ЭРДЭМТДЭЭ МАДЛАХ “ЭЕЛДЭГ” ШИЙТГЭЛ

2014 оны 11 сарын 17

Шаг, дуг, цод, мад... Гарах гарцгүй болгох шатрын техник. Яг үүн шиг Монголын эдийн засаг хямралтай нүүр тулж, хаанаас юугаа танаж, хэрхэн онд мэнд орох вэ хэмээн тэмтчиж буй нь илт. “Хэмнэлтийн горимд шилжиж, хямралыг давна шүү” хэмээн эелдэгхэн ойлгуулах түшээд маань арга хэмжээгээ авч, хэрэгжүүлж эхэлсэн бололтой. Шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд болон эрдэмтэн, судлаачдын цалинг 15 хувиар бууруулах шийдвэр гарсан ч “Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу” гэдэгчлэн манай эрдэмтэд дуугүй л сууж байна. Сайн ажилласных нь төлөө шагнадаг байтал шийтгэл оногдуулсан нь энэ. Угаас бага цалинтайн дээр, зөвхөн тэднийг цохон цалинг нь бууруулсан энэ үйлдэл нь Монголд эрдэмтэн хэрэггүй гэж шууд хэлсэнтэй утга дүйнэ. Судалгаа хийхэд зориулсан хөрөнгө мөнгө дутмаг байгаа энэ үед ном шагайж, нойр хоолоо умартан бүтээлээ таниулах гэж албан байгууллага бүрийн хаалга татан явдаг энэ хүмүүсийн ар гэр нь ч бас хэмнэж, гамнаж, хагас цатгалан, сэтгэл дундуур явах болох нь. “Чи ингэж байхаар хувийн компанид орж ахиухан цалин ав л даа. Мэддэг, чаддаг чинь их биз дээ” хэмээн гэр бүлийнхэн, найз нөхөд нь үглэхээс эхлэх эрдэмтний зовлон энгийн биш.

Дээд түвшний зүйл ярьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, шинжлэх ухааны алдартай сэтгүүлийн нийтлэлд эшлэлээ багтаах тухай бодох ёстой эрдэмтэд өнөөдрийн Монголд өглөөний талх, өдрийн хоол, хоногийн махны тооцоо бодон суух нь хөөрхийлөлтэй. Эрдэмтний алдар нийгмийн харилцааны өндөр түвшинд яригдаж байх учиртай. Дэлхийн бусад улс оронд ижил утга агуулгатай мөрдөгддөг энэ зарчим манайд эсрэгээрээ үйлчилдэг. Олон улсын хэмжээний шинжлэх ухааны байгууллагууд манай зарим эрдэмтэнд өнд өр цалин хангамж, өсөн дэвших боломж нөхц өл амлан урьж залдаг нь үнэн. Явсан нь амьдрал ахуйгаа дээшлүүлдэг ч бууриа сахин үлдэж, бидний төлөө ажиллаж байгаа үлдсэн хэдийгээ ингэж мадалж болох уу. Өнгөрсөн жил олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлд Монголын эрдэмтдийн 1000 шахам эшлэл багтсан бол энэ жил уг тоо нэлээд өссөн сурагтай. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, Нобелийн шагналтан манай улсад ирж лекц уншиж байгаа нь ч гэсэн тэдний үйл ажиллагааны хэмжүүр юм.

Цалин хангамж, ажлын нөхцөлөө гололгүй, төрөөс өгсөн мөнгийг бага гэж чамлалгүй үүргээ биелүүлж байгаа эрдэмтдээ бид ийн гадуурхаж байхад хойд хөрш буюу ОХУ-д манайхаас 1800 дахин их хөрөнгийг шинжлэх ухааны салбартаа зориулдаг байх юм. Шинжлэх ухаан, технологийн сангийнхны мэдээлснээр Сангийн яамнаас ирүүлсэн шаардлагын дагуу эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн цалингийн 85 хувийг нь олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрдэм шинжилгээний зардал, гэрэл цахилгаан болон бусад төлбөр хураамж, томилолтын зардлыг тэглэсэн гэнэ. Тэд энэ тухайгаа 2014 оны аравдугаар сарын 13-нд Шинжлэх ухааны академийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баярт мэдэгджээ.

2014 оны аравдугаар сарын 13-нд Сангийн сайд Ч.Улаанд, аравдугаар сарын 27-нд БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэгт энэ тухай мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч өдий хүртэл тайлбар өгөөгүй байгаа юм. Аравдугаар сарын 1-нээс хойш өдий хүртэл эрдэмтэн, судлаачид хасагдсан цалин авч, бүх зардлаа тануулаад явж байгаа. Энэ оны гуравдугаар сард Шинэчлэлийн Засгийн газар эрдэмтэн, судлаачдын цалинг 15 хувиар нэмэгдүүлснээ дуулиантайхан зарлаж байсан. Харин хасахдаа нам гүм байдаг бололтой. Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Батцэцэгийн бичсэнээр тус хүрээлэнгийнхний цалинг 30 хувиар хасаад байгаа аж. Хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 19-нд Шинжлэх ухааны ажилтнуудын баярын өдөр тохиодог.

1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдаж, түүнээс хойш 93 жилийн нүүр үзжээ. ШУА-д ажиллаж байгаа судлаачид болон ажилтнууд сард 370.000-930.000 төгрөгийн цалин авдаг байсан юм. Энэ тоо одоо 50.000-140.000 төгрөгөөр буурчээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх болсон өнөө цагт ийм гаж “хэмнэлт” олон айлын амьдрал ахуйд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэн тооцсоноор олон асуудал үүснэ. Өрийн сүлжээ бий болж, эргээд эрдэмтэн, судлаачдын ирээдүйн баталгаа үгүй болох юм. Энэ бүхэн эрдэмтэддээ зориулсан “баярын бэлэг” байх нь. Саяхан БШУЯ, ШУА-тай хамтран “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт аргазүйн семинар хийж байсан. Тэгвэл хүний төлөө бодлого явуулааг үй байгууллагад чадвартай боловсон хүчин ажиллах нь боломжгүй л зүйл шиг санагдана.

ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин энэ оны эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахдаа “Эдүгээ аль ч орны шинжлэх ухааны байгууллагуудын анхаарал тавьдаг гол зүйл бол эрдэмтдийг нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцуулах явдал юм. Хөгжингүй орнуудын төр засаг эрдэмтдийн судалгаанд үндэслэж шийдвэр гаргадаг. Эрдэмтдийн цалин хөлс, ажиллах нөхцөл бол зөвхөн шинжлэх ухааны байгууллагын үүрэг бус үйлдвэрчний эвлэлийнхний анхаарал тавьдаг асуудал юм. Энэ чиглэлд бид хамтарч ажиллах болно” хэмээн амлаж байжээ. Тэгвэл яг одоо эрхэм ерөнхийлөгч эрдэмтэддээ анхаарал хандуулж, тэднийхээ өмнөөс дуугарах цаг болжээ.

Ж.СОЛОНГО