Ойлголцож баталсан ТӨСВӨӨ ОН ГАРГААД өөрчилнө

2014 оны 11 сарын 17

  Анх өргөн барихаасаа л асуудал дагуулсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталлаа. Энэ төслийг өргөн барихад Засгийн газрын бүтэц нь өөрчлөгдөж байсан бол хэлэлцүүлгийн явцад тэргүүн нь огцорсон. Ийнхүү салбарын сайд байтугай Ерөнхий сайдгүй баталсан төсөвт санасныг бодоход ам сайтай байна. Гэхдээ одоохондоо ийн сайлж байгаа хүмүүс бол төсвийг батлагсад нь өөрсдөө. УИХ, нам, эвслийн бүлгийн болон Төсвийн байнгын хорооны дарга нар хамтарч мэдээлэл хийхдээ тун ойлголцсоноо хэлж, тодорхой дэвшилд хүрснээ онцолно лээ. Магадгүй энэ нь эрх баригчид дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах гэж юун төсөв манатай байж, МАН-ынхантай маргалдах завгүй хуралдсантай нь ч холбон ойлгож болох. Ямар сайндаа л Ардын намынхан манайхаас дэвшүүлсэн бүх санал төсөвт туссан гэж сайрхаж байх вэ. Юутай ч Засгийн газар орон нутагт төсвийн эрх мэдэл олгох нэрээр хариуцлагаас бултах гэж байна гэсэн шүүмжлэл тэгсгээд намжсан. Мөн өмнөх жилүүдэд Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслүүдийг 100 гаруй тэрбум төгрөг өөр бууруулж баталсан түүх үгүй юм билээ. Гэхдээ төсвийн орлого, зарлагын хэмжээ өнгөрсөн оныхоос тийм хол зөрүүтэй биш. Эдийн засгийн айсуй хямралыг угтаж урсгал зардлыг ийнхүү 118.8 тэрбум төгрөгөөр бууруулахаас өөр аргагүй гэж тайлбарлах нэг хэсэг байгаа ч цөөнхийн бүлгийн гишүүдийн голдуу гаргасан зардал бууруулах саналуудын ихэнх нь өм цөм, үндэслэлгүйгээр тэгшитгэн бууруулсан гэх шүүмжлэлийг хэдийнэ гаргаад байна.

Тухайлбал, МҮОНРТ-ийн зардал долоон тэрбум гаруй төгрөг байсныг даруй хоёр дахин бууруулсан нь удирдлагуудыг нь хэдийнэ хэвлэлд хандахад хүргэсэн. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд “Зардлыг 2012 оны түвшинд очтол бууруулах саналтай байсан. Гэхдээ гишүүд ингэснээр зардлыг хэт танахад хүрнэ гэсэн саналтай байсан учраас 2014 оны түвшинд аваачихаар болсон” гэж тайлбарласан юм. Нөгөө талаас төрийн албан хаагчийг 1000 орчмоор багасгахаар тооцсонтой холбоотойгоор урсгал зардал нэлээд хэмжээгээр буурч буй. Цаашид ч цомхтгол үргэлжлэх төлөвтэй. Тодруулбал, зарим байгууллагыг татан буулгах талаар хэдийнэ судалж эхэлсэн бөг өөд Цөмийн энергийн газрыг Ашигт малтмалын газартай, Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрыг, Харилцаа холбооны зохицуулах хороотой нэгтгэх талаар ярилцаж байгаа юм байна. Жил жилийн төсөв хэлэлцэх үеэр тойрогтоо саймширсан гишүүд хөрөнгө оруулалтыг үндэслэлг үйгээр нэмдэг жишиг 2015 оны төсвөөс холуур өнгөрснийг онцлох хэрэгтэй. Учир нь гишүүд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хуучнаа эхлээд дуусгахаар санал нэгдсэн юм. Тиймээс ирэх жил шинээр эхлэх хөрөнгө оруулалт тун бага ч 2008 оноос хойш “царцаасан” барилгуудаа дуусгаж чадвал чамлахааргүй олон объект ашиглалтад орох нь.

Улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655.4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхэд 195.5 тэрбум төгрөг тусган баталсан юм. Түүнчлэн Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34.3 тэрбум төгрөгөөр батлав. Энэ нь өнгөрсөн жилийнхээс таван тэрбумаар нэмэгдэж буй хэрэг. Үүнээс гадна ирэх онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас нэг их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг байхаар тогтоов.

Харин өнгөрсөн онд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг байжээ. Гэхдээ “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт тусгах, эсэх асуудлаар хууль тогтоогчид нэг мөр ойлголцолд хүрээгүй. Бас он гарангуут төсөвтөө гар хүрнэ гэдгээ мэдэгдлээ.

Б.НОМИН