ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

2014 оны 11 сарын 14

  Хэдийгээр Ерөнхий сайдад нэр дэвшигч эцэслэн тодроогүй байгаа ч шинээр байгуулах Засгийн газарт улс төрийн намуудын төлөөллийг хэрхэн хадгалах талаарх зураглал хэдийнэ гараад эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын адил УИХ-д суудалтай намуудаас МАН-аас бусадтай хамтрах уу, эсвэл бүгдтэй нь үү гэсэн асуултад хариулт эрэлхийлж, таамаг дэвшүүлж байна. Гэвч АН, МАН-д хамтарч явсан түүх бий. Бас АН МАН-ыг орхиж, Засгийн газраас гарсан нь ч бодит үнэн бөгөөд саяхных. Ингээд энэ сэдвийг тойрч УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Н.Энхболд: Ярихад эрт байна

-АН МАН-ыг шинээр байгуулах Засгийн газартаа уривал хүлээж авах уу?

-Энэ бол манай намын Бага хурлаар шийдэх асуудал шүү дээ.

-Хувь гишүүний үүднээс байр суурийг тань сонирхож байна л даа. МАН Засгийн газарт орох сонголт хийх нь хэр оновчтой бол?

-Засгийн газарт орох, орохгүй талаар ярихад их эрт байна. Учир нь юуны түрүүнд Ерөнхий сайдад нэр дэвших хүн нь тодорхой биш байна. Нөгөө талаас парламентад суудалтай намуудтай зөвшилцөнө гэж байгаа юм билээ. Гэхдээ чухам юуг зөвшилцөх нь ч бас тодорхойгүй байна. Улс төрийн намуудад санал тавьж байгаа бол шинээр байгуулах Засгийн газар улс орны хэмжээнд эрх зүй, эдийн засгийн орчны хүрээнд юу юу хийх вэ гэдэг нь их тодорхой байх ёстой. Тэр нь манай намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, гишүүдийн байр суурь нийцэх үү гэдэг нь ч асуудал. Зөвхөн намын удирдлага бус бүхэлдээ намын хэмжээнд буюу Бага хурлын түвшинд эл асуудлаар байр суурь нэгдэх үү гэхчилэн тодорхой болгох зүйл олон байна. Ер нь манай намын гишүүд ч ингэж хандаж байгаа. Тэгэхээр өдийд орох, орохгүй талаар бид хариулт өгөх ёсгүй. Тэд асуудал тавиагүй байхад ямар нэг байр суурь илэрхийлэх боломж надад лав алга.

-Тэгвэл Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газраас АН гарсан тэрхүү үйл явцыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Цэвэр улс төрийн шалтгаанаар Засгийн газраас гарсан шүү дээ. Тухайн үед сонгууль ойртсон байсан. Зөвхөн намын эрх ашгийн үүднээс л тийм шийдвэр гаргасан нь харагддаг. АН-ын дарга, хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тухайн үед “Бид Засгийн газраас хөөсөн ч гарахгүй. Монгол Улсынхаа төлөө улс төрийн бүх хүчинтэй нэгдэнэ. Түүний дотор Ардын намтай хамтарч бололцоотой бүхнийг хийнэ” гэж ярьж байсан нь худлаа болсон. Зөвхөн улс төрийн зорилгоор л төр, улсын ажид оролцож явсан юм билээ. Хамтарсан Засгийн газраас ашгийг нь хүртчихээд, хариуцлага хүлээх цаг болоход улс төрийн нөгөө хүчиндээ тохчихсон. Хамтарч ажиллахдаа бас ч гэж тодорхой зүйлүүд хийж байснаа ч бүгдийг нь үгүйсгэн, муулж байгаагаас нь харахад АН төрийн эрх барих хэмжээнд хүртлээ төлөвшөөгүй, бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүсийн нэгдэл байсан нь тухайн үеийн үйл явцаас ажиглагддаг. Сүүлийн хоёр жилийн үйл явц ч үндсэндээ дээрхийг нотолж байна.

Б.Болор: Бүгд хамтарсан нь дээр

-Ардын намыг оролцуулан парламентад суудалтай бүх намын төлөөллийг Засгийн газарт оруулна гэвэл та дэмжих үү?

-Яг энэ асуудлаар Ажлын хэсэг ажиллаж байна. Улс орны хэмжээнд үүссэн гацаануудаас гарах боломж одоо мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчинд байхгүй. Гацаанаас гарахын тулд томоохон зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Энэ хүрээнд улс төрийн намууд ч зөвшилцөх байх. Ажлын хэсг үүд ярилцсаны эцэст АН-ын ҮЗХ-ноос тодорхой шийдвэр гаргах байх. Миний хувьд бүгд хамтран Засгийн газраа байгуулсан нь дээр гэж бодож байна.

-Та 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан. Гэхдээ танай нам замын дундаас МАН-ыг орхисон. Энэ явдлыг та юу гэж дүгнэдэг вэ?

-Тухайн үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө баримтлан ажилласан. Бид хийх ёстойгоо хийж дуусгасан учраас тийм шийдвэр гаргасан. 2012 оны төсөв, төлөвлөгөөгөө баталчихаад Засгийн газраас гарсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, ингээд Засгийн газарт цаашид хамтран ажиллах шаардлагаг үй гэж үзсэн хэрэг.

-Танай нам хамтарсан Засгийн газраас гарч байсан болон одоогийн нөхцөл байдлыг хэр зэрэг ялгаатай гэж харж байна вэ?

-Тэгэхээр одоо дахин ийм явдал гаргахгүйн тулд аль аль талдаа анхаарах ёстой. 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед одоогийн Ардын намын сайд нар өргөдлөө өгөөд гарч байсан шүү дээ. Дараа нь 2012 онд манай нам хамтарсан Засгийн газраас гарсан нь тэр. Үүнийг дахин давтахгүйн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тодорхой зүйл, заалтыг холбогдох хуульд нэмэх замаар урьдчилан сэргийлэх учиртай. -Ямар хуулийг яаж өөрчилнө гэж? -Европын улс орнууд ийм өөрчлөлт хийчихсэн. Тодруулбал, сонгуулийн дүнгээр улс төрийн аль нэг нам олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам нь бусадтайгаа хамтран Засгийн газраа байгуулах ёстой гэдэг байдлаар хуульд өөрчлөлт хийнэ гэсэн үг.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.151 Hkurdan songoochee Altanhkyag alban tushaalaa egchihkbel hkamag zyil ni ilrene geed bgaa um uu Hken ch garsan ene 2 jild neg ard tumnee arai tolgoigii ni deesh bolgood l egbel boloo sh dee Hkurdan hkiigeechee altangadas gedgiig ustaga