Р.АМАРЖАРГАЛЫГ “АЛТАНГАДАС”, “АЛТАНГАДАС”-ЫГ АН ШАХАЖ БАЙНА

2014 оны 11 сарын 14

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар уржигдар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Гүйцэтгэх зөвлөл 31 гишүүнтэй. Тэдний дөрөв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд шилжин ажилласан учраас улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэвч энэ хуралд төрийн өндөр албан тушаалд томилогдсон, ТЕГ-ын дарга Б.Ариунсан, ШШГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга М.Хуягбаатар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда нар суусан. Тэднийг Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан хуралд суулгасныг эх сурвалжууд мэдээлж байна. “Алтангадас”-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалыг эсэргүүцэж буй нь энэ бололтой. Тэд Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа. Н.Алтанхуяг энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд “Намын даргын хувьд, Засгийн газрыг огцруулах санал өгсөн гишүүнийг Ерөнхий сайд болгохгүй” хэмээн шулуухан мэдэгдсэн. Тэгвэл “Алтангадас”- ынхан сүүлийн өдрүүдэд Гүйцэтгэх зөвлөлийг төдийгүй намын Хяналтын ерөнхий хороог нохойд барих мод болгоход бэлэн болжээ. Р.Амаржаргалыг унагах “Алтангадас”-ын төлөвлөгөөг тус намын Хяналтын ерөнхий хорооныхон дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тус хорооны гишүүд “Ардчилсан намын дүрмээр УИХ дахь намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэггүй. Намын дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн, ҮЗХ-ны хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ” гэсэн заалт бий болохоос ийм эрх мэдэл УИХ дахь намын бүлэгт байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Өнөөдөр тус намын ҮЗХ хуралдана. УИХ дахь АН-ын бүлэг нэр дэвшигчээ танилцуулж, УИХ дахь намын бүлэг “Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийнхээ дагуу Р.Амаржаргалыг санал болгож буйгаа дуулгах ёстой. Хэрвээ энэ үеэр “Алтангадас”-ынхан хүчтэй эсэргүүцэл үзүүлбэл АН-ын УИХ дахь гишүүд Н.Алтанхуягийг АН-ын хууль ёсны дарга мөн эсэхийг хэлэлцэж магадгүй гэнэ. Тус намын дүрэм ёсоор АН-ын дарга дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. АН-ын даргын сонгууль хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сард болж, Н.Алтанхуяг томилогдсон. Түүний бүрэн эрх 2012 оны наймдугаар сард дууссан гэсэн үг. Намын дүрэм ёсоор Н.Алтанхуяг бүрэн эрхээ намын Их хурлаар баталгаажуулах ёстой байсан ч уг хурлыг хуралдуулаагүй. Тиймээс тэрбээр өнөөдрийг хүртэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байж ирсэн. Нөгөө талаар намын даргын албыг хугацаанаасаа нэг жил илүү хашихдаа мөн ҮЗХ-г хуралдуулаагүй. Намын төв аппарат тэр чигээрээ үүрэг гүйцэтгэгчид тул Н.Алтанхуягийн болон Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрүүд хүчин төгөлдөр гэж үзэхэд хэцүү гэх асуудал өрнөх нь бололтой.

Шинэ Ерөнхий сайдын томилгоо нь хувь хүнийг хувь хүнээр сольж буй хэрэг биш. Нийгэм, эдийн засгийг уналтад оруулсан улстөрчтэй хариуцлага тооцож буй явдал. Үйл явдлаас харвал Р.Амаржаргалыг “Алтангадас”-ынхан, “Алтангадас”-ыг Ардчилсан нам шахаж буй. Харин ганцаардсан “Алтангадас”-ынханд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, фракц хоорондын эрх ашиг тэнцвэртэй байх эсэх асуудал чухал биш, нам доторх байр сууриа алдахгүй байх нь чухал байгаа бололтой.

Д.ЦАЦРАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД