Ч.САЙХАНБИЛЭГ БҮЛГИЙНХЭЭ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ЧАДАХ УУ

2014 оны 11 сарын 17

  АН-ын ҮЗХ-ны хурал товчхон, тодорхой болж өнгөрчээ. Н.Алтанхуяг намын даргын албаа өгөх өргөдөл гаргаж, З.Энхболдод тамгаа гардуулав. УИХ дахь бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Р.Амаржаргалтай зэрэгцээд Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг сойжээ. Өмнөх хуралдаанаас УИХ дахь бүлэгт Ерөнхий сайдыг тодруулах үүрэг өгөөг үй, тогтоолыг зассан гэсэн шуугиан дэгдсэн. Хоёр нэр дэвшигч тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан байна. Ингээд нууцаар санал хураахад Ч.Сайханбилэгийн нэр дурайтал гарав. Тэнд сүржигнэл, талцал байсангүй. ҮЗХ-ны хуралд 228 гишүүнээс 170 гаруй нь оролцож, олонхийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан нь энэ. Одоо УИХ гэдэг том даваа бий. АН үнэхээр талцлаа умартаж, улс орноо бодож эвээ хичээсэн юм бол УИХ асуудал биш. Гэхдээ байдал арай л өөр харагдаад байна. Ч.Сайханбилэгийг УИХ дахь бүлэг нь дэмжих үү. Зөрчил одоо л эхэлнэ.

“НАМЫН ДАРГЫН АЛБЫГ ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛААР СОЛИНО”

Намынхаа “эсэргүү” гишүүдийн тусламжтайгаар Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон Н.Алтанхуягт АН-ын даргын алба нь л үлдээд байсан. Тиймээс ч тэр “эсэргүү” нарт суудлаа тавьж өгөхгүй тэмцэж байсан юм. Гэтэл гэнэт л “Миний бие АН-ын даргаар зургаан жил ажилласны эцэст намын цаашдын эв нэгдлийн төлөө, мөн зарчим, байр суурь, үнэт зүйлдээ үнэнч үлдэхийн тулд ажлаа өглөө” хэмээн мэдэгдээд З.Энхболдод тамгаа өгчихлөө. Нөгөөх нь ч Н.Алтанхуягийг хамгийн, хамгийн сайн ажилласан Ерөнхий сайд байсныг магтав. Хэдхэн хоногийн өмнө түүнийг Ерөнхий сайдын суудлаас огцруулсан үйлдэлтэй нь нэг л авцалдахгүй үг, яриа... Тэгвэл Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр дээрх байдлаар тохиролцоо хийжээ. З.Энхболд намын даргын албанд очихын тулд л Засгийн газраар “наадсан” хэрэг болох нь. Бас өчигдөр тэр Ардчилсан хүчний холбооны тэргүүний албаа фракцынхандаа хүлээлгээд өгчихсөн. Ерөнхий сайдын албанд өөрийн хүнээ томилуулж байвал намын дарга энэ тэр ч чухал биш байж, Н.Алтанхуягт. Ч.Сайханбилэг бол “Алтангадас” фракцын хүн, мөн шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа.

Олон нийтийн зүгээс Р.Амаржаргалыг илүү дэмжиж, Ч.Сайханбилэгийн тухайд “Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн хариу ижил” гэж байсан юм. Үнэндээ Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих байсан юм бол төрийн ажлыг саатуулж, өчнөөн хоног улстөржсөний утга үгүй болмоор санагдана. Ийм явдал болсны дараа АН-ын гишүүн М.Батчимэг “Алтанхуяг энэ тохиролцоогоо Ерөнхий сайдыг огцруулахын өмнө хийсэн бол АН дотроо талцахгүй, Засгийн газар ч хохирохгүй байх байлаа” хэмээн жиргэсэн нь үнэнийг тодорхойлчихсон. Юутай ч ҮЗХ шийдвэрээ гаргажээ.

АН-ЫН 27 ТҮҮНИЙГ УНАГАХ УУ

УИХ дахь АН-ын бүлгийн 27 гишүүн фракцын зөрчлийг үл тоож, “Улс орны эдийн засгийг өөд татах чадвартай” гэсэн шалгуураар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тиймээс тэд ҮЗХ-ны хурал дээр Ч.Сайханбилэгийн эсрэг санал өгсөн гэнэ. Энэ бол эхний дохио. ҮЗХ-ны хурлын дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, АНын шинэ дарга З.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Ч.Сайханбилэгийг УИХ дахь бүлэг дэмжих үү гэсэн асуултад З.Энхболд “Бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. ҮЗХ бол намын албан ёсны дээд байгууллага” гэсэн тайлбар хийсэн. Тохиролцооны тухай тэрбээр “Олон фракц байна гэдэг нь нам эрүүл байгааг харуулах ёстой болохоос зөрчил үүсгэх ёсгүй. Фракцын дээр нам, намын дээр төр байна. Тиймээс төрийн ажлаа чухалчлах ёстой. Ардчилсан нам анх удаа фракцын биш, төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэх хүнээ дэмжлээ” гэсэн юм. Гэхдээ УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нам, Бүлэг хоёр тусдаа дүрэмтэй” гэдэг үгээ хэлээд зүтгэчихвэл байдал бишиднэ. “ҮЗХ-ны шийдвэрийг дэмжсэнгүй” гээд УИХ-ын 27 гишүүнээ хөөхгүй нь мэдээж байх. Үзэл бодлоороо санал өгсний төлөө намаас хөөдөг дүрмийн заалтыг хасаж, дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх мэт өөр арга хэмжээ авдаг болох нь зөв хэмээн шинэ дарга нь ярьсан.

Өнөөдөр болох АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ, улс төрийн бусад намтай зөвшилцөнө. Хэрэв сөрөг хүчин АН-ын бүлэгтэй нэгдэх юм бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж чадахгүй. Ингэх юм бол төрийн ажил бас л саатна. Ардчилсан намынхны талцал үргэлжилж байна. Удаан талцах тусам энэ намын нэр хүнд унана. Дор дороо яриад байгаа шигээ фракцгүйгээр, улс орноо бодож, эв эеэ хичээдэг юм бол Монгол Улсыг аль болох хурдхан Ерөнхий сайдтай болгох ёстой. Ард түмэнд энэ намын талцал, тохиролцоо биш, улс орны тогтвортой байдал л илүү чухал байна.

Ч.САЙХАНБИЛЭГ: УИХ-Д СУУДАЛТАЙ БҮХ НАМТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

АН-ын шинэ дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, ҮЗХ-ны гишүүн Ш.Түвдэндорж нараас зарим зүйл тодрууллаа.

УИХ-д Ерөнхий сайдын асуудлыг хэзээ оруулах вэ?

З.Энхболд: -Ирэх даваа гаригт (өнөөдөр) бусад намтай зөвшилцөж, Ерөнхий сайдыг сонгоход дэмжлэг авахаар ажиллана. Түүний дараа намуудтай хамтрах эсэхээ шийднэ. Тэгээд мягмар гаригт УИХ-ын чуулганаар оруулж батлуулах болов уу.

-Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн зарчмыг энэ удаа мөрдөхгүй юм уу?

Ш.Түвдэндорж: -Манай намын дүрэмд энэ талаар тусгасан заалт байхгүй. Намын дүрмээр сонгуулийн үр дүнгээр тухайн шатны намын даргыг Засаг дарга буюу Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрэв тэр хүн татгалзах юм бол өөрөө дараагийн хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй.

-АН-ын даргыг их хурлаараа батламжлах уу. Н.Алтанхуяг даргыг их хурлаас батламжлаагүй учраас үүрэг гүйцэтгэгч байсан гэсэн маргаан гардаг шүү дээ?

-Манай намын их хурлаас намыг даргыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Тэр хооронд гурван шалтгаанаар ҮЗХ-ноос намын даргыг сонгох тохиолдол байдаг. Үүний нэг нь намын дарга хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөх тохиолдол. Ийм үед ҮЗХ-ны дүрмийн дагуу шинэ даргыг сонгодог. Гэхдээ намын их хурал дээр дөрв өн жил намыг удирдах шинэ даргыг томилж, баталгаажуулна.

-Ерөнхий сайд солигдоход төрийн албан хаагчдын болон агентлагийн газрын дарга нар өөрчлөгдөх үү. Халаа, сэлгээ хэр явагдах уу?

Ч.Сайханбилэг: -Аль болох тогтвортой, Төрийн албаны хуульд нийцүүлж ажиллах болно.

-З.Энхболд даргыг “Шонхор” фракцаа төл өөлж тохироо хийсэн гэдэг хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-З.Энхболд: -Ер нь бол тийм зөрчил бидэнд байгаагүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байгаа. Фракцууд байна, гэхдээ рамандаа байх ёстой. “Шонхор” фракц миний хувьд бусадтай адилхан хэмжээнд очиж байгаа. Би албан ёсоор “Ардчилсан хүчний холбоо”- ны ерөнхийл өгчийн ажлаа өгнө. (Тэрбээр өчигдөр энэ албаа хүлээлгэж өгсөн) Хэн хэнтэй яаж тохирсон нь яриад байх сэдэв биш. Анх удаа АН фракц, намаа бодолг үйгээр төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ л гаргалаа.

-“Алтангадас” фракц Засгийн газрыг удирдаад уналаа. Одоо дахиад энэ фракцаас хүн томилохоор өөрчлөлт болох уу?

-Ч.Сайханбилэг гишүүн бол “Алтангадас” фракцын биш, АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүн. Цаашид фракц, намын эрх ашгийг хойш тавьж, улс орноо бодож ажиллана.

-Шинэ Засгийн газар байгуулахад ИЗНН, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гадна МАНтай хамтрах уу?

-Ч.Сайханбилэг: -ҮЗХ-ны хуралдаанаар Ажлын хэсэг гаргасан. УИХд суудалтай бүх намтай зөвшилцөнө.

С.ТУУЛ