсэн. Үүний тулд энэ өвөлд багтаан, зураг төсөл, төсвийн асуудлыг нь шийдэх ёстой аж. Зөвхөн Занхан сүм гэлтгүй бусад сүмийн байдал ч тун хэцүү байгаа тул алгуурлалгүй, таван сүмийнхээ зураг, төсвийг гарган, цаашид хэдий хэрийн хөрөнгөөр ямар засвар хийхийг тогтоох аж. Занхан сүмд дусаал гоожсонтой холбоотойгоор багавтар газрыг засах төсөв гаргахад өртөг нь 48.5 сая төгрөг болжээ. Дусаал гоожиж буй хэсгийг сэргээн засахад ийм хөрөнгө хэрэгтэй байгаа юм чинь бүтэн дээврийг засахад түүнээс хэд дахин илүү мөнгө хэрэгтэй нь мэдээж. Музейнхэн өдгөө мэргэжлийн байгууллагаар засварын зураг, төсвийг гаргуулахаар ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хот тэлэхийн хэрээр хотын төвийн газрын үнэ өсөж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүс эзгүйчилж болох зай талбайд нь “далдын хар малгай”-гаа буулгах болсон нь нууц биш. Түүхэн барилгууд дундаа албан ёсоор бол арай дөмөгхөн газартай байсан тус музейг ч энэ асуудал тойрч гарсангүй. Хамгаалалтын бүсэд нь өдгөө хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд нэвтэрч, эргэн тойрон дахь өндөр барилгуудын дунд, дээрээс юм унах, аюулд өртөх вий гэсэн болгоомжлол дунд оршиж байна.

Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд музейн хамгаалалтын бүсийн хэмжээг хоёр га гэж тогтоожээ. Гэтэл үүнийгээ баталгаажуулсан кадастрын зураг, гэрчилгээгүй байснаас газарт нь шунасан хүмүүс хамгаалалтын бүсэд нь халдаж барилга барих болсон байна. Музейн захирал Д.Отгонсүрэн 2010 онд томилогдоод тухайн оны гуравдугаар сараас музейн газрын кадастрын зургийг гаргуулж, гэрчилгээ авахаар нийслэлийн Газрын албанд хандахад газрын хэмжээг 609.7 ам метр гэж гаргажээ. Энэ нь зөвхөн гол сүмийн зураг бөгөөд бусад сүм, хүндэтгэлийн хаалга, өргөө зэргийг оруулаагүй тул дахин хөөцөлдсөний дүнд музейн хэрмэн хашаагаар зураг гаргаж, нийт нэг га газартай гэж тогтоолгосон байна. Гэвч үүнийг зөвшөөрөлгүй, Засгийн газрын хоёр га газартай гэсэн тогтоол хүчинтэй эсэхийг шалгуулахаар Хууль зүйн яаманд хандахад “Тус тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа” гэсэн хариу өгчээ. Үүний дагуу тэрбээр нийслэлийн Газрын алба болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж газрынхаа кадастрын зургийг тогтоолын дагуу хоёр га-гаар нь гаргуулж, гэрчилгээгээ ч авсан байна. Энэ хугацаанд музейнхэнд багагүй бэрхшээл дарамт шахалт тулгарч байсныг ч нуусангүй. “Цаашид газрынхаа төлөө тэмцэнэ” гэж Д.Отгонсүрэн захирал ярилаа.

Музейнхэн газрын гэрчилгээгээ 2010 оны арваннэгдүгээр сард авсан ч үүнээс өмнө барилга барьчихсан байсан тул өдгөө хоёр шатны шүүхэд “Сити төв”, “Чоно” компани, иргэн Ш.Баярсайхан нар гэсэн хуулийн гурван этгээдтэй хамгаалалтын бүсийн газрын маргаантай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга 2000 оны нэгд үгээр сард иргэн Ш.Баярсайханд газрын зөвшөөрөл олгосон нь музейн хамгаалалтын бүсэд хамаарна. Газар олгосон шийдвэрээ тухайн оныхоо есдүгээр сард цуцалсан ч барилга бариад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихсан байжээ. Газрын зөвшөөрөлгүй ч барилга нь гэрчилгээтэй тул буулгаж болдогг үй гэсэн. Нэхэмжлэхийг нь өгөх гэхээр байрладаг газар нь олддоггүй “Чоно” компанийн хувьд 2007 онд тус музейн өмнөх удирдлагатай сүмийн хойд талын газрыг тохижуулан, ашиглах гэрээ хийж, хамгаалалтын бүсэд 7-8 жил авто зогсоол ажиллуулжээ. Гэрээг цуцлах гэсэн ч хугацаа заагаагүй, мөн тухайн үед тохижилтод зарцуулсан хөрөнгийг барагдуулна гэсэн заалттай байсан тул өдгөө өрөнд орчихоод байгаа аж. Тэгвэл “Сити төв” буюу иргэн Б.Батзориг нь хоёр давхар хуучин барилгаа буулгаад шинэ барилга барихдаа томруулж, хамгаалалтын бүсийн 100 ам метр газарт нэвтэрсэн байна. Түүх соёлын, дахин давтагдашгүй дурсгал болсон үнэт өвөө хайхралгүй орхивол цаашид бид үр хойчдоо үлдээх үнэт зүйлгүй болох аюултай.Монголд соёлын томоохон өв цөөхөн байдгийн нэг нь энэ. Үлдэх, эсэхийг нь газрын маргааныг таслах шүүхийн шийдвэр, үнэт өвөө хадгалах хөрөнгө, төсвийг шийдэгчид харуулах нь.

Ч.МӨНХЗУЛ