НУТГАА САНАСАН МОНГОЛЧУУД УЛСАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 14

Монголын сэтгүүлчдийн эвлэл (МСЭ)-ийн төлөөл өгчид БНСУ-ын Сэтг үүлчдийн холбооны урилгаар тус улсын Сөүл, Сувон, Гуанжу хот, Чежү арлаар зочилсон юм. Дээрх гурван хотын хооронд автобусаар явсан бөгөөд замын тэмдэг, тэмдэглэгээг маш тодорхой, хэнд ч ойлгомжтой тавьсан нь авууштай санагдсан. Хурдны замынхаа гэрэл дохио, гэрэлтүүлгийг нар, салхины эрчим хүчээр шийджээ. Хэдий ийм боловч зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь хохирох явдал байсаар. Тухайлбал, биднийг тус улсад очсоны дараахан БНСУ-ын охидын нэгэн нэртэй хамтлагийнхан тоглолтоосоо буцаж Сөүл рүү явж байгаад осолд орж, нэг дуучин нь нас барсан тухай мэдээлэл телевизээр нь гарч байв. Замын хажуугаар ногоон байгууламж, мод, бут, цайны болон цагаан будааны тариалангийн талбай гээд бүгд л ногоон. Гэхдээ улирлын аясаар янз бүрийн өнгөнд хувирчээ. Хурдны замаар 40-өөд минут явж эхний газартаа очсон нь Сувон хот.

ҮЙЛДВЭР ДАГАСАН ХОТУУД

Тус улсын Сэтгүүлчдийн холбооноос төлөвлөсний дагуу тус хотод байрлах цахилгаан электроникийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан “Samsung” үйлдвэрийн хотхонд очлоо. Тус үйлдвэрийн цогцолбор газар нь Сувоны нэлээд том талбайг эзлэн барилга байгууламжаа цогцлоожээ. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, спорт амралтын цогцолбор, ногоон байгууламж гээд ёстой л нөгөө “хүний хэрэгцээ цөм багтсан” гэдгийн адилаар хэрэгцээт бүхнийг энд байгуулсан аж. Олон ч хүнийг ажлын байраар хангасан энэ корпорацад Б.Нандинболд гэдэг монгол залуу программистаар ажиллаж, Монгол хүний оюун ухааны чадавхийг олон улсад нэртэй энэ корпорацаар дамжуулан дэлхийд харуулж байгаа юм билээ. Биднийг тус компанийн гадаад харилцааны ажилтан залуу угтаж, үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, анх гаргаж байсан цахилгаан бараа, энэ оны сүүлч, ирэх оны эхээр худалдаанд гаргахаар зэхэж буй гар утасны нэрийг нь өгч амжаагүй шинэ загвараа ч танилцуулж байв. Тус корпорацын музей гэхэд анх хэрхэн цахилгаан энерги гаргаж авсан, ямар туршилт хийж байсан гээд физикийн шинжлэх ухааны нээлтүүдийг сонирхолтой байдлаар үзүүлэн таниулах салбар болгосон байв. Энэ музейгээр орсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид физикийн хичээлийнхээ тодорхой хэсгийг эндээс судалж болох юм билээ.

Дараачийн очсон үйлдвэр бол Гуанжу дахь “Хьюндай” компанийн усан онгоцных. Далайн эрэгт байрлах энэ үйлдвэрт Монголын олон ч залуу ажиллаж байсан, одоо ч ажиллаж буй. Далайн эргийн энэ хүнд үйлдвэрийн цогцолборт мөн л ажилчдынхаа амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд олон ч барилга байгууламж барьжээ. Компанийнхаа үүсгэн байгуулагч Чун Жу Юны туулсан амьдрал, анх будаа зарж бизнесээ эхэлж байсан түүхийг гэрчлэх унадаг дугуй, будааны савыг нь үзмэр болгон тавьсан байв. Тус үйлдвэр дэлхийд анх удаа шинэ технологиор ачааны том усан онгоц далайд гаргах аргыг санаачлан нэвтр үүлснээ бахархалтайгаар танилцуулсан юм.

МОНГОЛ МОРЬТНЫ ГАЙХАМШИГ

БНСУ-ын аялал жуулчлалын гол бүс нутаг Чежү аралд МСЭийн төлөөлөл гурав хоног саатсан. Жуулчдын сэтгэлийг татаж, ая тухыг хангахын тулд олон ч зүйл хийснийг манай аялал жуулчлалын баазууд ч үйл ажиллагаандаа нэвтрүүлмээр санагдав. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос гаргасан хөтөлбөрийн дагуу бид тус аралд байрлах “Hanwha aqua planet”-аар орлоо. Тэнд далайн амьтдыг үзүүлэхийн зэрэгцээ далайн гахай, хав, оцон шувууны болон оросуудын усны циркийн үзүүлбэрийг тасалбарынхаа үнэд багтаан оруулсан байдаг юм билээ. Оросын усан спортын тамирчинж үжигчид усан онгоц нь осолдож, арал дээр хаягдсан далайчныг арлын охид хэрхэн шоглож байгааг үзүүлсэн. Тус арлын хувьд БНСУ-даа хамгийн олон буюу хоёр мянган адуутай, улсынх нь адууны 70 хувь нь тэнд байдаг юм билээ. Харин чежү адууны дээд өвгийг монгол адууных гэж үздэг.

Их Монгол Улсын байлдан дагууллын үед монгол цэргүүд Чежү арал хүрч, тэнд морьдоо дайн тулаанд бэлтгэж байсныг жуулчдын хөтөч нь тайлбарлаж байв. Найман зууны дараа тэнд монгол залуус морьтны гайхамшгийг солонгосчуудад төдийг үй Чежүг зорин ирсэн гадаадын жуулчдад үзүүлэн, мэлмийг нь баясгаж байна. Гэхдээ Солонгосын хан, вангийн түүхийг жүжигчлэн үзүүлдэг юм билээ. Морин дэл дээр хийсэх монгол залуусын тоглолт жуулчдын сэтгэлийг татаж, дуу алдуулж байлаа. Монголчууд Солонгосыг зорьж, ажиллах болсон 1990-ээд оны сүүлчээр “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү тэргүүтэй хүмүүс Чежүд очин морьтны гайхамшгийг мэдрүүлснээр Монголын авьяаслаг залуус тэнд ажиллах болсон түүхтэй. Өдгөө Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар тэргүүтэй 50 гаруй монгол охид, залуус морьдоо давхиж байх үед акробат эргэж, нум сум харваж, бүжиглэж, жонглёрдож байгааг харах үнэхээр бахтай. Тэнд тоглож буй жүжигчдийн хамгийн бага нь 15 настай, ахмад нь 30 гарч яваа юм билээ.

Морьтны гайхамшгийг үзүүлж буй монгол залуус өдөрт гурван удаа 40 минутын тоглолт хийдэг бөгөөд тус улсын вангуудын амьдралын түүхээс сэдэвлэн зохиомжоо гаргадаг учраас солонгосчууд ч талархаж хүлээн авдаг гэдгийг 18 настай жүжигчин Н.Билгээ хэлэв. Тэрбээр Чежүд очоод нэг жил гурван сар болж байгаа гэнэ. Ахуй амьдрал, цалин хангамж нь хүрэлцээтэй байдаг гэдгийг жүжигчин залуус хэлсэн. Харийн улсад харлаж бус, хайрлуулж яваа жүжигчин охид, залуусаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байснаа нуух юун.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД