ТАТВАРЫНХНЫ “ДЭЭРЭМ”-ИЙГ ХЭН, ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ

2014 оны 11 сарын 14

Татварын байцаагчдын өөрсдийгөө “шагнасан” их хэмжээний мөнгө шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэх асуултаас дутахааргүйгээр олны анхаарлыг татаж эхэллээ. ТЕГ зөвхөн өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн 20 орчим байцаагчид зургаан тэрбум гаруй төгрөг олгожээ. Үүний 1.1 тэрбум төгрөг Баянзүрх дүүргийн Татварын албаны байцаагчдад очсон гэх мэдээлэл татвар төлдөг хүн бүрийн эгдүүг хүргэв. Улс орны эдийн засаг сульдан доройтож, хямралын шуурганд “уруудсан” татвар төлөгчид өөр өөрсдийн төсвөө хэмнэж байхад төрийн нэрийн өмнөөс төсвийн орлогыг цуглуулах үүрэгтэй байцаагч нар улсын төсвөөс дур зоргоороо хумсалж байгааг шударга тогтолцоо гэж нэрлэх үү. Ийм дуулиан дэгдмэгц Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “ТЕГ түүний удирдлага нь батлагдсан төсвөөс гадуур, улс болон орон нутгийн төсвийн орлогоос нэг ч төгрөгийг татварын алба, ажилтан албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгоогүй бөгөөд цаашид ч олгохгүй.

“Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн “Улайрсан татварынхан” нийтлэлд хөндөгдсөн баримтууд нь тухайн нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын бүрэн эрх мэдлийн хэмжээнд шийдсэн, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсвийг бүрдүүлэхтэй холбоотой 2006 оноос эхлэн үүссэн харилцаа болно” хэмээн мэдэгджээ. “Татварын байцаагчдын авч байгаа мөнгийг би биш тухайн орон нутгийн ИТХ, удирдлага өгсөн” гэх утгатай мэдэгдэл хийснээр Т.Батмагнай уснаас хуурай гарна хэмээн үзэж буй бололтой юм. Юутай ч татварынхан төсвийн орлогод төвлөрөх ёстой мөнгөнд гараа дүрж, өөрсдийгөө бялууртал шагнаж байгаа явдалд АТГ “Өндөр хэмжээний авлига. Байцаагчдын урамшууллыг зогсоо” гэх зөвлөмж өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч тэд энэ зөвлөмжийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн төдийгүй 2006 оноос хойш найман жилийн турш төрийн аль ч байгууллагынхны эдлэх боломжгүй онцгой эрхийг эдэлж иржээ. Хууль тогтоогч, эсхүл төрийн өндөр албан тушаалтан төрийн бодлогыг тодорхойлох явцад өөрийн болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн нийтийн өмч, бусад нөөц баялгийг хуваарилах үйл ажиллагааг өндөр түвшний авлигад тооцдог. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төрийн нэрийн өмнөөс татвар цуглуулах онцгой эрхээ хувийн ашиг сонирхолдоо нийцүүлсэн татварынхны даварсан ажиллагааг зогсоох албан тушаалтан нэг ч гарч ирээгүй гэж үү.

ТЕГ-ыг 2006 оноос хойш Л.Зориг, Б.Баттөмөр, Ц.Оюунбаатар нар удирдаж байв. Эрхэм дарга нарыг энэ суудалд тухлах хугацаанд байцаагч нарынх нь урамшуулал долоон оронтой тооноос хэдийнэ хальж, “Байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагнал нь түүний сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй” байна хэмээн заасан Татварын ерөнхий хууль нь гууль болсныг мэдэлгүй явсаар албан тушаалаа өгсөн хэрэг үү. Т.Батмагнай 2012 оны сүүлчээр ТЕГ-ын даргаар томилогдсон. Тэрбум төгрөгийн урамшуулал авсан байцаагчид 2013 оны улсын төсвөөс халаасаа зузаалсан. Харин хэрэг саяхан илчлэгдлээ. Тэгэхээр албан тушаал, эрх мэдлээ ашиглан, их хэмжээний мөнгө босгож амжих ийм хөрс ТЕГ-т бүрэлдээд зургаан жил болсныг тэрбээр саяхныг хүртэл мэдээгүй явсан гэвэл худал болно. Түүнийг албан тушаалаа хашиж байх явцад улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн. “Улсын төсвийн орлого тасалдаж, Засгийн газар амь тариа хийх маягаар төсвөө аргацаах болов. Хөрөнгө оруулалт саарч, хот хөдөөд олон бүтээн байгуулалт царцаж эхэллээ.

Төсвийн орлогыг бүрдүүлэх талаар анхаар” гэх сануулга ТЕГын даргад хамгийн түрүүнд ирсэн байж таарна. Угтаа бол “Шинэчилж шийдье” гэх уриатай Засгийн газраас томилолт өвөрлөж ирсэн ТЕГын дарга ийм цаг үед төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2006 оноос хэрэгжсэн урамшууллын тогтолцоо, ТЕГ-т мөрдөгддөг Үр дүнгийн гэрээ, биелэлтийн урамшуулал гэгчийг хянаж, орж ирсэн хэдийгээ төсвийн орлогод шилжүүлж байх ёстой. Гэвч тэрбээр цугларсан мөнгийг төсөвт шингээх биш, эсрэгээр байцаагч нартайгаа хуваан халаасалж байсан болж таарав. Үүнээс харвал нийгэм, эдийн засгийн хямрал, түүнийг даван туулахаар бүсээ чангалсан татвар төлөгчдийн шаналан улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь “дээрэмдэж” буй татварынханд хамаагүй аж. Энэ бол албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хумсалж буй зөвхөн нэг жишээ. Гэвч шийдвэр гаргагчид нь төсвийн халаас руу илүү харсан шалтгаанаа ИТХ, Засаг дарга болон ТЕГ-ын даргын гаргасан тусгай дүрэм журамтай холбон тайлбарлах юм.

Үнэн хэрэгтээ албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг сонирхлоо дотоод дүрэм журамд шингээх замаар мөнгө олдог гаж тогтолцоо аль ч салбарын яам, агентлагт бий болоод цөөнгүй жилийн нүүр үзэж байгаа. Наанаас нь харвал салбарынх нь онцлогт тохирсон юм шиг, цааш нь харвал эрх мэдлээ ашиглах зэвсэг болсон гэж нэрлэмээр дотоод дүрэм, журмыг мөрдөгдөж буй хуулиудад нийцүүлэхээр ажил хийсэн түүх бараг байхгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан авлига, хээл хахууль, албан тушаалтнууд байгууллагын дотоод дүрэм журмыг барьж гэмт хэрэг үйлддэгийг албаны эх сурвалжууд дурдсан байх нь бий. Энэ дүрэм, журам хувийн ашиг сонирхол өндөртэй албан тушаалтнуудыг даврааж, татвар төлөгчдийн мөнгө буруу тийшээ урсах шалтгаан болсоор байгаа. Энэ мэт салбарын яам, агентлагийн дотоод дүрэм, журмыг хуульд нийцүүлэх, цаашлаад ТЕГ-ыг тойрон өрнөж буй дуулианд цэг тавьж, татварын байцаагч нарын дээрмийг зогсоох, улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг хэн, хэзээ хийх вэ?

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.33.239 TSalingiin 20%
59.85.204.228 Цалингаасаа илүү урамшуулал гэдэг ч арай л юм байна. Арай ч ийм гэж бодсонгүй шүү.
150.129.142.101 Татварийн байцаагчид заавал торгууль татвар ноогдуулах гээд дарамтлаад байдаг нь ийм учиртай байж мэдэхээр юм